Николас Мадурог төрөөс буулгах Европ төлөвлөгөө
2019-01-28

Европын холбооны удирдлагууд Венеусэлийн Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлжээ. Энэ талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

 

Венесуэлийн парламент буюу Үндэсний Ассемблейн дарга Хуан Гуайдо өнгөрөгч долоо хоногт өөрийгөө тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж гэж зарласан билээ. Тэрбээр шударга бусаар сонгогдсон Ерөнхийлөгч Николас Мадурог нэн даруй огцрохыг шаардаж, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зохион байгуулах төлөвлөгөөтэй буйгаа дуулгалаа.

 

Мадуро түүнийг “АНУ-ын заавраар төрийн эргэлт хийхийг санаархаж, улс орныг нь аюултай байдалд орууллаа” гэж буруутгажээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өдгөө 36 настай Гуайдог Венеусэлийн албан ёсны Ерөнхийлөгч гэж зарлав. Уг мэдэгдлийн дараахан Мадуро АНУ-аас дипломат харилцаагаа тасалж, өгөгдсөн 72 цагийн хугацаанд АНУ-ын Элчин сайдыг улсыг нь орхин гарахыг шаардсан юм.

 

Вашингтон дээрх саналыг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлээд “Шийдвэр гаргах эрх Мадурод байхгүй. Тиймээс Элчин сайдаа эргүүлэн татахгүй” гэх сүржин мэдэгдлийн дараа Венеусэлийн тал АНУ-ын Элчин сайдын яамыг хүчээр хаасан байна.

 

Хоёр удирдагч, хоёр замаар алхаж буй Венеусэлийн хувь заяа ТОДОРХОЙГҮЙ байна. Олон улсын байгууллагууд “Венеусэлд бий болоод буй улс төрийн тогтворгүй байдал гэмгүй иргэдийг галын шугамаар алхуулж байна” хэмээжээ.

 

Мадурог нэн даруй эрх мэдлээ шилжүүлэн өгөхийг АНУ-аас гадна Өмнөд Америкийн Бразил, Колумби, Перу, Аргентин, Эквадор, Парагвай улс шаардаж байна. Тэд Хуан Гуайдог Венеусэлийн албан ёсны Ерөнхийлөгч гэж зарлажээ.

 

Хэсэг хугацаанд байдлыг ажигласан ХӨГШИН ЕВРОП өчигдөр анх удаагаа ам нээлээ. Европын орны удирдагчид цус урсгахгүйгээр Ерөнхийлөгчийн сэнтийгээс буухыг Мадурод сануулав.

 

Венеусэлийн асуудлаас НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл шуурхай хуралдаан зохион байгуулсан аж. Тус зөвлөлийн байнгын гишүүн Франц, Их Британи, Герман, Испани болон Европын бусад орны удирдагчид Мадурод найман өдрийн хугацаа олгожээ. “Уг хугацаанд Венеусэлд сонгууль зохион байгуулж, ард түмний хүсэл сонирхолд нийцсэн тэргүүнтэй болох учиртай” гэж мэдэгдлээ.

 

Аюулгүй зөвлөл  дээрх шаардлагаа Каракас руу илгээж, Мадурог эсэргүүцэл үзүүлэхгүй байхыг тулган шаарджээ.

 

Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаз “Николас Мадуро хууль ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, энэхүү албыг хашиж байна. Ямар ч улс Венеусэлийн дотоод хэрэгт хошуу дүрэх учиргүй. Тиймээс дахин сонгууль явуулах талаар дарамт шахалт үзүүлэх учиргүй” гэв.

 

28 гишүүнтэй Европын Холбооны нэрийн өмнөөс Их Британийн Гадаад хэргийн сайд Алан Дункан “Венесуэлийн ард түмнийг бүрэн төлөөлөх Засгийн газар тус улсад хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Австри, Грек, Португалийн эрх баригчид Хуан Гуайдог Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөх бодолгүй буйгаа илэрхийллээ.

 

Грекийн эрх баригч “Сириза” намын ерөнхий нарийн бичгийн дарга Панос Скоурлетис “AFP” агентлагт “Николас Мадуро бол Венеусэлийн хууль ёсны Ерөнхийлөгч” гэж мэдэгдэв.

 

Европын удирдагчид хүчээ далайлган Мадурог гарцаагүй байдалд оруулахаар санаархаж буй юм. Мадурогийн дэглэмийг хамгаалахаар ОХУ, БНХАУ, Сири,  Мексик, Турк болон Ираны удирдагчид нэгдэж байна.

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “АНУ-ын эрх баригчид Венеусэлийн дотоод асуудалд оролцож, үймээн самууныг өдөөн турхирах хэрэггүй. Венеусэлийг шахан гадуурхах, хүч түрэмгийлэх бодлого явуулахыг хараад суухгүй Хуан Гуайдог дэмжих нь олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн явдал. Энэ бүх зөрчилдөөн олон хүн амиа алдах тамын хаалгыг нээж магадгүй” гэж мэдэгджээ.

 

“Трамп, Мадурог хууль бусаар сонгогдсон гэдэг. Тэгвэл Трампыг ч мөн ОХУ-ын Засгийн газрын хакеруудын тусламжтай Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэж сөрөг хүчин Ардчилсан нам үздэг. Трамп ч бусдын тусламжаар сонгуульд ялалт байгуулсан гэдгээ нэг бус удаа хүлээн зөвшөөрсөн” гэж “CNN” агентлаг мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Оросууд Венесуэлийн нефтийг зах зээлээс гаргаж өөрийн нефтийн үнээ овоо хэсэг барилаа одоо нефтийн үнэ буунаа гэж.....
2019-01-29
Путинг:
ОХУ сүүлийн 15 жилд Венесуэлд 17 тэрбум долларын хөрөнгө оруулсан гэсэн
2019-01-28
sootond oruulsan tiim eronhiilogch hend heregtei ard tumen husehgui putin husez baigaa ymuu aldartai zevgeen ogohgui yu
2019-01-28
Путинг:
ОХУ сүүлийн 15 жилд Венесуэлд 17 тэрбум долларын хөрөнгө оруулсан гэсэн