ОХУ: Жагсаал болохоос сэргийлж метроны өртөөнүүдийг хаажээ
2021-01-30

Нэгдүгээр сарын 23-ны өдөр Оросын олон хотод сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг суллахыг шаардсан жагсаал өрнөж, улмаар долоо хоногийн дараа дахин жагсана гэж Навальныйн штабынхан мэдэгдэж байлаа. 

ТОЙМ: Цойгийн дуун дор нэгдсэн нь буюу юу болоод өнгөрөв өө

Товлосон өдөр нь өнөөдөр буюу нэгдүгээр сарын 31 юм. Харин энэ өдөр олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөхөөс сэргийлж Москва хотын эрх баригчид метроны гол долоон өртөөг хаасан талаар news.ru мэдээлжээ. Ням гарагийн өглөөний 08.00 цагаас эхлэн төвийн долоон өртөө хаагдахын дээр явган зорчигчдын хөдөлгөөнийг ч хязгаарласан байна. 

Энэ нь "иргэдийг хууль бус арга хэмжээнд оролцохыг уриалж буй мэдээлэл гарсантай холбоотой" гэж Москва хотын Дотоод хэргийн яамны Ерөнхий газрын хэвлэлийн алба мэдээлжээ. Эдгээр хязгаарлалтууд цагдаагийн онцгой захирамж гарах хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ гэж Интерфакс мэдээлсэн байна. 

Түүнчлэн, Оросын нийслэлийн төвд зарим дэлгүүр, кафег хааж, согтууруулах ундаа болон шилэн савлагаатай ундаа зарахыг хоригложээ. Мөн зөвшөөрөгдөөгүй жагсаал, цуглаан, эсэргүүцлийн ажиллагаанд оролцохыг уриалвал Эрүүгийн хуулийн зүйл ангиар хариуцлагад татагдахыг иргэдэд анхааруулсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин