ЭЕШ-ын бүртгэл даваа гарагт дуусна
2016-04-23

Хоёрдугаар сарын 15-нд Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчын бүртгэл орон даяар эхэлсэн. Энэхүү бүртгэл дөрөвдүгээр сарын 25-нд буюу ирэх даваа гарагийн 18.00 цагт дуусах юм.  Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн.

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журамд өөрчлөлт оруулж, шалгалтын хариултын хуудасны загварыг шинэчилжээ. ЭЕШ-ын засалтад олон улсад ашиглагдаж буй сүүлийн үеийн засагч машиныг энэ жилээс хэрэглэж эхлэх аж. Үүнтэй холбогдуулан шалгалтын хариултын хуудсыг бөглөхдөө балын харандаагаар бөглөхийг Боловсролын үнэлгээний төвөөс сануулж байна. Хариултын хуудасны загварыг www.eec.mn цахим хаягнаас татаж авч дадлага хийх боломжтой аж.

Хоёр жилийн өмнөөс Засгийн газрын тогтоолоор ЕБС төгсөгч болон их дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, түвшинг тогтоох, сайжруулах зорилгоор элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх болсон. Иймд монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыг нэмж оруулахаар болжээ.

ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг бол батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй байх аж. Шалгуулагч шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд хандана.

Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

Бүртгэлийн хуудас /ЕБС-ийн төгсөгч ба шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид аймаг/дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх/
Суудлын хуваарь
Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг

   Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин