Хонгконг: Кэрри Лам залуустай хямралаас гарах гарцын талаар хэлэлцжээ 
2019-08-27

 

Хонгконгийн захиргааны тэргүүн Кэрри Лам даваа гаригт залуусын төлөөлөлтэй хаалттай уулзан, хотод үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулах арга замуудын талаар хэлэлцсэн гэж South China Morning Post сонин мэдээллээ. 


Энэ сонины эх сурвалжуудын мэдээлснээр хэлэлцээрт улс төрийн хөдөлгөөнүүдтэй үл хамааралтай, 30 хүртэлх насны залуус оролцсон байна. Уулзалтыг БНХАУ-ын Төв засгийн газрын хэрэг эрхлэх газраас санаачилжээ. 


Энэ уулзалтаас долоо хоногийн өмнө Кэрри Лам дотоод улс төрийн хямралаас гарах арга зам хайх зорилгоор хүн амын бүхий л давхаргатай хэлэлцэх тавцан бий болгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан юм. 


Мөн үүнээс өмнө, долоодугаар сард Хонгконгийн захиргааны тэргүүн оюутны эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн тэргүүнүүдтэй уулзах санал тавьсан ч оюутнууд татгалзаж байв. 


Эргэн сануулахад, БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэх тухай хуулийн төслийг Хонгконг хэлэлцэхээр төлөвлөснийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцэл хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж байна. Олон нийтийн шахалтаар Кэрри Лам хуулийн төслийг хэлэлцэхгүй гэж мэдэгдсэн ч энэ нь засгийн газрын эсрэг эсэргүүцлийн давалгааг зогсоогоогүй юм. 

 

Видео: Эсэргүүцэл үргэлжилж,

хонгконгчууд 40 км урт гинжин хэлхээ үүсгэжээ 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин