Байнгын хороодын дарга нарыг сонголоо
2016-07-22

 

УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар батлагдсан хууль,  тогтоолын эцсийн найруулгыг сонсож, Байнгын хороодын дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэв.  Байнгын хороодын дүгнэлтийн дараагаар гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:


-МАН үнэмлэхүй олонхи болсон. Төр барьж байсан хүчний хувьд хуулийг дээдлэх байх гэж бодсон. Гэтэл батлагдаагүй хүн дээр зөвшилцөл хийгээд явж байх юм. Байнгын хорооны даргыг дэд хороотой хамт шийдэж болоогүй юм уу. МАН-ын бүлэг төрийг удирдаад байна уу, төрийн хууль бүрийг удирдаад байна уу.  Хууль ёсчилсноороо хүчин төгөлдөр болно. Нэг л өдөр ҮХЦ дээр очно шүү. Дураараа авирлахгүй байгаасай гэж хүсч байна. Хуулийг хэрэгжүүлэхэд тууштай хамтран ажиллаарай.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:


-УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллагын бүтцийг хийж байна. Дээдэх нь суудлаа олж байж доодох нь гүйдлээ олдог. Байнгын хорооны дарга ямар байхаас УИХ-ын үйл ажиллагаа хамаардаг. Урьд урьдын үйл ажиллагааг харж байхад зарим байнгын хорооны дарга Засгийн газрын мэдэлд байсан. Энэ алдааг УИХ давтаж болохгүй. МАН-ын нөхөд өмнөх УИХ-ийн хийж байсан алдааг давтах гээд байна.  Алдааг засах гэж ард түмэн сонгосныг анхаараарай. Өмнөх УИХ-ын гишүүд дур зоргоороо бусдын кноп дардаг, хууль бусаар бусдын эрхийг булааж авдаг байсан. Энэ муухай үйлдлийг таслан зогсоогоорой. УИХ-ын хариуцлагын асуудлыг чангатгаарай. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон эрхмийг шууд УИХ-аас татаарай. Цөөнх хяналтын үүрэг гүйцэтгэдэг. Тийм учраас Хяналтын, Хүний эрхийн, Ёсзүйн дэд хороогоо цөөнхдөө өгөөрэй.  Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдож байгаа Н.Энхболд туршлагатай улстөрч. Гэхдээ төрийн албыг битгий бусниулаарай хэмээв. Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар:

  •     Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Н.Энхболд,
  •     Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ж.Энхбаяр,
  •     Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Л.Энх-Амгалан,
  •     Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Хүрэлбаатар,
  •     Эдийн засгийн байнгын хорооны даргаар Д.Тэрбишдагва,
  •     Хуульзүйн байнгын хорооны даргаар Ш.Раднаасэд,
  •     Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Ц.Гарамжав,
  •     Өргөдлийн байнгын хорооны даргаар Д.Сарангэрэл нарыг тус  тус сонгон батлав.

 

Ийнхүү үдээс өмнө чуулганы хуралдаан өндөрлөлөө.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Балт:
БАТЗАНДААН ..ИНГЭЖ ДУУГАРВАЛЧ ЧАМАЙГАА ГЭНЭ ШҮҮ ХӨ ..
2016-07-22
хандаа:
Bolj bn MAH mandtugai
2016-07-22
????????:
Энэ хүмүүс чинь харин сайд болсон бол Мэргэжлийн засгийн газар гэдэгт дөхөж очих байсан юм биш үү????? МАН сайд, байнгын хорооны дарга хоёроо андуураад шийдчихэв үү!!!!!
2016-07-22