Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, 903 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа
2020-07-25

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.25/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 15 сая 633 мянган  хүн халдвар авч,  639 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 284 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

 

Манай улсад  ажиглалтаас 72 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол  18 хүн шинээр ажиглалтад  орлоо. Ажиглалтад нийт 2616 хүн байна.

 

АНУ-д 72200 гаруй шинэ тохиолдол, 1113 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 55800 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тус улсын  нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 2 сая 343 мянга гаруй болжээ. БНЭУ-д 49300 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр нэг сая 287 мянга гаруйд хүрлээ. БНСУ-д 113 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Япон улсад 777 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. БНХАУ-д 34 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнээс 29 нь дотоодын халдвар байгаа аж.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 903 хүнд шинжилгээ хийлээ.  Коронавирус илрээгүй.

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, Токио-Улаанбаатар чиглэлийн хоёр удаагийн  нислэгээр  ирсэн 262 хүний гурав дахь давтан шинжилгээ, Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр  ирсэн 262  хүний давтан шинжилгээ, БНХАУ-ын 191 иргэний шинжилгээ, тандалтын зорилгоор 11 хүний шинжилгээ, ажиглах байранд ажиллаж байсан 39 эмч ажилчдын шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 17 хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж байсан 20 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 24 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан 4 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан 73 хүний давтан шинжилгээ  байна. 

 

Сайн мэдээ нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэн нь 31 настай,  эмэгтэй, 32 хоног эмчлэгдээд гарлаа. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 288 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 218 боллоо. Харин эмчилгээнд 70 хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 61 хүн хөнгөн, 9 хүн хүндэвтэр байна. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин