Австрали Хятадын эсрэг гомдол гаргана
2020-12-17

Австралиас арвайн импортыг хязгаарласан Хятадын шийдвэртэй холбоотойгоор Австрали улс Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор гомдол гаргана гэж тус улсын Худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын сайд Саймон Бирмингем мэдэгджээ. 

 

Австрали, Хятадын харилцаа энэ оны хавар хурцадсан юм. Тухайн үед Австралийн Засгийн газар коронавирусийн үүслийг олон улсын зүгээс мөрдөн шалгаж, дэлхий даяар тархсанд буруутай талыг хариуцлагад тахаыг уриалж байлаа. Түүнчлэн Австрали улс уйгууруудад баримталж буй Хятадын эрх баригчдын бодлогыг хамгийн ихээр шүүмжилдэг орнуудын нэг. Ингээд хоёр орны харилцаа хурцадсан юм. Эхлээд Хятадын гаалийн газар Австралийн үхрийн мах, арвайн нийлүүлэлтийн зарим хэсгийг хүлээн авалгүй, эдгээр бүтээгдэхүүн нь БНХАУ-ын эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байна хэмээн мэдэгдсэн. Улмаар БНХАУ-ын эрх баригчид наймдугаар сараас эхлэн Австралийн дарстай холбоотойгоор демпингийн эсрэг шалгалт эхлүүлсэн юм. 

Хятад VS Австрали: Хятадын цохилтууд үргэлжилсээр л...

Цаашлаад, 11 дүгээр сарын эхээр Хятад улс нүүрс, зэс, элсэн чихэр зэрэг Австралийн түүхий эдүүдэд хориг тавьж байгаа талаарх мэдээлэл цуварсан. Өнгөрсөн сарын сүүлээр Хятад улс Австралийн дарсанд 212 хувь хүртэлх гаалийн татвар ноогдуулсан бол 12 дугаар сарын эхээр Австралийн хонины мах нийлүүлдэг хоёр том нийлүүлэгч болох JBS болон Australian Lamb Company компаниудын нийлүүлэлтийг хязгаарласан юм.

 

Улмаар Хятадыг худалдааны хэлэлцээрийг зөрчиж байна гэж Австрали буруутган, Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор гомдол гаргаж болзошгүй хэмээн өнгөрсөн долоо хоногт Австралийн эрх баригчид мэдэгдэж байлаа. Тэд энэ алхмаа хийхээр болсон талаараа 12 дугаар сарын 16-ны өдөр ийнхүү албан ёсоор мэдэгдэв.

 

Дэлхийн худалдааны байгууллагаар асуудал шийдэгдэхэд ихээхэн цаг хугацаа орж мэдэх ч зөрчилдөөнийг шийдвэрлэхэд ийм алхам хийхээс аргагүй гэдгийг Австралийн сайд Бирмингем онцолсон байна.


Глобал Таймс: Австралийн нүүрсний салбар цаашид ч алдагдалд орно

Хятад, Австралийн сөргөлдөөнд "жиргээ" нэрмээс болов

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Австрали эхлээд Хятадын оюутнуудыг боож хөөгөөд эхэлсэн биздээ. Дараа нь Америкийг дагаж эдийн засгийн хориг энэ тэр гэж солиороод эцэст нь өөртөө хориг тавиуллаа. Энэ нь манай улсын хувьд том боломж бөгөөд ёстой тултал нь ашиглах хэрэгтэй. Оюу толгойг ч энэ үеийг ашиглан хөөн гаргах бүр ядахдаа гэрээг нь шинэчлэх хэрэгтэй. Тэд ашиг хүртдэг бид өрөнд орж байдаг юм байх ёсгүй биздээ.
2020-12-17