“Хараагүй хүмүүст ч байгалийн нар хэрэгтэй”
2016-06-10

 

Хараагүй хүмүүст нартай, наргүй ч ялгаагүй гэж та бодож байна уу. Үгүй дээ. Тэд ч бас хүн. Монгол Улсын иргэд учир Үндсэн хуулиар олгосон бүх эрхээ эдэлнэ. Харин ч илүүг эдлэх эрхтэй хүмүүс, тэд юм. Монгол Улс хараагүй төдийгүй нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстээ анхаарал тавьж чаддаггүй, зөв бодлого хэрэгжүүлж тэднийгээ нийгэмшүүлэх асуудал олон жил яригдаж ирсэн. Ийм үед харааны бэрхшээлтэй хүмүүс орон байртай болох таатай мэдээг өнгөрсөн онд цацаж, улсын төсвөөс дөрвөн тэрбум төгрөгөөр 90 айлын орон сууц барихаар болсон юм. Ийнхүү цөөхөн нь ч гэсэн орох оромжтой болох боломжтой байрны суурийг тавих үеэс өөр нэгэн асуудал дэгджээ.

 

90 айлын орон сууцыг Монголын хараагүйчүүдийн холбооны дэргэдэх хараагүйчүүдийн байрны зүүн талд барихаар суурийг нь тавьжээ. Хараагүйчүүдийн гэгддэг 48 дугаар байр шинэ байр хоёрын хоорондох зай, талбай маш ойрхон байгаагаас байгалийн нар, салхи үзэх боломжгүй боллоо хэмээн оршин суугчид нь эсэргүүцэх болжээ.

 

Хараагүй иргэдийн 90 айлын орон сууцыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас захиалж “Хар-Үжин” компани гүйцэтгэж байна. Өнгөрсөн жил барилгын ажил эхэлсэн бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох аж. Өчигдөр тус барилга дээр очиход барилгын ажил хоёрдугаар давхар хүртлээ үргэлжилж байв. Дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай барилга гэнэ.

 

48 дугаар байрны оршин суугч Д.Отгонбаяр “Манай байр Монголын хараагүйчүүдийн үйлдвэрийн ажилчдын байр нэртэй 1986 онд ашиглалтад орсон. Өдгөө 30 жилийн насыг үдэж байна. Энэ байранд хараагүйчүүдийн үйлдвэрийн ажилчид амьдарч байсан. Одоо ч амьдарч байгаа. 48 айлын орон сууц гэж баригдсан ч одоо 60 гаруй айл амьдардаг. Тэдний тэн хагас буюу 40 гаруй айл нь зүүн тийшээ буюу наран талдаа цонхтой. Тэдний дунд харааны бэрхшээлтэй хүн айл өрх олон байгаа. Гэтэл яг тэр хэсэгт маш ойрхон зайтай Баянголын Засаг даргын Тамгын газрын захиалгаар орон сууцны барилгын ажил эхэлсэн. Үүнээс болж маш олон сөрөг үр дагавар оршин суугчдад гарч байна. Зүүн тал руу цонхтой 40 айл нар салхи үзэхгүйгээс гадна байраа худалдаалах, зах зээлийн эргэлтэд оруулах ямар ч боломжгүй боллоо. Хараагүй иргэд ч гэсэн байгалийн нар, салхи үзэх эрхтэй. Оршин суугчид эсэргүүцэж дуу хоолойгоо нэгтгэсэн ч тэднийг дарамталж байна. Хараагүйчүүдийн үйлдвэрт байрны иргэдийн 60-70 хувь нь ажилладаг. Тэд байгалийн нар, салхи үзэх боломжгүй гэдгээ илэрхийлж эсэргүүцэж гарын үсэг зурснаас болж ажилгүй болох эрсдэлтэй болоод байна. Ийм шийдвэрийг цуцлах ёстой. Э.Бат-Үүл дарга үүнийг анхааралдаа авч цуцалж өгөхийг хүсч байна” гэв.

 

Мөн зүүн талдаа цонхтой оршин суугч Б.Алтанцэцэг “Манайх нялх хүүхэдтэй. Энэ хоёр барилгын хоорондох зай талбайн стандарт алдагдсанаас цонхон дээр барилгын ажил хийж байна. Үүнээс болж нялх хүүхэд унтаж амрах ямар ч боломжгүй маш хүнд байна. Манайд үдийн 12:00 цаг өнгөртөл нарны гэрэл тусдаг байсан. Одоо бол байгалийн нар, салхи ч үзэх боломжгүй болох нь” гэлээ.

 

Нар, салхи үзэх боломжгүй боллоо хэмээн бухимдсан иргэд 90 айлын хувь заяаг шийдэхийн тулд 40 айлыг хохироох ямар шаардлага байна аа гэцгээж байв. Тэдний дунд харааны бэрхшээлтэй айл өрх тал хувь нь байгааг ч тэд хэлж байлаа. Үнэндээ хараагүй хүн ч нар үзэх эрхтэй. Тэд зөвхөн нар, салхи үзэх боломжгүй болоод зогсохгүй хүүхэд тоглох, хөгшид нарлах талбайгаа булаалгасан гэж байв. 90 айлын орон сууцны барилгын суурин дээр хүүхдийн тоглоомын талбай байжээ. Тэд одоо бол хүүхдүүд нь тоглох газаргүй боллоо хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм. “Нийслэлд санхүүжилтгүйгээс болж хөрөнгө нь царцсан өчнөөн барилга байгаа. Тэдгээрийг санхүүжүүлээд хараагүй иргэдийг оруулбал харин ч хөрөнгө мөнгө бага тусна” гэх нэгэн ч байв.

 

Дөрвөн давхар барилгын дэргэд есөн давхар барилга барьчихвал яалт ч үгүй нар, салхи хаахаар байгаа зургаас харагдаж байна. Нэг ч болов хараагүй иргэн орон сууцтай болох таатай хэрэг. Гагцхүү өөр нэгэн хараагүй иргэний эрхийг зөрчиж байгалийн нар, салхи үзэх боломжийг хааж байгаад бодох л асуудал. Зөвхөн хараагүй ч бай энгийн олон иргэн тус байранд амьдардаг. Тэд л энэ асуудлыг хөн­дөж холбогдох байгуул­лагуудаар явж гомдол хү­сэл­тээ гаргаж байгаа аж.

 

Хараагүй иргэдийн 90 айлын орон сууц барих тухай анх Хараагүй иргэдийн ажилладаг үйлд­вэрийнхэн хөөцөл­дөж эхэлжээ. Нэг үгээр тэд энэ байрны захиа­лагч гэсэн үг. 48 дугаар байрны оршин суугчдын гомдолд ямар байр суурьтай байгааг тодруулахаар үйлдвэрийн захирал Болдсайхантай холбогдсон юм. Тэрээр “Энэ байрыг бариулахаар 2008 оноос хойш хөөцөлдөж эхэлсэн. Хө­рөнгө оруулалт шийдэг­дэхгүй байсаар 2015 он хүрсэн. Өнгөрсөн онд улсын төсвөөс хөрөнгө оруулалт нь шийдэгдэж барилгын ажил эхэлсэн. Барилгын зөвшөөрөл, зураг бүх зүйл ном журмын дагуу явагдсан. Зай талбайг нь ч мэргэжлийн байгууллагууд хийсэн. 48 дугаар байранд одоогоор 50 гаруй айл амьдардаг. Тэдний 38 нь ажилтны орон сууц барихыг дэмжсэн. Харин 15 нь эсэргүүцсэн. Тэгээд ч энэ байтугай зай талбай байхгүй орон сууцны барилга хот даяар олон бий. Тэднийг нураавал би нураахад бэлэн байна. Яахаараа бизнесийн, ашиг олох зорилготой хүмүүст хууль үйлчилдэггүй, хараагүй хэдэн хүнд үйл­чил­дэг юм. Ямартаа ч би энэ барилгыг заа­вал бариулна. Тус бай­ранд харааны бэрх­шээл­тэй хүмүүс амьдарна” гэлээ.

 

Б.ЗАЯА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин