Геологи, хайгуулын салбарынхан чуулахад бэлэн болжээ
2017-03-20

"Монголын геологи, хайгуул" чуулга уулзалт энэ сарын 23-26-ны өдрүүдэд Корпорейт Конвеншн төвд болно. Энэ талаар УУХҮЯ-ны Геологийн газрын ахлах мэргэжилтэн, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны гүйцэтгэх захирал М.Очирбат нарын албаныхан мэдээлэл хийлээ. 

 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Ес дэх удаагаа зохион байгуулагдах энэхүү чуулга уулзалтыг Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо санаачлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, МУИС, ШУТИС, Ашигт малтмал газрын тосны газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. 

 

Энэ удаагийн чуулга уулзалтаар Мэргэжлийн Засгийн газрын бодлогын талаар мэдээлэл өгч, Алт-II хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулах юм байна. Мөн геологийн салбарын хууль эрхзүйн орчин, хөрөнгө оруулалт, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдлын талаар танилцуулах юм байна. 

 

“Монголын Геологи, Хайгуул 2017” чуулга уулзалтын хүрээнд:

 

·       Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг

·     Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт

·         “Хайгуулчин”сэтгүүл

·         Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн

·         Зураглалын шилдэг баг шалгаруулах

·         Хайгуулын шилдэг баг шалгаруулах

·        Оюутны эрдэм шинжилгээний бага хурал

·        “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн

·         “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис”үзэсгэлэн

·        Мэргэшүүлэх сургалт

·         “Цэцээ гүн”спорт, гео-аяллыг зохион байгуулна.

 

Үүнээс гадна эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй байгууллагын 1000 гаруй төлөөлөгчдөд томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах аж. 

 

Энэ сарын 23, 24-нд үндсэн уулзалтууд явагдаж, салбар хуралдаанууд явагдана. Харин дараагийн өдрүүдэд "Эрэл хайгуулын геохимийн судалгааны аргууд", "Нүүрсний давхаргын метан хий", "Эрэл хайгуулын геофизикийн судалгааны аргууд" сэдвүүдийн хүрээнд ШУТИС дээр сургалт зохион байгуулагдана. Сургалтыг Монгол, Япон, Австрали, Канадын зөвлөх инженерүүд удирдан явуулах юм байна. 

 

"Монголын геологи, хайгуул" чуулга уулзалт "Эх дэлхийгээ хайрлая" уриан дор Цэцээ гүн рүү явган аялал хийснээр өндөрлөнө гэдгийг зохион байгуулагчид хэлэв. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин