Залуус малчны хотонд ажиллахаар боллоо
2017-10-10

Хөдөөд 10 мянган ажлын байр бий болгож, Монгол Улсыг хямралаас гаргахад хувь нэмэр оруулах боломж байгаа талаар малчид саяхан уриалга гаргаж байсан. Тухайлбал Төв аймгийн Эрдэнэсант сумын мянгат малчин Д.Гомбо-Очир “Хотод ажилгүй байгаа залуус мал маллая гээд биднийг зориод ирвэл бид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс багагүй цалин өгье” гэж байлаа.

 

Тэгвэл эхний ээлжийн залуус малчны хотод ажиллахад бэлэн болжээ. Мал маллахаар яваж буй Залуусын сэтгэгдлийг сонслоо.

 

 

А.Тэнгис: Хотынхон хөдөөний соёлд хэрхэн нэвтэрч байгааг үзүүлнэ

 

-Би АНУ-д бизнесийн удирдлага, МУИС-ийг улс төр судлаачаар төгссөн. Миний хувьд өмнө нь мал маллаж байгаагүй хотын унаган хүүхэд. Өнөөдөр хөдөөний болон хотынх гэж талцуулдаг ойлголт нийгэмд газар авсан. Тухайлбал, хөдөөнийхөн “орк” хотын соёлд нэвтрээгүй гэдэг ч юм уу. Тэгвэл малчин болсноор хотынхон хэрхэн хөдөөний соёлд нэвтэрч байгааг бичлэгээр та бүхэнд үзүүлэх болно. Бид бол нэг л Монголчууд. Мэдээж олон бэрхшээлтэй тулгарах байх. Бид хамтдаа 1500 бог мал дээр гарна. Жилийн хугацаанд 700 гаруй төл авна гэж найдаж байна. Намайг ийнхүү малчин болоход миний өвөг дээдэс, уламжлалт ухаанаа сонирхон судалдаг байдал нөлөөлсөн байх. Өөртөө хатуу зорилго тавьсан.

 

Х.БилгүүнМалчин болохыг хүсдэг байлаа

 

-Өнөөдөр ямар нэгэн ажилд ороход танил тал, авлига өгдөг болсон. Миний хувьд олон улсын дээд сургуулийг гадаад харилцааны мэргэжлээр төгссөн. Төгсөөд хувийн хэвшлийн болон улсын салбарт ажиллаж үзсэн. Тухайлбал, “Мон Тулга” компани, Сүхбаатар дүүргийн Тамгын газарт ажиллаж байлаа. Хамгийн сүүлд хувиараа бизнес эрхэлсэн. Багадаа эмээ, өвөөгөө дагаж хөдөө явж байсан. Малчны амьдралын сайхныг мэднэ. Малчин болохыг хүсдэг байлаа. Гэвч тохироо бүрдэж өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Харин одоо цаг нь ирлээ. Эхний ээлжинд нэг жилийн хугацаатай гэрээ хийсэн байгаа. Цаашид гэрээгээ сунгаж ажиллана гэж бодож байна. Өчигдөр явах бэлтгэлээ хангаж хувцас гэх мэт зүйлсээ авсан.

 

Ажил олгогчид буюу малчид ажилчдаа хоол хүнс, гэрээр хангаад  сарын 500 мянган төгрөгийн цалин өгөх юм байна. Хэрэв малчин гэрээгээ цуцлахыг хүсвэл зуны улиралд л боломжтой гэнэ. Одоогийн байдлаар 10 гаруй малчид туслах малчин авна гэсэн зар өгөөд байгаа гэнэ.

 

Р.Дулам

 

Shuud.mn
Сонин хачин
Амжилт хүсье:
Энэ залууст амжилт хүсье, малчны амьдрал амаргүй, битгий шантраарай, олон мянган жил Монгол орныг нүүдэлч малчин монголчууд л тэжээж авч явж ирсэн, одоо ч тийм байна, хойшид ч тийм байна. Хотынхон гэж өөрсдийгөө нэрлэдэг хөдөө очоод хөгөө чирэгчид энэ залуусаас суралцаарай
2017-10-10