Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, 426 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа
2020-07-23

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.23/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 15 сая 101 мянган  хүн халдвар авч,  622 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 202 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

 

Манай улсад  ажиглалтаас 52 хүн гарч  гэрийн ажиглалт руу шилжсэн бол 23 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт 2958 хүн байна.  Тухайлбал, 1-5 насны 227 хүүхэд, 123 жирэмсэн эмэгтэй,  архаг хууч өвчтэй 333 хүн байгаа.  Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй.119 дугаарын утсанд 147 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд  дөрвөн дуудлага ирсэн.

 

АНУ-д 63000 гаруй шинэ тохиолдол, 1047 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 67800 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тус улсын  нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 2 сая 227 мянга гаруй болжээ.  БНЭУ-д 37700 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Тус улсын нийт батлагдсан тохиолдол нэг сая 192 мянга гаруйд хүрлээ. БНСУ-д 59 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Япон улсад 795 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.  БНХАУ-д 22 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнээс 19 нь дотоодын халдвар байгаа. 

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори,  Дархан-Уул аймгийн лабораторид нийт  426 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. 

 

Эдгээр  шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 21-нд Токио -Улаанбаатар чиглэлийн нислэгээр  ирсэн 260 хүний  давтан шинжилгээ,  долдугаар сарын 21-нд Австралиас  ирсэн 48 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 14 хүний шинжилгээ,  ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан найман хүний давтан шинжилгээ,  ажиглах байранд тусгаарлагдаж байсан 60 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 34 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ,  Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан хоёр хүний давтан шинжилгээ  байна. 

 

Сайн мэдээ нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэн нь 34 настай, эмэгтэй 15 хоног эмчлэгдээд гарлаа. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 287 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 214 боллоо. Харин эмчилгээнд 73 хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 63 хүн хөнгөн, 10 хүн хүндэвтэр байна. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Одоо энэ бөөнөөрөө зогсож сүржин мэдээлэл хийдгээ болиод ЭМЯ-ны хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах асуудлыг эрхэлдэг газраас нь албан ёсны мэдээлэлээ өгвөл болоо биш үү. Сүүлдээ бүр ярих юмаа олж ядаад, авгай хүүхний хов шиг юм болох нээ. Ичмээр, бүдүүлэг, санагдах юм.
2020-07-23