Риогийн олимп Ч.Ганбатын дуранд
2016-10-10

Гэрэл зургийг MPA.mn

 

Спортын гэрэл зурагчин Ч.Ганбатын “Риогийн олимп миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн Blue Moon арт галерейд нээлтээ хийлээ.

 

Бразилийн Рио Де Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмыг сурвалжилсан Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганбат өөрийн буулгасан 64 бүтээлээ үзэсгэлэнд дэлгэжээ.

 

Тэрбээр "Рио-2016" наадмын 64 онцгой агшинг танилцуулахыг зорьсон аж. Тус үзэсгэлэнд Олимпийн мөнгө, хүрэл медаль хүртсэн Д.Сумъяа, Д.Отгондалай нарын медалийн хүртсэн агшин болон МУГТ Г.Мандахнарангийн барилдааны торгон мөч зэрэг  онцгой агшныг харуулсан бүтээл дэлгэгджээ.

 

Мөн зөвхөн Монгол тамирчдын бус, сагсан бөмбөг, хөнгөн атлетик, усанд сэлэлт, дугуй зэрэг олимпийн наадмын зарим төрлийн торгон агшныг гэрэл зурагт буулгаснаа дэлгэн үзүүлжээ.

 

Ч.Ганбат нь 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажилласан аж. Энэ хугацаанд:

 

  • “Хонконг 2009” Зүүн Азийн наадам,

 

  • “Токио 2010” Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,

 

  •  “Гуанжоу-2010” Азийн зуны спортын XVI наадам,

 

  • “Парис-2011” Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,

 

  •  “Тяньжин-2013” Зүүн Азийн наадам,

 

  • “Инчён-2014” Азийн зуны спортын XVII наадам

 

  • Лондон, Сочи, Рио-гийн олимпийг сурвалжилжээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин