COVID-19: ОХУ-ын 350 эмнэлгийн ажилтан ажилдаа явахаас татгалзжээ
2020-05-05

 

ОХУ-ын Калининград хотын 350 эмнэлгийн ажилтан COVID-19 вирусийн цар тахалтай тэмцэх үед ажилдаа явахаас татгалзсан талаар РИА Новости мэдээллээ. 

 

Мужийн Эрүүл мэндийн сайд Александр Кравченкогийн өгүүлснээр 100 эмч, 250 дунд мэргэжлийн ажилтан ажилдаа явахаас татгалзсан гэнэ. Тэд бүгд өөрсдийн гэсэн шалтгаантай тул шүүмжлэх эрхгүй хэмээн сайд мэдэгджээ. 

 

Түүний онцолсноор, эмнэлгийн байгууллагуудын удирдлагууд 65-аас дээш насны эмнэлгийн ажилтнуудыг ажилд нь явуулах ёсгүй байсан ч ахмад эмч, сувилагчид ажлаа хийсээр байсан гэнэ. Мөн цар тахал дэгдэхээс өмнө ч энэ муж эмнэлгийн ажилтан хүрэлцээгүй байсан аж. Харин цар тахал дэгдсэний дараа эмнэлгийн байгууллага бүрт COVID-19 вирусийн халдвар авсан эмч нар бүртгэгджээ.

 

Энд дуулгахад, Орост цар тахлын үеэр олон эмч  вирусийн улмаас амиа алдсан байна. Оросын эмч нар амиа алдсан эмнэлгийн ажилтнуудын дурсгалыг хүндэтгэх "Дурсгалын жагсаалт" гаргасан бөгөөд энэ жагсаалтад тавдугаар сарын тавны өдрийн байдлаар 101 эмч, эмнэлгийн ажилтны нэр багтжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин