Талибууд хилээр доллар авч гарах, эмэгтэйчүүдийг ажил хийхийг хориглов
2021-08-25

АНУ-ын цэргүүд тавдугаар сараас Афганистаныг орхин гарч эхэлснээс хойш талибууд газар нутгуудад хяналтаа тогтоохоор засгийн газрын цэргүүдтэй тулалдсаар, наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд нийслэл Кабул хотыг эзэлснээр Афганистанд бүрэн хяналтаа тогтоосон хэмээн мэдэгдэж байлаа. Энэ өдрөөс хойш тус улсын иргэд олон мянгаараа эх орноо орхин дүрвэх гэж цорын ганц гарц болсон нисэх буудал дээр бөөгнөрөн, үймээн үүсгэж, олны хөлд дарагдан амиа алдсаар байна. Энэ зуур талибууд төрөө эмхлэн байгуулахаар зөвлөлдөх, өөрсдийнх нь хяналтад ороогүй Панжшер мужийг эзлэх гээд олон зорилтуудыг шийдэхээр чармайж байгаа юм. Панжшер мужид "Панжшерийн арслан" хэмээх хочит домогт удирдагчийн хүү Ахмад Масудын удирдсан эсэргүүцлийн хүчин байгуулагдсан бөгөөд тэд "энх тайвны замаар зөвлөлдөн засгаа тохинуулахгүй" бол талибуудад бууж өгөхгүй, ардчиллыг тогтоохын тулд "эцсээ хүртэл тулалдана" хэмээн мэдэгдэж байв. 

 

Талибууд Панжшерт хэлэлээ хийнэ 

Хэт даврагч "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчид өөрсдийнх нь хяналтад ороогүй цорын ганц бүс нутаг болох Панжшер рүү хэлэлцээ хийхээр явсан талаар РИА Новости мэдээлжээ.

 

Тэд 2001 онд амиа золиослогчдын гарт үрэгдсэн, алдарт хээрийн командлагч, "Панжшерийн арслан" Ахмад Шах Масудын хүү, эсэргүүцлийн хүчний удирдагч,  бага Ахмад Масудтай  уулзах юм. Энэ хэлэлцээрийн дүнгээр эсэргүүцлийн хүчнийхэн байлдаж тулалдалгүй бууж өгнө гэж тооцоолж байгаа аж.

 

Өмнө нь, Панжшерийн босогчдын удирдагчдад ойр нэгэн эх сурвалж хэвлэлд мэдээлэл өгөхдөө тэд талибуудад бууж өгөхөд бэлэн байгаа хэмээж байв. Талибууд туршлагатай дайчидтай, тэдний нөөц боломж нь эсэргүүцлийн хүчнийхнээс хавь илүү гэдгийг эх сурвалж онцлоод, тэд "нэр төрөө хугалалгүй" бууж өгөх боломжийг хайж байгаа хэмээжээ.

 

Панжшер муж наймдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн "Талибан"-ы засаглалыг эсэргүүцэх төв болсон юм. "Панжшерийн арслан"-ийн хүү Ахмад Масудын тэргүүлэх отрядууд хяналтдаа байлгаж буй энэ мужид наймдугаар сарын 17-ны өдөр Афганистаны дэд Ерөнхийлөгч Амрулла Салех, Засгийн газрын цэргийн хүчний цэргийн алба хаагчид ч ирж байлаа.

 

Талибууд доллар, түүхэн дурсгалт эд зүйлийг эх орноосоо гаргахыг хориглов

 

Албан ёсны төрт улсаа эмхэлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөж амжаагүй ч талибууд тулаан эхлүүлснээсээ хойш л эзэлсэн нутаг дэвсгэрүүд дээрээ өөрсдийн хууль, журмыг нэвтрүүлсээр байв. Энэ удаад тэд Афганистанаас ам.доллар, түүхэн үнэт дурсгалын эд зүйлийг гаргахыг хоригложээ. Хоригийг зөрчвөл шинэ засгийн хатуу хуулиар шийтгэнэ хэмээн мэдэгдсэн байна.

 

"Тэнгисийн зам эсвэл газраар доллар, түүхэн дурсгалт эд зүйлийг гадагш нь зөөхийг хатуу хориглосон гэдг,ийг иргэдэд мэдэгдэж байна. Хориотой эд зүйлс илэрвэл нэн даруй хурааж, эзнийг нь хуулийг дагуу шийтгэнэ" хэмээн талибуудын удирдлага мэдэгджээ.

 

Энэ нь Афганистанд гадаад валют эрс хомстсонтой холбоотой байж мэдэх юм. Талибууд засгийн эрхийг авсны дараа АНУ Афганистаны Засгийн газарт хамаарах, Америкийн банкууд дахь нөөцүүдийг албан ёсоор царцааж, талибууд захиран зарцуулах боломжгүй болгосон бол Олон улсын валютын сан Афганистанд санхүүгийн тусламж үзүүлэхээс татгалзсан юм.

 

Эмэгтэйчүүдийг ажил хиийхийг хоригложээ

Эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах шинэ эрхзүйн орчныг бүрдүүлэх хүртэл Афганистаны хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүд ажиллах ёсгүй хэмээн "Талибан"-ын төлөөлөгч Забихулла Мужахид сэтгүүлчдэд мэдээлжээ. . Гэхдээ энэ нь шилжилтийн үеийн түр хугацааны арга хэмжээ хэмээн онцолсон байна. 


“Манай аюулгүй байдлын хүчнийхэн эмэгтэйчүүдтэй хэрхэн харилцахад суралцаагүй. Зарим нь тэдэнтэй яаж зөв ярихаа ч мэдэхгүй. Бид эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг бүрэн хангах хүртэл та бүхнийг гэртээ байхыг хүсэж байна” хэмээн Забихулла Мужахид мэдэгджээ. 


Хэдийгээр талибууд түр зуурын гэх зэргээр эмэгтэйчүүдтэй холбоотой хоригуудаа тайлбарлаж байгаа ч нутгийн иргэд, олон улс үүнд нь төдийлөн итгэхгүй байгаа юм. Эмэгтэйчүүдийн эрх бол Афганистанд талибууд эрх мэдлийг булаан авсанд дэлхий нийт санаа зовниж буй гол шалтгаануудын нэг юм. Одоогоос 25 жилийн өмнө талибууд Афганистаны эрхийг барьж байхад эмэгтэйчүүд тус улсын хамгийн эмзэг бүлэг байлаа.

 

Тэд нүүрээ ил гарган явж болохгүй, гадуур гагцхүү нөхрийн хамт гарах, сургуульд суралцах боломжгүй байсан юм. Талибууд 1996-2001 оны хооронд  Афганистанд төр барьж байхдаа эмэгтэйчүүдийг ажиллаж, сурахыг хориглон гэрт нь суулгаж байсан бөгөөд гэтэл тэднийг ийнхүү төрийн эрхэнд гарахаас өмнө буюу 90-ээд оны эхээр сургуулийн багш нарын 70 хувь, төрийн албан хаагчид, оюутнуудын 50 хувь, эмч нарын 40 хувь нь эмэгтэйчүүд байжээ.

Гэтэл талибуудын засаглалын дараа бүх зүйл орвонгоор эргэж, “ардчилсан засаглал” тогтосны дараа байдал сэхэх замдаа орж байсан ч Афган дахин талибуудын гарт оров. 


Энэ удаад суралцах, ажиллах эрх өгнө, нүүрээ хаалгүйгээр энгийн хижаб ч өмсөж болно гэх зэргээр амлаж байсан ч бодит байдал дээр эрс өөр байгаа тохиолдол олон гарч байна. Тухайлбал Кабулд талибууд ирсэн өдөр CNN агентлагийн сэтгүүлч Кларисса Уорд үйл явдлыг сурвалжлахын тулд хижаб өмсөхөөс аргагүй болсон бөгөөд талибуудын нэг нь түүнийг нүүрээ халхлахыг шаарджээ. 


Түүнчлэн талибууд хяналтаа тогтоосныхоо дараа л сургуулиудыг хааж, эмэгтэйчүүдийг нүүрээ хаасан хувцас өмсөхийг шаардаж эхэлсэн бөгөөд энэ хувцасны эрэлт эрс нэмэгдсэн тул Афганы дэлгүүрүүдэд үнэ нь 10 дахин өсчээ. Өнгөрсөн жил нүүр халхалсан хувцас 200 афгани байсан бол одоо 2000-3000 афганигаар худалдаалагдаж байгаа гэнэ. 

Афганистан: Талибан төрөө эмхэлж, афганчууд дүрвэсээр байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин