Хонконгийн эрх баригчид жагсаалд оролцогчдыг өршөөх боломжийг судалж байна
2019-11-05

Эсэргүүцлийн ажиллагаанд оролцоод баривчлагдсан хүмүүсийг шүүхээр хэрэг нь хэлэлцэгдсний дараа өршөөл үзүүлэх боломжийн талаар Хонконгийн захиргаа судалж байгаа талаар Regnum агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, баривчлагдсан хүмүүсийг шүүхээр оруулж, хэргийг нь дангаар хянан үзсний дараа өршөөл үзүүлж болох эсэхийг судалж байгаа гэнэ.

 

Эмх замбараагүй байдалд оролцогчдыг шүүхээр оруулалгүй суллах шаардлагыг жагсагчдын зүгээс удаа дараа тавьсан. Үүний хариуд Хонконгийн захиргааны тэргүүн Кэрри Лам энэ нь хуулиас дээгүүр үйл явдал болох тул боломжгүй гэж мэдэгдэж байсан юм.

 

Гэхдээ Хонконгийн Үндсэн хуулийн 48 дугаар зүйлд орон нутгийн гүйцэтгэх захиргаа нь хууль зөрчсний төлөө шүүхээр ял шийтгүүлсэн этгээдийг өршөөх эсвэл ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж заасан байдаг аж. 

 

Энд дуулгахад, анхлан эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэн эхлэсэн Хонконгийн олон нийтийн эсэргүүцлийн давалгаа эмх замбараагүй байдалд шилжин, улмаар үймээний үеэр баривчлагдсан сурагч, оюутнуудыг суллахыг жагсагчид шаардах болсон. Энэ нь жагсагчдын зүгээс тавьж буй таван шаардлагын нэг нь бөгөөд  эсэргүүцэл дагуулсан хуулийн төслийг эргүүлэн татах шаардлагыг Хонконгийн эрх баригчид хэдийнэ биелүүлсэн юм. 

 

Хонконг: Жагсагчид Хятадын мэдээллийн агентлагийн байрыг түйвээж, метро галджээ

 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин