Монгол хэвлэлд зориулагдсан орчуулагчийн ҮГ
2020-11-03

 

Уншигч та Аделайдын Их Сургуулийн Геологийн тэнхмийн Эмерит профессор Ян Плаймер гуайн бичсэн “СУРГУУЛИАСАА ХЭРХЭН ХӨӨГДӨХ ВЭ” номыг гар дээрээ авлаа. Өрнийн хэвлэл мэдээллээр цаг ямагт олж сонсдог боловч бодит учир шалтгааныг нь огтхон ч ойлгож мэдээгүй “Уур амьсгалын өөрчлөлт” болон “Дэлхийн дулаарал” гэсэн дэлхий дахины шинжлэх ухааны судлаачдын дунд асар их маргаан, мэтгэлцээн дагуулсан томхон онолын сэдвийг зохиогч энэ номондоо баримт факт дурдах замаар энгийн хүмүүс бидэнд ойлгомжтой байдлаар тайлбарлажээ.

Өнгөрсөн хугацаанд шинжлэх ухаан хүн төрөлхтний бэрхшээлийг шийдвэрлэхийнхээ хэрээр шинжлэх ухааны судалгааны ажил нь нийгмийн хөдөлмөрийн хуваарийн салшгүй нэг хэсэг болсон байдаг. Үүнийгээ дагаад судлаачдын нэр хүнд, нийгмийн нөлөөлөл, эрх мэдэл мөн асар их нэмэгдсэн. Харин тэдний санаа бодол байнга санал нэгтэй байгаад байдаггүй. “Уур амьсгалын өөрчлөлт” болон “Дэлхийн дулаарал” гэх сэдэв дээр ч гэсэн эсрэг, тэсрэг байр суурьтай талууд үзэлцэх аж. Бидний хувьд тэдгээр шинжлэх ухааны эрдэмтдийн тухайн асуудал дээр гаргаж буй баримт, үндэслэлийн үнэнийг шалгахын сацуу тэдэнд тухайн асуудалд тэгж хандах эдийн засгийн хөшүүрэг байгаа эсэхийг шалгах нь зүйтэй. Эдийн засгийн хөшүүргээс нь шалтгаалж бид шинжлэх ухааны эрдэмтдийг хоёр бүлэгт хувааж болно.


​Шинжлэх ухааны мэдлэгийг энтрёпренершиптэй хослуулах байдлаар технологийн нээлт, бүтээгдэхүүн үйлчилгээнд инноваци хийж, хүний одоогийн бэрхшээлүүдийг зах зээлийн зарчмаар шийдвэрлэдэг, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ хүсэл хэрэгцээг нэн тэргүүнд тавьсан судлаачдын институцичлэгдсэн тогтолцоо бий. Энэ бол хувийн хэвшилд тулгуурласан шинжлэх ухааны судалгааны тогтолцоо юм. Энэхүү тогтолцооны ач холбогдлыг бидний өдөр тутмын амьдралаас салгаж авч үзэх аргагүй. Сүүлийн хоёр зуун жилд хүн төрөлхтөн шинжлэх ухааны ололт амжилтуудад тулгуурлаж урьд өмнө хэн ч боломжтой мэтээр төсөөлж үзээгүй гайхамшгуудыг бүтээсэн. Эмчлэгддэггүй байсан олон өвчин зовлонг ялан дийлж, хүний дундаж насыг хэд дахин нэмэгдүүлж, түүхийн туршид хүмүүсийг нэрвэсээр ирсэн ядуурал, өлсгөлөнг түүхэн доод хэмжээнд хүргэв. Жил бүхэн олон арван сая хүн нэн ядуугийн ангиллаас гарсаар. Зах зээлийн системийн нэг хэсэг болсон төрөөс огт хамааралгүй ажиллаж буй шинжлэх ухааны эрдэмтдийн ахуй амьдрал өөрсдийнх нь бүтээлч сэтгэлгээ, тэсвэр тэвчээр, бусдад өгч чадах үнэ цэнээс нь хамаарна. Тэдэнд төрийн хуурамч суртлыг номлох шаардлага үгүй.


Нөгөө талдаа нийтийн эрх ашигт үйлчлэх үүрэгтэй нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг, хүнд суртлын бүтэц зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг томоохон институцичлэгдсэн тогтолцоо бий. Төрөөс цалинждаг шинжлэх ухааны эрдэмтэд төрийн сурталчилахыг хүссэн зүйлийг давтахаас өөр аргагүй. Үгүй бол хоолноосоо сална. Тэд хэрэглэгчдэд бус төрд үйлчилж байж албан тушаал, эд баялаг дээр очно.

 

Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж буй гэдэгт эргэлзэнгүй, үл итгэсэн байдлаар хандах эрдэмтэд шинжлэх ухаан гэдэг байгаль, ертөнц, юмс үзэгдлийг тайлбарлахаас хэтэрч болохгүй гэж үзэж буй бол хоёр дахь бүлэг эрдэмтэд өөрсдийг нь цалинжуулагчдын буюу дэлхийг хүйтэрч бас дулаарсаар байгаа тухай өнгөрсөн 60 гаруй жилийн турш номлон, арван жил тутам хүний байгаль орчинд үзүүлэх нөлөөнөөс үүдсэн дэлхийн төгсгөлийг зөгнөдөг хүмүүсийн хүсэлд нийцүүлж шинжлэх ухаан болон бодит байдлыг тайлбарлах гэж оролдох аж.


1976 оноос хойш дэлхийн дулааралд санаа зовж яваа, байнга сэргээгдэх эрчим хүчний талаар номлодог АНУ-ын экс дэд ерөнхийлөгч Ал Горын аварга том байшингийх нь нэг сарын цахилгааны хэрэглээ дундаж айлын 34 сарын хэрэглээтэй тэнцүү. Мөн байнга хувийн онгоц хэрэглэнэ. Дэлхийн дулаарлын талаар санаа зовниж явсан АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама 12 сая америк доллараар далайн эргийн байшин авсан гэж хэвлэлүүдээр мэдээлж байлаа. Угтаа уур амьсгалын өөрчлөлт үнэхээр үнэн бол үүний хамгийн түрүүний хохирогч нь өөрөө болох аж. Байгаль орчны асуудлыг нэг номерийн зорилтоо болгосон 2019 оны Давосын чуулганд 1500 хувийн онгоц хөлсөлжээ.

 

Ихэнх нь төрийн албан тушаалтнуудыг зөөхөд ашиглагдсан. Харин нисэх онгоцыг байгаль орчинд хамгийн аюултай тээврийн хэрэгсэл гэдэг ажээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн шийдвэртэйгээр тэмцэж буй мэт аяглах хүмүүсийн үйлдэл зорилгоос нь зөрнө. Харин бид хоёр нүүртнүүдийн үгэнд итгэх хэрэгтэй юу? Тэрхүү хоёр нүүртнүүдийн дор ажиллах шинжлэх ухааны эрдэмтэд тэгэхээр жинхэнэ эрдэмтэд мөн үү? Аливаа маргаантай асуудлын талаар бүрэн зөв ойлголттой болохыг хүсвэл маргалдагч талуудын аль алиных нь байр суурийг сонсохгүйгээр үнэлэлт дүгнэлт битгий өг гэсэн үг байдгийг бид мартаж үл болно.
Монголчууд бид гадаад ертөнцтэй үүд хаалгаа нээгээд төдий л удаагүйн улмаас өнөөгийн дэлхий дахинд өрнөж байгаа бүхний талаар цэгцтэй, тэнцвэртэй мэдээллийг одоо ч олж авч чаддаггүй хэвээр.

 

Уур амьсгалын өөрчлөлтийн сэдвийн тухайд манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бусдыг дам орчуулах байдлаар мэдээллэдэг ч гэлээ энэ тухай зорьж орчуулсан нэгэн сэдэвт зохиол хэвлэгдсэн тухай миний бие өдий хүртэл сонсоогүй л явна. Монгол улсын Засгийн газар “Ногоон Хөгжлийн бодлого” нэртэй баримт бичиг баталж, Дэлхийн дулааралтай тэмцэх хүсэл зорилготойгоо илэрхийлсэн энэ цаг үед уг номыг уншиж байж гэмээнэ та бид Засгийн газрынхаа бодлогод үнэлэлт, дүгнэлт өгөх суурь мэдлэгтэй болох юм. Уншигч та уг номыг уншсаныхаа дараа чухам юу болсныг, юу болж буйг, цаашид юу болж болохыг мэдэх учир илүү олон зүйлс нуршихыг миний бие үл хүснэ.
 

Н.Хасар

Shuud.mn
Сонин хачин