Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатарт байгуулна
2018-06-19

Зүүн хойд Азийн хотын дарга нарын уулзалт Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш үргэлжилж өнөөдөр /2018.06.19/ өндөрлөж байна. Хотын дарга нарын форумын үр дүнгийн талаар Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Зүүн хойд Азийн хотын дарга нарын гурав дахь удаагийн форумд Азийн бүс нутгийн 6 орны 18 хотын 300 гаруй төлөөлөгч оролцсон. Хотын дарга нар “Нүүрс төрөгч багатай хотуудын хөгжил”, Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвээр санал солилцов.

 

Нийслэлийн Засаг дарга С.Батболд ““Нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийг бий болгох чиглэлээр хотуудын баримталж буй бодлого, тулгарч буй бэрхшээлүүд”, “Нүүрстөрөгч багатай хотуудын технологийн шийдлүүд ба сайн туршлагууд” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Энэхүү форум анх 2014 онд зохион байгуулагдсан. Энэ жил гурав дахь удаагаа манай Улсад зохион байгуулагдаж байна. Бид бүхэн форумын үйл ажиллагааг байнгын болгохыг зорилоо. Тиймээс хотуудын нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод байгуулж, хотуудын ногоон хөгжил, нүүрстөрөгч багатай хотууд, байгаль орчныг хамгаалах чиглэлээр байнгын мэдээлэл солилцож ажиллахаар шийдсэн. Мөн энэ форумыг дөрвөн жилд нэг удаа  Улаанбаатар хотод зохион байгуулж байхаар боллоо. Учир нь Улаанбаатар санаачлагч хот. 2020 онд зохиогдох Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг Сөүл хот зохион байгуулахаар болж, шилжин явах тугаа авлаа. Форумын үр дүнд агаар, орчны бохирдлыг бууруулахад бусад хотууд хэрхэн ажиллаж, арга хэмжээ авч байгаад туршлага судаллаа” гэв.

 

Улаанбаатар хотноо Зүүн Хойд Азийн хотын дарга нарын чуулганд Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны орлогч дарга  Жан Чин, БНСУ-ын Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Юн Жун Бён, ОХУ-ын Улаан-Үд хотын дарга Александр М.Голков, БНАСАУ-ын Солонгос-Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Юү Жү Ёон, Япон улсын Токио хотын Байгаль орчны газрын Уур амьсгалын өөрчлөлт ба эрчим хүчний хэлтсийн дарга Хигашикава Наобүм нарын 300 гаруй төлөөлөгч оролцлоо.

 

Дэлхийн ногоон сангийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан С.Оюун сонгогджээ. Ингэснээр энэхүү сангаас Улаанбаатар хотод ногоон төсөл хэрэгжүүлэхэд  хөрөнгө оруулалт хийх том боломж бүрдсэн гэж үзэж байгаа ажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин