ХАЛХ ГОЛ-оор аялсан ТЭМДЭГЛЭЛ
2019-09-19

 

Өмнөх: 1. Танака багш

              2. Пан Монголизм  ЭНД-ээс

              3. Хоёр хил

              4. Хохирогч нь хэн бэ?  ЭНД-ээс

              5. Баргын ЭМГЭНЭЛ  ЭНД-ээс 

              6. Буриад Монголын зовлон   ЭНД-ээс тус тус уншаарай.

 

 7. Халх голын дайн ЯПОН-ы хувьд

 

 

Өмнөх тэмдэглэлүүддээ монголчуудын хувьд Халх голын дайн чухам юу байсан тухай монгол хүний өнцгөөс бичсэн. Сүүлийн дугаарт би япон хүний хувьд Халх голын дайн юу байсан талаар  бодлоо хуваалцъя гэж бодлоо.

 

Япон хүнтэй уулзсан монгол хүн, жишээ нь жуулчдад үйлчилсэн хөтөч-орчуулагч япон хүмүүс Халх голын дайны талаар огт мэдэхгүй байхыг хараад үнэхээр гайхан цочирддог. Зайсан толгойд гараад ”Энэ хэсэгт байгаа цэргүүдтэй хэсэг бол Халх голын дайныг дүрсэлсэн” гэж тайлбарлахад японы хүний  “...Халх гол оо?  Гэнгийн  дайралт уу?“ гэх зэргээр асуухад арай л тоомжиргүй хариултанд сэтгэлээр унадаг. Гэн гэж японоор хэлдэг нь 13 дугаар зууны  Юань гүрнийг хэлж буй. Юань гүрэн 2 удаа Японыг дайрсан, тийм л  эртний явдал.

 

Япончууд Халх голын дайныг мэддэггүй хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, дайны нэршил. “Номун ханы хэрэг явдал” гэсэн нэрээр Японы сурах бичигт орсон байдаг. Нөгөөх нь, япон хүмүүс гадаад улс оронтой хийсэн дайн гэхээр “дэлхийн хоёрдугаар дайн”, “Номхон далайн дайн”  хоёр л толгойд нь орж ирнэ.

 

Нэрний хувьд, Монгол, Зөвлөлтийн тал хил гэж үзэж байсан Номун ханы бүрд овоо гэх газрын нэрний эхний хэсгийг авч хэвшчээ. Тэгээд “хэрэг явдал” гэж их жижигрүүлэн үзсэн. “Дайн” , “хэрэг явдал” гэсэн хоёр үгний даац өөр юм. Хэдэн арван мянган хүнээ хоёр талаас алдсан учир  “дайн“ гэж нэрлэх нь зүйтэй. Учрыг доор тайлбарлая.

 

 

Одоо бичих зүйл Зөвлөлт, Монголын судлаачдын байр сууринаас тэс өөр. Тэд буруу ойлголттой байсан. Тэд Халх голын дайн бол Япон том стратегийнхаа хүрээнд, Манж Го, Монгол, Төв Азийг довтлон эзэлж, цаашлан Европ хүртэл явах төлөвлөгөөтэй.  Тиймээс “ маш чухал”, “стратегийн” дайн байсан гэж үзэж ирсэн. Гэвч бодит байдал дээр тийм байгаагүй. Номун ханы хэрэг явдал нь Манжуурт байсан Квантуны арми Японы Засгийн газар, төв жанжин штабын зөвшөөрөлгүй дураараа дургисан явдал байсан юм. Албан ёсны тушаалгүй, тухайн газар оронд болж буй хилийн тулаан байсан гэж үзэж байсан. Энэ нь Японд хэн дайн зарлах эрхтэй вэ гэдэг асуудлыг хөнддөг, тэр үед хэн ч дайн эхлүүлэх шийдвэр гаргаагүй байдаг тул Японд одоо ч “хэрэг явдал“ гэж бичдэг, ярьдаг. Квантуны армийн хэсэг бүлэг дарга нар ”Байлдвал ялна”, “Ялсаны дараа дээш рапорт өгвөл хүлээн зөвшөөрөгдөнө” , тэр байтугай ”магтаал сайшаал хүртэнэ” гэсэн зоргоор бодлоор эхлүүлсэн дайн юм. Үр дүнд нь Япон бут ялагдсан. Өнөөх амиа хоохойлсон дарга нар “дайнд ялагдсан” хариуцлагаас зугтаах гэсэндээ, “хэрэг явдал” гэж дээш мэдэгдэж, “хилийн орчимд жаахан будлиан боллоо” гэх мэтээр Япон луу мэдээ өгч байсан.  Үүнийг уншаад монголчууд гайхан тийм жудаггүй муу япон хүн байсан гэж үү хэмээн уурлах хүн гарах байх, харамсалтай нь бодит байдал дээр тийм байсан. Японд “Номун ханы хэрэг явдал”-тай холбоотой ном нилээд гарсан. Голлох агуулга нь “Хариуцлагагүй дарга нараас болж олон хүн амиа дэмий алдсан” гэсэн утгыг л түгээх гэсэн ном олонх нь,  “Удирдах албан тушаалтнуудын эрх, үүргийг тодорхой бус байлгасны тод жишээ нь Номун ханы хэрэг явдал” гэх зэргээр хүмүүс мэддэг болсон. Тэгэхээр түүхийн ном гэхээсээ илүү, байгууллагын удирдлага ямар байх вэ, бас түүний муу жишээг харуулах гэсэн ном олон.

 

Ийм зүйлсийг дунд, ахлах сургуулийн сурагчид олж мэдэхгүй, жирийн хүмүүс тэгэхээр Номун ханы хэрэг явдал бол дэлхийн хоёрдугаар дайны өмнө болсон жижиг хэрэг гэж бодохоос аргагүй.

 

Би менежмэнтийн зөвлөх учраас, зөв байгууллага, түүний удирдагчийн тухай бодох, зөвлөх нь миний ажил. Тиймээс, надтай ажилладаг хүмүүс Номун ханыг мэдэх нь мэднэ, тэгэхдээ, муу байгууллага, муу удирдлагын тухай, түүний жишээ төдийхнөөр төсөөлөлтэй. Дайн гэхээсээ илүү, Японы цэргийнхний алдаа дутагдал, дарга нарынх нь ялзрал доройтлын жишээ төдийгөөр хэсэг хүмүүсийн дунд алдартай.

 

Хоёрдугаарт, япончуудын хувьд гадаад улс оронтой хийсэн дайн гэхээр дэлхийн хоёрдугаар дайн л толгойд нь орж ирнэ. Гвадал канал арлын тулаан( өмнөд номхон далайн арал), Бирмад явуулсан ажиллагаа, Филппиний Лэйтийн булангийн тулалдаан гэх мэт гадаад дахь дайны явцыг хүмүүс санаж байхаас гадна ,бас  тэмдэглэл, архивын материалууд ч бий . Япончуудын хувьд Номун ханы хэрэг явдал бол эдгээр дайнуудаас өөр гэж боддог. Монголчуудын хувьд орчин үеийн дайн байсан бол, япон хүмүүс нэрийг нь мэдэхгүй дайн болчихоод байгаа нь ийм шалтгаануудтай.

 

 

Төгсгөлд нь, зарим монгол хүмүүсийн дунд бас нэг андуурал байдаг. “Манай Монгол Улс гадаадтай дайн хийж байгаагүй ээ”  эсвэл ”бидний анхны бөгөөд сүүлийн дайн бол Халх голын дайн байсан“ гэх хүмүүстэй тааралддаг. Энэ нь андуурал. Халх голын дайн бол анхны дайн байсан гэдэг нь үнэн. Хоёр дахь удаагаа бол Японд дайн зарласан юм.

 

Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ, Япон хоёр улс төвийг сахих хэлэлцээртэй байсан тул Зөвлөлт Японд довтлон ирээгүй. 1945 оныг  8 дугаар сард Япон бараг үнсэн товрог болж, ялагдлаа зарлах өдрөө тооцоолж байв. 8 дугаар сард дараах үйл явдалууд болсон. Үүнд:

 

8 дугаар сарын 6: Америк Хирошимад атомын бөмбөг хаяж, 140 мянган хүн амь үрэгдэв.

 

8 дугаар сарын 9: Америк Нагасакид атомын бөмбөг хаяв. 80 мянган хүн алагдсан.

 

8 дугаар сарын 9: Зөвлөлт Японтой байгуулсан төвийг сахих хэлэлцээрээ цуцалж, Японы эсрэг дайн зарлав.

 

8 дугаар сарын 10:  Монгол Японы эсрэг дайнд оролцохоо зарлав.

 

8 дугаар сарын 15: Япон Потсдамын тунхагийг хүлээн авч, ялагдлаа зөвшөөрөв.

 

8 дугаар сарын 15: Америк тэргүүтэй холбоотны цэргүүд дайнаа зогсоосон боловч, зөвхөн ЗХУ л түүнээс хойш ч олзонд авах, булаалт дээрмээ хийсээр, Японы 4 арлыг эзлэн түрэмгийлэв.

 

Монгол Улс Зөвлөлтийн зааврын дагуу дайнд оролцсон учраас , “шагналд” нь олзны японуудыг авч, Сүхбаатарын талбайд байх Дуурийн театр зэргийг тэднээр бариулсан . Япон, Монгол хоёр хамгийн сүүлд дайтсан нь Халхын голд биш дэлхийн хоёрдугаар дайн юм.  Япончууд  энэ талаар бараг мэддэггүй.

Тазаки Масами

Shuud.mn
Сонин хачин