ИЗВЕСТИЯ: Хятад Оросын байгалийн хийнээс ТАТГАЛЗАХ УУ?
2020-10-27

Сүүлийн жилүүдэд байгалийн хийн худалдаан дээр Оростой ихээхэн түншилж, энэ орныг экспортлогч орноороо сонгоод байсан Хятад улс дотоодын байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд ингэснээр Оросын хийн хоолой, түүнчлэн Монгол Улсын нутгаар дайруулахаар төлөвлөж буй "Сила Сибири-2" төсөл ихээхэн эрсдэлтэй тулгарч байгаа талаарх мэдээллийг бид өмнө нь нийтэлж байсан. 

 

Шинжээч: БНХАУ "Сила Сибири-2" төслийг сонирхож байгаагаа илэрхийлээгүй нь гол асуудал

Хятад Оросоос авах шингэрүүлсэн хийн хэмжээгээ бууруулж болзошгүй

Хятад “Сибирийн хүч”-ээс татгалзав 

Энэ удаад Известия агентлагийн нийтэлсэн "Хятад Оросын хийнээс татгалзах уу?" нийтлэлийг товчлон хүргэж байна.

 

Хятад ойрын жилүүдэд Оросын байгалийн шингэрүүлсэн хийн худалдан авалтаа бууруулж, жилд 1,5 тэрбум ам.доллар хүртэл хэмжээгээр багасгах магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Өмнө нь,  Хятадын газрын тос, хийн Петро Чайна компани дотоод дахь хийн нөхцөл байдлын өөдрөг таамаглалыг гаргасан байна. Хятадад ойрын 15 жилд эрэлт хоёр дахин нэмэгдэх хэдий ч 2035 онд ашиглагдах хийн ихэнх хэсгийг дотоодын олборлолтоос хангана гэж тус   компани үзэж байгаа гэнэ. 

 

Үйлдвэрлэлийн өсөлт

 

Хийн нөхцөл байдалтай холбоотой таамаглалыг ПетроЧайна компани 10 дугаар сарын 20-ны өдөр Шанхай хотноо болсон салбарын бага хурал дээр танилцуулсан юм. Энэ компанийн төлөөлөгчдийн өгүүлснээр, ирэх 15 жилд Хятадын жилийн өсөлт хоёр дахин нэмэгдэж, 2035 он гэхэд жилд 620 тэрбум куб метр болох магадлалтай гэнэ. Харин хэрэглээний ихэнх хэсгийг дотоодын олборлолтоороо хангана гэж ПетроЧайна үзжээ.

 

2035 он гэхэд Хятадын хийн хангамжийн дотоодын хүчин чадал 220 тэрбум куб метр энгийн хий, 100 тэрбум занарын хий, 50 тэрбум нүүрсний метан, 150 тэрбум нүүрсний гаралтай байгалийн хий гээд нийтдээ жилд 520 тэрбум куб метрт хүрнэ гэж компанийн таамаглалд өгүүлжээ.

 

"Байгалийн хий болон байгалийн шингэрүүлсэн хийн хэрэглээний хүрээ хурдацтай өргөжин тэлж байгаагаас харвал дээрх таамаглал ихээхэн бодитой. Хятад ойрын жилүүдэд дэлхийн үйллдвэрлэгч орон гэсэн статусаа хадгалан, дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засгуудын нэг болно. Мэдээж тэдэнд тээвэр, аж үйлдвэрийн ажиллагааг хангах эрчим хүчний эх үүсвэр асар ихээр хэрэг болох нь дамжиггүй" гэж шинжээч Ксения Лапшина онцолжээ.

 

ПетроЧайна компанийн таамаглаж байгаачлан дотоодын хийн үйлдвэрлэл нь өсвөл Хятад улс импортын түлшнийхээ хэмжээг багасгаж, шинэ төслүүдэд оролцох эсэхээ эргэн харж болох юм гэж Засгийн газрын тэргэдэх Санхүүгийн их сургуулийн шинжээч Игорь Юшков үзэж байна. 

 

Эрсдэлтэй ирээдүй

Одоо Хятад руу Оросын хийг "Газпром" компани "Сила Сибири" хийн хоолойгоор, НОВАТЭК Хойд тэнгисийн замаар дамжуулан, багахан хувийг Сахалин энержи компани нийлүүлдэг.

 

Харин "Сила Сибири" хоолойгоор дамжуулах хийн хэмжээ зөвхөн өснө, учир нь урт хугацааны хэлэлцээрээр баталгаажсан гэж шинжээч Игорь Юшков үзэж байна. Хоёр орны хооронд 2014 онд байгуулсан гэрээ нь 30 жилийн хугацаатай бөгөөд гэрээнд зааснаар "Газпром" 2020 онд таван тэрбум куб метр, 2021 онд 10 тэрбум, 2022 онд 15 тэрбум куб метрийг нийлүүлэх юм . 

 

"Сила Сибири" төсөл ийнхүү эрсдлээс ангид байгаа бол Оросын байгалийн шингэрүүлсэн хийнээс Хятад татгалзаж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Энэ тохиолдолд 1,5 тэрбум хүртэлх ам.долларын өртөг бүхий 5-8 тэрбум куб.метрийг жилд алдаж болзошгүй гэж Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн орлогч захирал Александр Фролов үзжээ. 

 

НОВАТЭК ч мөн нийлүүлэлт багасна гэхээс эмээхгүй байгаа бөгөөд энэ компани мөн л урт хугацааны гэрээгээр нийлүүлэлтээ баталгаажуулсан гэж мэдэгджээ. 

 

Харин Монголын нутаг дэвсгэрээр дайрч Оросоос Хятад руу хий дамжуулах "Сила Сибири -2" шинэ төсөл эрсдэл дунд байгааг Игорь Юшков онцолсон байна. 2020 оны есдүгээр сарын эхээр Газпром уг төслийг төлөвлөж эхэлсэн талаар мэдээлж байсан бөгөөд жилд 50 тэрбум куб метр хий нийлүүлэх экспортын хүчин чадалтай байх аж. 

 

Мэдэгдэхүйц алдагдал 

Байгалийн шингэрүүлсэн хийн олон улсын зах зээл дээр Оросын эзлэх хувь цаашдаа 25 хувьд хүрэх магадлалтай гэж Оросын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдэж байв. Гэсэн ч Хятадын зах зээлийг алдвал ийм үр дүнд хүрэх боломжгүй гэж "Альпари" мэдээлэл судалгааны төвийн захирал Александр Разуваев үзэж байна. Хэдийгээр Европ руу хий нийлүүлж байгаа ч Хятад улс хэрэглээгээ байнга нэмэгдүүлж, энэ хэрээрээ чухал, ирээдүйтэй зах зээл болно гэдгийг тэрбээр онцолсон байна. 

 

Таамаглал ба бодит байдал

 

Хятад улс хийн импортоо бууруулах эрсдэл үнэхээр байгааг Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Марсель Салихов онцолжээ. Гэхдээ Хятадад дотоодын үйлдвэрлэл эрс өснө гэдэг нь эргэлзээтэй, сүүлийн жилүүдэд дотоодын эрэлт нь үйлдвэрлэлтээсээ хурдацтай өсч байсныг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

 

"Хятад улс занарын хий болон метаны дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилт тавиад таван жил өнгөрсөн. Гэхдээ бодит байдал дээр  техникийн олон хүндрэл гарч байлаа. Үйлдвэрлэлийн өөрийн өртөг буурах нь удаашралтай байгаа бөгөөд албан ёсны таамаглал болон компаниудын таамаглал төдийлөн биелдэггүй" хэмээн Марсель Салихов өгүүлжээ.

 

ПетроЧайнагийн таамаглал магадлал багатайг Александр Фролов ч онцолсон байна. Хийн үйлдвэрлэлийн өсөлтийн талаар олон таамаглал гардаг ч бодит байдал дээр биелсэн нь ховор, тиймээс ПетроЧайна дотоодын үйлдвэрлэл өснө гэж мэдэгдсэн нь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх гэж найдсантай нь холбоотой байж мэдэхийг шинжээч онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эрдэнэ:
Хятадын Сайд нь ирэхдээ өөрийнхөө талаас энэ хоолойн ажлыг хариуцаж буй компаниа зарласан даа. Мөн Оросоос авах хийнийхээ хэмжээг өсгөх санал өгч, тэр зөвшилцөлд хүрээд буйгаа албан ёсоор 2 тал аль энэ сарын эхээр зарлачихсан. Харин энэ бичсэн нийтлэлийг эх орос дээр нь би л лав аль эрт уншиж байсан юм байна.
2020-10-27
Эрдэнэ:
Энэ сарын эхээр ГазПром-оос гаргасан албан мэдээгээр яг эсрэг дүн гаргасан байсан. Хятад 6 сараас хойш Сила Сибири-1 хоолойгоор авах хийгээ тогтмол нэмж, 9-10 сард хэмжээгээ бараг 2 дахин нэмлээ гэсэн байсан ба. Энэ хоолойн Хятад доторх үргэлжлэл буюу Шанхай болон Зүүн өмнөд хэсэг рүү чиглэсэн хэсэг нь баригдаж эхэлсэн гэж байсан даа. Мөн АНУ, ялангуяа Австралиас авдаг хийн хэмжээгээ эрс багасгаж буйгаа мэдэгдсэн. Мөн Хятадын ГХЯ Сайд нь Монголоор дамжих хоолой төслийн төрийн өмчит компани нь хариуцан ажиллаж байгаа гээд манайд ирэхдээ хэлчихсэндээ. Тэгэхээр дээрх нийтлэл бол манайхантайгаа адил өөрснийгөө муулж АНУ, барууныханд л сайхан харагдах гэсэн сонины үг биз дээ. Ер нь дэлхий дээр эрчи хүчний эх үүсвэр, хангамжийн талд зарлаагүй дайн ил тод явагдаж байгаа тул бид өөрсдийнхөө ашгийг бодох нь пунаас ч илүү чухал. Тэр дайнд нь хэн нэгний гар хөл болчихвол яг Украйн шиг л болно.
2020-10-27
иргэн:
Хэрэглэгч нь авна гэж нэг үг дуугараагүй байхад манай ерөнхий сайдаас эхлээд хөөрцөглөөд хийн хоолой явна гээд оростой хамтран зардал гаргаад техник эдийн засгийн үндэслэл боловсруулна гээд хөөрцөглөөд байдаг. эдийн засаг зах зээлийн ямарч ойлголтгүй ерөнхий сайдтай улс яаж хөгжин өө. тэр нефтийн үйлдвэр нь ч бас адал. нөөцгүй тэгээд үйлдвэр барина гээд байдаг гадаадын улс орон тэнэгийг нь гайхаад шоолж байгаа даа
2020-10-27
Эрдэнэ:
Хятадын Сайд нь ирэхдээ өөрийнхөө талаас энэ хоолойн ажлыг хариуцаж буй компаниа зарласан даа. Мөн Оросоос авах хийнийхээ хэмжээг өсгөх санал өгч, тэр зөвшилцөлд хүрээд буйгаа албан ёсоор 2 тал аль энэ сарын эхээр зарлачихсан. Харин энэ бичсэн нийтлэлийг эх орос дээр нь би л лав аль эрт уншиж байсан юм байна.