ОХУ: Татварын чөлөөлөлтийг он дуустал сунгав
2020-11-13

Оросын Засгийн газар зарим салбарын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг татвараас чөлөөлөх журмыг энэ он дуутсал сунгахаар болжээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдсэнийг Вести агентлаг дамжуулсан байна. 

 

"Ерөнхийлөгчийн даалгаснаар Засгийн газар бизнесийнхэнд зориулсан татварын чөлөөлөлтийг сунгаж байна. Зарим салбарын байгууллага болон хувиараа бизнес эрхлэгчдэд зориулсан хямралын эсрэг энэхүү дэмжлэгийг дахин гурван сараар, энэ оны сүүл хүртэл сунгаж байгаа юм" хэмээн Мишустин онцолсон байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү татвараас чөлөөлөх журамд соёл, аялал жуулчлал, зочид буудлын бизнес, нийтийн хоол, зугаа цэнгээн болон спортын салбарын байгууллагууд, бага хурал болон үзэсгэлэн зохион байгуулагч байгууллагууд хамрагдах аж.

 

Орос улс энэ оны хавраас эхлэн зургаан сарын хугацаатайгаар хямралын нөхцөлд аж ахуйн нэгжүүдийг дэмжих үүднээс татвар болон даатгалын шимтгэлүүдийн төлөлтийг хойшлуулсан юм. Харин нөхцөл байдал сайжраагүй тул ийнхүү нэмэлт дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин