Талбай дээр ном 20-50 хувиар хямдарчээ
2016-09-16

Гэрэл зургийг MPA.MN

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногт  “Номын баярын өдөр”-ийг  тэмдэглэсээр ирсэн билээ. Хорь дахь удаагийн   “Ulaanbaatar book fair” олон улсын номын баяр “Сүхбаатарын талбай” дээр болж байна.

 

Эдлэл хэрэглэл, ургац ногоо, өмсөж зүүх хувцасны танилцуулга үзэсгэлэн худалдаа бишгүй л зохиогддог. Харин жилдээ  хавар, намартаа  л хоёрхон удаа болдог номын баярыг хүүхэд, залуучууд ихэд хүлээдэг болоо  юу гэлтэй тэнд олон хүн цуглажээ. Улсын ирээдүйг бүтээлцэх хүүхдүүд ном уншиж байгаа нь хичнээн сайн хэрэг билээ дээ.

 

Энэ удаагийн номын баярт зохиогч, орчуулагч болон хэвлэлийн 126 орчим аж ахуй нэгж оролцож байна. Хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдаалж байв. Тухайлбал, “Мир ном” ХХК бүх номоо 10-50 хувийн хямдралтай үнээр худалдаалж байна. Сюзан Коллинсын “Өлсгөлөн тулаан” номыг 17 мянган төгрөгөөр худалдаалдаг бол энэ өдөр 13 мянган төгрөг болгон хямдруулжээ. Түүнчлэн “Али Баба ба дөчин дээрэмчин”, “Аладдины шидэт дэнлүү” зэрэг хүүхдийн ном 22 мянгаас 30 хувь хямдран 15 мянга 400 төгрөгөөр, “Алиса гайхамшгийн оронд” ном 35 мянгаас 30 хувь хямдарч 24.500 төгрөгөөр борлуулагдаж байна.

 

ЕБС-ийн сурах бичгүүд болон сонгомол зохиол, хүүхэд залуусын нэвтэрхий толь болон гадаад хэлний толь бичиг борлуулж буй асарт хүүхэд, залуус олноор цугларч харагдана. Нийслэлийн 106 дугаар сургуулийн дөрвийн А ангийн сурагчид багшийгаа даган бүгдээрээ энд иржээ. Дор бүрнээ л ном сонирхон шуугилдаж зогссон багачууд дундаас Б.Дөлгөөн охинтой ярилцвал “Бид нар анх удаа номын баярт ирлээ. Үзэж байгаа хичээлтэй холбоотой, хэрэг болох ном л сонирхож байна. Би монгол хэл, математикийн хичээлдээ дуртай. Их гоё бодлогын номууд байна” хэмээв.

 

 

Харин Б.Мишээл охин “Ер нь бол одооны номнууд их зураг ихтэй унших юм багатай байх шиг надад санагддаг. Тийм болохоор би зураг багатай, сэтгэхүй хөгжүүлэх номонд дуртай. Тийм л ном хайж ирлээ” хэмээн хэвлүүхэн яриа өрнүүллээ.

 

“Монсудар” хэвлэлийн газар номоо дэлгүүрт зарагддаг үнээс 20-50 хувиар хямдруулжээ. Энэ талаар тус газрын түүхч, редактор С.Ууганбаяр  “Монголчууд” цуврал маань 50 мянгаас 40 мянга болж хямдарлаа. Мөн гадаад хэлний болон монгол хэлний тайлбар тольнууд 20-30 хувь, багцаараа 40 хувь болж хямдарсан. Монгол хэлний “Утга соёл” цуврал багцаараа 310 мянгаас 185 мянга болж 40 хувиар үнэ нь буураад байна. Залуус түүхэн цуврал ном их сонирхож байх шиг байна. Бас яриаг нь сонсоод байхад хүүхдийн ном, “Монгол хэлний тайлбар толь” зэрэг номыг сонирхож байна шүү” хэмээв. “Монсудар”, “Интерном” зэрэг компанийн асар үйлчлүүлэгч олонтой байлаа.

 

Харин орчуулагч Ж. Нэргүйн асар цөөн хүнтэй харагдав. Өвгөн орчуулагч “Сергей Есениний сонгомол шүлгүүд”, “Хүн, араатан, бурхад”  зэрэг хуучин цагт орчуулсан олон сайхан номоо өөрийн найзтайгаа хамтран борлуулж сууна. Тэрбээр 20 дахь удаагаа энэ баярт оролцож байгаа тухайгаа өгүүллээ. “Төв талбай дээр номын цагаан энерги тэр чигтээ буугаад сайхан байдаг юм. Жилдээ хоёр удаа л болдог энэ баярт би алгасахгүй оролцдог. Манай монголчууд

үнэхээр уншигч ард түмэн болжээ. Үүнд нь би баярлаж байна. Маргааш үдээш хойш болонгуут 30 мянгын номоо 10 мянгаар ч зарж магадгүй” хэмээн ярив

 

“Интерном” дэлгүүрээр дамжуулан номоо худалдаалахад 26 хувийн хөлс төлдөг. Мөн татварын тухай хуулиар миний олсон орлого бүхнээс дүүргийн татварын газраас 10 хувийн шимтгэл авна. Нийтдээ бараг 40 хувийн шимтгэл өгдөг. Тийм учраас би өнөөдөр номын дэлгүүрт номоо заруулахын тулд төлдөг хөлсөө хасаад номоо зарж байна. Тэгээд хэн миний номыг сонирхоод бүр нэг хорхой нь гозолзоод байв ч мөнгө нь хүрэхгүй халаасаа тэмтэрч байгаа нэгэнд нь хангалттай хямдруулж байна” хэмээн учирлаж сууна.

 

Ийнхүү олон улсын номын баяр соёлын олон талт арга хэмжээгээр энэ өдрийн 20.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Маргааш мөн 10.00-20.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд баярын арга хэмжээ үргэлжилнэ.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин