Узбек Афганистаны цэргийн онгоцыг сөнөөжээ
2021-08-17

Наймдугаар сарын 15 буюу талибууд Афганистаны нийслэлийг эзэлсэн өдрийн орой Афганистаны агаарын цэргийн хүчний онгоц Узбекийн хилийг нэвтрэх гэж оролдох үедээ сүйрчээ. Узбекийн  Агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин хил зөрчих гэж байсан хэмээн үзэж энэ онгоцыг сөнөөсөн байна. Ослын улмаас онгоцонд зорчиж явсан хоёр цэргийн алба хаагч амьд үлдсэн, одоо биеийн байдал нэн хүнд эмнэлэгт байгаа хэмээн ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Узбекистаны тал энэ мэдээллийг наймдугаар сарын 16-ны өдөр баталлаа. Узбекийн Агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин Афганистаны Агаарын цэргийн хүчний онгоц хил зөрчих гэж байсныг таслан зогсоосон гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ. 

 

Узбекийн тал сөнөөсний улмаас Афганистаны онгоц наймдугаар сарын 15-ны орой Узбекийн нутагт орших, Афганистантай хил залгаа Сурхандарийн мужид унасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр цэргийн алба хаагч онгоцноос шүхрээр буусан бөгөөд тэднийг эмнэлэгт хүргэсэн, одоо сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж.

 

Үүнээс өмнө, Узбекийн хил зөрчсөн, Афганистаны  80 гаруй цэргийн алба хаагчийг Узбекийн хилийн цэргүүд саатуулсан байна. Афганистаны цэргийн алба хаагчид баривчлагдах үедээ эсэргүүцэл үзүүлээгүй, харин Узбекийн талаас тусламж хүсчээ. 

 

Узбекистаныг зорьсон Афганистаны цэргийн алба хаагчид дунд маршал Абдул Рашид Дустум байсан бөгөөд тэрбээр Талибан хөдөлгөөн Мазари-Шариф мужийг эзэлсний дараа улс орноо орхин дүрвэсэн байна. 

Афганистан: Талибууд нийслэлийг эзэлж, Ерөнхийлөгч Гани эх орноо орхив

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин