Трампын рейтингийн талаар ам нээсэн ажилтнууд халагдана 
2019-06-17

 

Америкийн төрийн тэргүүний рейтинг бага байгаа талаарх дотоод мэдээллийг задруулсан, олон нийтийн санаа бодлыг судлах мэргэжилтнүүдийг сонгуулийн өмнөх штабаас халахаар болсон тухай NBC мэдээллээ.

 
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ онд сонгуулийн өмнөх штаб олон нийтэд зарлах зорилгогүйгээр цуглуулсан мэдээллийг гуравдугаар сард The New York Times сонин, ABC, NBC телевизийн сувгууд болон бусад хэвлэл мэдээллийнхэн нийтэлсэн юм. Энэ мэдээлэлд дурдснаар Трамп нэр хүндээрээ АНУ-ын 11 мужид, ирэх сонгуульд нэрээ дэвшүүлсэн дэд ерөнхийлөгч асан Жо Байдены дараа бичигджээ. 


Тодруулбал, ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэдэг хэд хэдэн мужид Байден Трампаас 10-15 хувиар өндөр рейтингтэй байгаа гэнэ. 


Энэ мэдээллийг нууцлахыг хүссэн ч нийтэд цацагдсны дараа Трампын сонгуулийн өмнөх штабынхан “рейтингийн талаарх мэдээлэл хуучирсан” гэж мэдэгдсэн бол Дональд Трамп үүнийг “алдаатай мэдээлэл” хэмээсэн байна. 


Энд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх сонгууль 2020 оны 11 дүгээр сарын гуравны өдөр болно.  Энэ сонгуульд өнөөгийн ерөнхийлөгч Дональд Трампаас гадна АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан, Обамагийн захиргаанд ажиллаж байсан Жо Байден өрсөлдөнө гэж албан ёсоор мэдэгдээд байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин