УОК: Худалдааны төвүүдийг хаахгүй, банкны зээлийг түр царцаах талаар судална
2020-11-13

УОК-ын хуралдаанаар долоон асуудал хэлэлцжээ.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүнснээс бусад асуудлаар гадуур яваа иргэдэд хатуу хяналт тавих, хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулах, 11 цэгт шинжилгээ тандалт хийх, мөн 550 ор нэмж гаргах, тусгаарлах байрны үйл ажиллагааг чангатгах, шуурхай бүлэг Дархан, Сэлэнгийн бүсэд ажиллах гэсэн долоо асуудлыг хэлэлцсэн аж.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Сэлэнгэ аймагт сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдлээ

 

 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

 

-Тир машины жолоочоос таван хүнд коронавирус илэрлээ. Эхнэр болон хадам ээж, дүү, дүүгийн ойрын хавьтлын хоёр хүн гэсэн нийт зургаан тохиолдолд илэрсэн. Мөн Сэлэнгэ аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрлээ. Тухайн иргэн нь  74 настай, эмэгтэй бөгөөд хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гарлаа. ХӨСҮТ-рүү шилжүүлж давтан шинжилгээ хийнэ.

 

Улаанбаатар хотод явган болон автомашинтай зорчих хөдөлгөөнийг хязгаарлана

 

 

ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан:

 

-Коронавирусийн халдвар тухайн нутаг дэвсгэр дээр гарсан бол эрсдэл багатай даван туулахын тулд дэглэмээ сахиж, сонор сэрэмжтэй, тэвчээртэй байж даван туулах нь батлагдлаа. Тиймээс Засгийн газар, УОК нутаг дэвсгэр дээр коронавирус алдсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар тодорхой арга тактик байгаа. Тиймээс нийслэл болоод зарим аймагт хязгаарлалт хийж байна. Хөл хорио хязгаарлалтын дэглэм сайн биш байна. Иймд өнөөдрийн 23:00 цагаас эхлэн нийслэлд явган, автомашинтай хөдөлгөөнийг багасгах зорилгоор шаардлага тавьж эхэлнэ. Иргэд та бүхэн хамтарч ажиллахыг хүсье.

 

Гадуур явж байгаа иргэдийн зорилгыг судалж үзлээ. Тодорхой зорилгогүй хүнтэй уулзах зэрэг шалтгаанаар явж байна. Та бүхэн хүнтэй бага уулзах, бага явах гэрийн дэглэм чандлан сахих хэрэгтэй. Иргэд та бүхэн тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна. Тандалт судалгааны тухайд дам хавьтагчид ихэнх тогтоогдсон.

 

5000 гаруй  тусгай чиг үүргийн байгууллагын албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна

 

ОБЕГ-ындарга, генерал Г.Ариунбуян:

 

-Засгийн газрын тогтоолоор өнөөдрөөс эхлэн 17-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.  Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэдэг нь гэрийн хөл хорио тогтоох замаар коронавирусийн халдварын тархалтыг хумих, таслан зогсоох зорилготой. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүх шуурхай штаб аймаг орон нутгийн гамшгаас хамгаалах орон нутгийн албад идэвхжиж  өөрсдийн нутаг дэвсгэрт шуурхай штаб байгууллаа.  Хөл хорионы дэглэмд хяналт тавих зорилгоор хөдөлгөөнт эргүүлийн чиглэлээр 5 мянга гаруй  тусгай чиг үүргийн байгууллагын албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Үдээс өмнө хотоос орох, гарах хөдөлгөөнд цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа зохион байгуулж ажиллаж байгаа.

 

Иргэд тогтоолд заасан хүрээнд зөвхөн хүнсний худалдааны төв, эмийн сан зэрэг газруудаас өөрсдийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүний бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байна. Худалдан авах явцад ШӨХТГ,  Мэргэжлийн хяналтын байгууллагаас үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай шалгалт зохион байгуулж байгаа. Тусгаарлах байрны үйл ажиллагаа, хяналт ариутгал халдваргүйжүүлэлттэй холбоотой асуудлаар эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлын гурван хэсэг нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа. 20 гаруй тусгаарлах байранд хяналт шалгалтын ажил эхлүүлсэн. Шалгалтын дүнгээр тусгаарлах байрны үйл ажиллагаа, зохион байгуулалтыг  сайжруулах, татан авалтыг тусгаарлах байрны нөөц боломжтой уялдуулж зохион байгуулах  зэрэг үйл ажиллагааг  сайжруулах чиглэлийг ярилцлаа.

 

Улсын хэмжээнд хүнсний нөөц хангалттай байгаа

 

 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

 

-УОК-ын даргын тушаалаар хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штаб байгуулсан. Хүнсний удирдлагын шуурхай штабын зорилго Монгол Улсын гамшгийн тухай ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу байгуулагдаж байгаа. Түүнээс биш хүнсний нөөцөд асуудал үүссэн учраас зохион байгуулж байгаа зүйл биш. Манай улсын хэмжээнд хүнсний нөөц хангалттай байгаа.

 

16 газрын үйл ажиллагааг зогсоолоо

 

МХЕГ-ын дарга Т.Гантулга:

 

-Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн байдалд арваннэгдүгээр сарын 12-ны өглөөнөөс орой хүртэл мэргэжлийн хяналтын байгууллагын 308 улсын байцаагч, цагдаа, онцгой байдлын  бие бүрэлдэхүүний хамтаар зургаан дүүргийн бүх шатны боловсролын байгууллага, зочид буудал, дэн буудал, амралтын жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, түгээлт, урлаг соёл, спорт, шашин, сүм хийдийн  чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт 4491 аж ахуй нэгж байгууллагад бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбоотой хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Чингэлтэй, Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан 3 баар, 3 саун, 5 түц, 2 бялдаржуулах төв, 2 барааны дэлгүүр, 1 гоо сайхны газар зэрэг нийт 16 тогтоолын хэрэгжилтийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байсныг зогсоолоо. Эхний ээлжид хатуу сануулах арга хэмжээг авсан.

 

Согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр болон бөөний төв нийт 3341 байгууллагад цагийн хязгаарлалт тогтоосон. Тогтоосон цаг хугацаанд согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийн биелэлтэд хяналт тавьсан. Зөрчил илрээгүй.

 

Улаанбаатар хотоос орох, гарах найман шалган нэвтрүүлэх товчоон дээр нийт нийслэл рүү нэвтэрсэн 461 тээврийн хэрэгсэл 1003 иргэн байгаа бол хүнсний тээвэрлэлт хийж гарсан 482 тээврийн хэрэгсэл 926 иргэнийг хөдөлгөөнд хяналт хийлээ гэж мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

 

-Сэлэнгэ аймагт тогтоогдсон сэжигтэй иргэний маршрутыг тогтоосон уу?

 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

 

-Сэлэнгэ аймагт илэрсэн коронавирусийн сэжигтэй тохиолдол энэ сарын 06-наас эхэлж зовуурь илэрч, 09-нд эрүүл мэндийн газарт хандсан. Хоёр удаагийн шинжилгээ эерэг гарсан. Энэ нь “Энхсаран” сувиллаас гарсан халдварын голомттой холбоогүйгээр үүссэн байх магадлалтай. Өөр голомт байна гэж үзэж байгаа. УОК-оос шийдвэр гаргаад Алтанбулаг боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг ирэх даваа гарагт зогсоохоор болсон. Ажлын хэсэг очиж ажиллана.

 

-Өөр голомт гэхээр ямар эрсдэл байж болох вэ?

 

-Судалгаа тандалт хийж байгаа.             

         

-МУБИС-ийн хоёр оюутны ойрын хавьтлыг тогтоосон уу?

 

-Ойрын хавьтлуудыг тогтоож, шинжилгээ авч байна. Одоогийн байдлаар нийт ойрын хавьтлын 50 орчим бий.

 

-Орны болоод эм тарианы нөөц ямар байгаа вэ?

 

-Эхний ээлжид ХӨСҮТ-д орны тоо нэмэгдүүлж, 300 ор бэлдсэн. Мөн цэргийн төв эмнэлэгт 550 хүн хэвтэх ор бэлтгэсэн байна. Яармагт 300 ор, Сонгинохайрхан дүүрэгт шинээр барьж ашиглалтад орж байгаа эмнэлэгт 250 орыг бэлдэж байгаа. Тархалтын хүрээнээс хамаарч дараагийн шатны орыг бэлдэж байгаа. Хавьтлуудын тоо 2 мянга байсан бол нэмэгдэж байна. Одоогийн байдлаар 2800 болж байна.

 

-Сэлэнгэ аймагт хэдэн хүн тусгаарлаж байна?

 

-Ойрын хавьтлуудыг тусгаарлаж байна. Шинжилгээ хийж байгаа.

 

ОБЕГ-ын дарга, генерал Г.Ариунбуян:

 

-Иргэдийн зээлний эргэн төлөлтийн асуудалд анхаарал хандуулж байгаа юу?

-

-Банкны зээлтэй асуудал судлагдаж байгаа.

 

-Зах худалдааны төвийг хаах уу?

 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

 

-Хүнсний зах худалдааны төвийг хаахгүй. Өөрт ойрхон газраас худалдан авалт хийхийг уриалж байгаа. Хүнсний хомсдол үүсэхгүй.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
IPOTEKOO ZOGSOOO ODOOOO:
ipotekoo yaj tuluh ym be, bas l ajil zogschlooo, zeelee tsartsaaaaa
2020-11-13