Цагаачдыг хил давуулах гэж оролдсон украинчуудад 180 жилийн ял оноов
2018-07-24

Грекийн шүүх хууль бус дүрвэгсдийг хил давуулсан хэмээн Украины хоёр иргэнийг буруутгаж, 180 жилийн хорих ялаар шийтгэсэн талаар “www.unian.info” сайт мэдээллээ.  Серхи Швэйук, Петро Литвинчук нар энэ сарын 20-нд усан онгоцондоо 63 цагаачийг тээвэрлэн явахдаа Грекийн эргийн хамгаалагчдад баригдсан байна.

 

 

Шүүхээс тэднийг “Европын холбооны гишүүн орны хилийг хууль бусаар нэвтэрч, олон хүний амь насыг эрсдэлд оруулсан” хэмээн буруутгажээ.

 

Цагаачдыг тээвэрлэн явж байсан усан онгоцонд ямар ч аврах хантааз болон яаралтай тусламжийн хэрэгсэл байхгүй байсан гэнэ. Мөн ял сонсоод буй эрчүүд усан онгоц жолоодох эрхгүй байсан нь тогтоогджээ.  “Хууль бус цагаачдад 10-15 жилийн ял оноож магадгүй. Учир нь тэд ямар ч бичиг баримтгүй хууль бус цагаачид” хэмээн өмгөөлөгч Захария Кесес мэдэгдлээ.

 

Швэйук, Литвинчук нарын гэр бүл “Тэд Туркт байхдаа хууран мэхлэгдэж, дээрх хэрэгт оролцсон” хэмээв.

 

Петро Литвинчукийн ээж “Миний хүүд  усан онгоцны ахмадын туслахаар ажиллах санал ирсэн. Тэрбээр уг саналыг хүлээн авч дээрх онгоц дээр очсон. Гэвч хүүгийнхээ хамтаар заналхийлэлд өртөж, улмаар цагаачдыг тээвэрлэхээс өөр сонголтгүй болсон. Тэд баривчлагдах хүртлээ ямар хэрэг хийснээ мэдээгүй” хэмээн ярьжээ.

 

Украины Гадаад хэргийн яам “Грект Украины 150 гаруй иргэн ял эдэлж байна” гэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин