Япон: Энх тайвныг хамгаалахыг Путин, Трамп нарт уриаллаа 
2019-08-06

Өнөөдөр Япон улс цөмийн бөмбөгдөлтийн золиос болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн, эргэн дурсаж байна. 


Одоогоос 74 жилийн тэртээ Японы Хирошима хот дээр АНУ 13-18 килотонны хүчин чадалтай “Жаалхүү” гэгдэх цөмийн бөмбөг хаясны улмаас 140 мянган хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Үүнээс гурав хоногийн дараа америкчууд Нагасаки хот дээр цөмийн бөмбөг хаясны улмаас 74 мянган хүн амиа алдсан бөгөөд энэ нь байлдааны цөмийн зэвсэг ашигласан түүхэн дэх цорын ганц тохиолдол байсан юм.  


Өнөөдөр буюу наймдугаар сарын зургаанд орон нутгийн цагаар 08:00 цагт Хирошима хотын Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд дурсгалыг хүндэтгэх ёслолын арга хэмжээ эхлэсэн байна. Улмаар 8:15 цагт буюу хотод бөмбөг дэлбэрсэн цагт цугласан олон дуугаа хураан хүндэтгэл үзүүлжээ. 


Ёслолын арга хэмжээнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Хирошима хотын дарга Казуми Мау, 90 орны дипломатууд болон Японы засгийн газрын төлөөлөгчид оролцсон байна. 


Хотын дарга Мацуи цөмийн бөмбөгдөлтийн аймшгийг мэдэрсэн цорын ганц орон болох Японы нэрийн өмнөөс мэдэгдэл хийн, ийм эмгэнэлт явдал хэзээ ч дахин давтагдах ёсгүй хэмээн цохон тэмдэглэжээ. 


Мөн Цөмийн болон устөрөгчийн зэвсгийн хохирогчдыг нэгтгэх байгууллагуудын бүх Японы холбооны Хирошима хотыг төлөөлсөн захирал Тосиюки Мимаки аймшигт явдал дахин хэзээ ч гарахгүй байхыг хүссэн мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “хибакуся” буюу цөмийн бөмбөгдөлтийг даван гарсан хүмүүсийн нэг аж. Эмгэнэлт явдал гарах үед тэрбээр гурван настай байсан бөгөөд Хирошима хотын ойролцоо амьдардаг байжээ. 


Тосиюки Мимаки цугласан олны өмнө үг хэлэхдээ Оросын Ерөнхийлөгч Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарыг цөмийн дайралтын золиос болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх музейг үзэхийг уриалсан байна.

 

“Орос, Америк гэсэн дэлхийн хоёр том гүрэн энх тайван, дэлхий ертөнцийг хамгаалах ёстой. Тэд бусдыг манлайлан, дэлхий ертөнцийг аюул заналаас хамгаалах ёстой ” хэмээн тэрбээр мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Kirai:
Bombogduulj bhda taarsan yumnuud.
2019-08-06