Эрх баригчид сонгуулийн тойргийг зураглах ч сонголт сонгогчдын мэдлийнх
2020-01-30

 

2020 оны УИХ-ын сонгууулийн цаг хугацааны хуваарь ч хуулийн дагуу эхэллээ. Өнөө маргаашийн дотор парламент УИХ-ын сонгуулийн санал авах тов, тойрог, мандат хуваарилалтыг алх тогшин батлах үлдээд  байгаа. Учир нь төслөө байнгын хороодоор хэлэлцүүлсэн.   УИХ-ын сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-ны лхагва гарагт явуулахаар товлоод байгаа. УИХ-ын сонгуулийг олон мандаттай тойргоор  явуулахаар хуульчилсан. Энэ дагуу мандатын тойрог, мандатын хуваарилалтыг хийж, төслөө батлахад бэлэн болоод байна.

 

Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, УИХ-ын сонгуулийн 29 тойрог байгуулна. Ингэхдээ Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог болгох, бусад аймгууд тус бүр нэг тойрог байх, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн нэг тойрог, Баянзүрх дүүргийн зарим хороодыг нэгтгэн хоёр тойрог, мөн Сонгинохайрхан дүүргийн зарим хороодыг нэгтгэн хоёр тойрог байгуулах, харин Баянгол, Сүрбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүд тус бүрдээ нэг тойрог байхаар тусгажээ.

 

Харин сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны хувьд Булган, Говь-Алтай, Дундговь-Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар аймаг тус бүр 2 мандаттай, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр 3 мандаттай байх аж. Нийслэлийн дүүргүүдийн тухайд Багахангай-Багануур-Налайх дүүрэг 2 мандаттай, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг тус бүр 3 мандаттай байх бол Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр 5 мандаттай, хороодоос бүрдсэн хоёр тойрог /нэг тойрог нь 2, нөгөө тойрог нь 3 мандат бүхий/-той байх юм байна. Ингэхдээ 28 мандаттай байсан нийслэлийн тойрогоос дөрвийг хассан.  “Хүн амын 46 хувь нь амьдардаг нийслэл хотод 35 мандат ногдох ёстой. Тиймээс нийслэлийн 28 мандатын тоог нэмэхгүй юм гэхэд бууруулахгүйгээр шийдэх ёстой. УИХ-ын гишүүн газар нутгийг төлөөлдөггүй, иргэдийг төлөөлдөг. Тиймээс хүн амын хаа тоог харгалзан мандат хуваарилах нь зүйд нийцнэ. Шулуухан хэлэхэд МАН-ынхан нийслэлийн сонгогчдоос айж байна. Нийслэлийн сонгогчид мэдээлэлд ойр, аливаа хэрэг явдлын бодит байдлыг дүгнэж чаддаг учраас эрх баригчид аймагт тойрог шилжүүлж, орон нутгийн иргэдийг хууран мэхлэх замаар санал авна гэж тооцоолж байна”  гэж АН-ын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийлж байсан. Сөрөг хүчин үүнийг эсэргүүцсээр байгаа ч үнэмлэхүй олонх эрх баригчид нэгэнтээ тойрог мандтаа энэ зураглалаараа батална. Ер нь аль ч парламентын үед эрх баригчид өөрсдөдөө зориулж сонгуулийн тойрог, мандатыг хуваарилдаг. Ингэхдээ “Сонгогчдынхоо эрх сонголт хийх эрх ашгийг, улсынхаа хөгжлийг бодолцож” гэх жижүүрийн үгийг уриа лоозонгоо болгон эхлүүлж, бодит байдал дээр өөрсдийн амин хувийн эрх ашгийн төлөө тойргийн зураглалыг зурсаар ирсэн. Улстөрд эх орон ард түмэн бус эрх ашиг нэн тэргүүн эрэмбэлэгддэгийг үүгээр бататгадаг.  


Өнөөдрийн эрх баригчдын тухайд орон нутаг гол анхаарлаа төвлөрүүлж, хараагаа бэлчээж байна. Энэ нь ч аргагүй юм. Эрх баригчид дотроо бүлэглэл, фракцаараа хуваагдаж, намдаа хамгийн хүчтэйд тооцдогддог нийслэлийн фракцтайгаа намын дарга нь тангараг тэрсэлдсээр ирсэн. Сонгуулиар нийслэлийн тойргийн сонгуулийн дүн гол нөлөө үзүүлдэг. Гэхдээ ирэх сонгуулиар  МАН-ын рейтинг нийслэлд муу байгааг тооцоолж, орон нутагт мандат шилжүүлэх арга хэрэглэх гэж ажиглагчид үзэж байна.

 

Хэдийгээр сонгуулийн тойрог, мандатын зураглалыг эрх баригчид  зурж баталдаг ч сонголтыг сонгогчид хийдэг. Улс төрйин хүчнүүд нэр дэвшсэн горилогчдодоо найдвар тавихаас бус зураглан баталсан тойрог, мандатаас хамаарахгүй. Учир нь сонголтыг сонгогчид л хийнэ.

 

Дөрвөн жилийн өмнө эрх баригчид сөрөг хүчин байхдаа мөн л АН-ыг "сонгуулийн тойргийг жалга довоор нь тойруулан өөрсдөдөө ашигтайгаар зурлаа" гэж шүүмжилж байсан. Үнэндээ ч одоогийн сөрөг хүчин тухайн үед тойргийг өөрсдийнхөөрөө зурж, баталсан нь ч үнэн. Гэхдээ судалгаа хийж, өөрсдөд ашигтайгаараа яаж ч зурагласан сонголтыг сонгогчид л хийдэг гэдгийг өнөөдрийн парламент харуулж байгаа. Хамгийн сүүлийн жишээгээр тэр жил  АН сонгуулийн тойрог зурагласан ч МАН үнэмлэхүй олонхиор дөрвөн жил төр барилаа. Тиймээс эрх баригчид нийслэлд намын рейтэнг муу байгаа гээд дөлсхийж, орон нутаг руу мандатын тоог илүүрхэн баталлаа гэхэд орон нутгийнхан хэнд саналаа өгөхийг сонгогчдын мэдлийнх.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ унэн шуу дээ хэнийг сонгохыг ард тумэн мэднэ шуу ардын нам ходооноос гарна гэж байхгуй шуу 2020 онд сонгуулийн шинэ сонголт хийнэ ялангуяа хулгайч нарыг болон 2 оос дээш сонгогдож юучхийдэггуйноходоос салах хэрэгтэй шуу дээ
2020-01-30