Беларусын эсэргүүцэл: Уурхайчид хугацаагүй ажил хаялт зарлав
2020-08-18

Беларусын Солигорск хотноо ээлжит эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд энэ үеэр "Беларуськалий" үйлдвэрийн уурхайчид ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгдсэн талаар Tut.by мэдээллээ. 

 

"Бид шийдвэрээ хэлсэн, бид ард түмэнтэйгээ хамт, нэг ч алхам ухрахгүй! Хугацаагүй ажил хаялт зарлах шийдвэрийг бид өнөөдөр гаргалаа" гэж цуглааны үеэр тайзан дээрээс уурхайчдын төлөөлөл мэдэгдсэн байна.

 

Уурхайчид түүнчлэн эрх баригчдад тавьж буй шаардлагуудаа танилцуулжээ. Эдгээрийн дунд Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүчингүйд тооцох, шинээр сонгууль явуулах, Ерөнхийлөгч Александр Лукашенко болон Сонгуулийн хорооны тэргүүн Лидия Ермошина нарт хариуцлага тооцох, эсэргүүцлийн үеэр баривчлагдсан болон улс төрийн хоригдлуудыг суллах шаардлага багтсан байна. Түүнчлэн эсэргүүцэлд нэгдсэн хүмүүсийн эсрэг захиргааны болон эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нь байж болшгүй хэрэг хэмээн мэдэгджээ. "Беларуськалий" үйлдвэрийн ажилчид ажлын байран дээрээ цуглах ч ажиллахгүй гэдгээ онцолсон байна.

 

Энд дуулгахад, Беларуст эсэргүүцлийн арга хэмжээ хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа юм. Энэ улсын иргэд наймдугаар сарын есөнд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг эсэргүүцэж байгаа бөгөөд энэ дүнгээр өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 80 гаруй хувийн санал авсан. Харин үүнийг  Беларусын сөрөг хүчин, Европарламент болон АНУ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Беларусын эсэргүүцэл: Ажил хаялт даамжирч, Тихановская "Үндэсний лидер" болно гэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин