“Хангарьд” клуб наймдахь ялалтаа байгуулж, лигийг тэргүүлсээр явна
2020-08-24

 

Монголын хөлбөмбөгийн холбооны Дээд лигийн 10-р тойргийн тоглолт амралтын өдрүүдэд явагдаж, лигийг тэргүүлэгч багууд учраагаа бүгд илт давуу яллаа.

 

Ийнхүү Дээд лигийн тоглолт замынхаа сүүлчийн хагаст ороод байгаа юм. “Хангарьд” клуб энэ удаа “Андууд Сити”-г 8:2-оор хожиж, улирлын наймдахь ялалтаа байгуулав.

 

 

“Хангарьд”-аас С.Ганхуяг гурав, Ц.Мөнх-эрдэнэ, А.Базархүү нар тус бүр хоёр, Т.Энх-Эрдэнэ нэг гоол оруулж, “Андууд”-ын Г.Хишигдорж, Э.Мөнгөнбагана нар гоолын самбарт нэрээ бичүүлэв.

 

“Атлетик 220” баг “Улаанбаатар”-ыг 3:0-ээр хожиход хоёр гоол хийсэн М.Буянт тоглолтын шилдгээр тодорчээ. Сүүлчийн гоолыг тоглолтын цаг дуусах мөчид Ч.Бат-Эрдэнэ оруулав.

 

“СП Фалконс” “Дэрэн”-г 5:1-ээр хожсон тоглолтын шилдгээр Г.Баттулга тодорсон нь зүй ёсных байлаа. Тэрбээр гурван гоол оруулсан бол багийн анд О.Одбаяр, Ц.Мөнхтулга нар нь нэг гоол оруулж, эсрэг багаас нэр төрийн ганц гоолыг О.Мөнх-оргил хийжээ.

 

Лигийн олон удаагийн аварга “Хаан хүнс-Эрчим” клуб шинэ цэрэг “Сумида Жипро”-г мөн л хүч давамгайлан 5:1-ээр хожив. “Эрчим”-ийн Н.Цэдэнбал 24 дэх минутад гоолдож, түүнээс зургаан минутын дараа “Сумида”-гийн Б.Чоглоонамжил тэнцүүлсэн юм. Харамсалтай нь Ө.Ганбаяр 31, Ц.Түмэнжаргал 37 болон 42, С.Гал-Эрдэнэ 48 дахь минутад гоол оруулж тоглолтын үр дүнг тодорхой болголоо.

 

“Улаанбаатарын Мазаалайнууд”-“Улаанбаатар Сити”-гийн тоглолт А.Тэмүүжин, О.Мижиддорж хоёрын дураар өрнөв. Энэ тоглолтод орсон таван гоолын гурвыг А.Тэмүүжин, хоёрыг нь О.Мижиддорж нэр дээрээ данслуулжээ.

 

Лигийн тэмцээнд хамгийн олон гоол оруулсан тоглогчдын жагсаалтыг “Атлетик 220”-ын Н.Наранболд 18 гоолоор тэргүүлсэн хэвээр яваа бол “Хангарьд”-ын Ц.Мөнх-Эрдэнэ 13, “Улаанбаатар”-ын М.Батхишиг, “Хангарьд”-ын С.Ганхуяг нар ижил 9 бөмбөгтэйгээр удаалж явна.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин