Афганистан: Эмэгтэйчүүд сурах эрхгүй болж, харгис шийтгэлүүд эргэн нэвтрэв
2021-09-29

АНУ болон НАТО энэ оны тавдугаар сараас цэргүүдээ гаргаж эхлэснээс хойш 20 жилийн өмнө алдсан эрх мэдлээ эргүүлэн авахаар талибууд Афганистаны засгийн газрын цэргүүдтэй тулалдан явсаар, наймдугаар сарын 15-ны өдөр Кабул хотыг зэвсэггүйгээр эзлэн авсан. Ингээд тэд Афганистаныг бүрэн хяналтдаа оруулсан хэмээн мэдэгдэж, өөрсдийн засаг, хуулийг мөрдүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн өдрүүдэд талибуудын эрх барьж буй Афганистанд ямар өөрчлөлтүүд гарч байгаа талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

"Талибан" хөдөлгөөнөөс томилогдсон, Кабулын их сургуулийн шинэ ректор Мухаммад Ашраф Гайрат эмэгтэйчүүдийг тодорхойгүй хугацаагаар энэ сургуульд ажиллах, сурахыг хориглосон талаар Нью-Йорк Таймс срнин мэдээлсэн байна. 

 

"Би Кабулын их сургуулийн ректорын хувьд та бүхэнд хандаж байна. Одоогоор исламын жинхэнэ орчин хүн бүрт хангагдаагүй, тиймээс эмэгтэйчүүдийг их сургуульд элсэх эсвэл ажиллахыг зөвшөөрөхгүй. Ислам бүхнээс дээгүүрт тавигдана" хэмээн Мухаммад Ашраф Гайрат мэдэгджээ. 

 

Сүүлийн 20 жилийн хугацаанд харьцангуй эрх чөлөөтэй нөхцөлд ажиллаж байсан эмэгтэй ажилтнууд энэ шинэ тушаалыг эсэргүүцсэн байна. Талибууд наймдугаар сарт эрх мэдлийг гартаа авсны дараа хуучин цаг өөрчлөгдсөн, эмэгтэйчүүдэд сайн цаг ирнэ, тэд ажиллаж суралцахын дээр төр удирдахад ч оролцоно гэж удаа дараа мэдэгдэж байлаа. Гэсэн ч тэдний энэ амлалт оргүй хоосон байж, талибууд аюулгүй байдлыг бодолцох нэрийдлээр эмэгтэйчүүдийг ажилдаа явахыг хориглож байгаа юм. 

 

Өдгөө 34 настай, талибуудын хөдөлгөөнийг дэмжигч Ашраф Гайрат хоёр долоо хоногийн өмнө Кабулын их сургуулийн ректороор томилогдсон байна. Тэрбээр Афганистаны дунд сургуулиудыг "биеэ үнэлэлтийн төвүүд" хэмээн мэдэгдэж байв. Талибууд чухамхүү ийм үзэлтэйн улмаас Афганистаны улсын их дээд сургуулиудыг хааж, олон мянган оюутан суралцах боломжгүй болжээ. Эдгээрийн дотор, АНУ 100 сая гаруй долларын хөрөнгө оруулалт хийсэн Афганистан дахь Америкийн их сургууль хөсөр хаягдсан байна. 

 

Харгис шийтгэл эргэн нэвтрэв


Хэдхэн хоногийн өмнө Афганистаны Герат хотын төв талбай дээр “Талибан” хөдөлгөөний дайчид дөрвөн хүний цогцос өлгөжээ. 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, хүн барьцаалсан хэрэгт буруутай гэж талибууд үзэн, дөрвөн хүнийг цаазласан байна. Эхлээд Гератын төвд цогцоснуудыг өлгөсөн бол дараа нь бусад газарт “үзүүлэхээр” дүүрэг бүрт аваачсан гэнэ. 


Герат дахь цагдаагийнхны мэдээлснээр дээрх дөрвөн хүний барьцаалсан эцэг, хүү хоёрыг талибууд сулласан аж. Барьцааны хүмүүсийг суллах үеэр буудалцаан болж, нэг барьцаалагч талибын дайчин болон энгийн нэг иргэнийг шархдуулж, улмаар хариу гал нээх үеэр бүгд алагдсан гэнэ. 


Талибууд хатуу шийтгэлийг эргэн нэвтрүүлэхээр зэхэж байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарч байлаа. Тодруулбал, хүний амь хөнөөсөн этгээдийг цаазлах, хулгай хийсэн хүнийг шариатын хуулиар гар, хөлийг нь тайрах гэсэн шийтгэл оноож эхэлнэ гэж “Талибан” хөдөлгөөн мэдэгджээ. Гэхдээ энэ удаад өмнөх шиг олны нүдэн дээр цаазын ял гүйцэтгэхгүй байж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. 


Талибууд 1996-2001 оны хооронд Афганистаныг удирдаж байхдаа цэнгэлдэх хүрээлэн, мөргөлийн газруудад ял, шийтгэлийг гүйцэтгэдэг байв. Тухайлбал, хулгай хийсэн хүний гарыг тайрч, дээрэм хийсэн хүний хөлийг тайрч байсан бол хүний аминд хүрсэн хүнийг төрөл төрөгсдийнх нь гараар буудан хөнөөлгөдөг байв. 


“Талибан”-ы төлөөлөгч Мулла Тураби гар тайрах шийтгэл нь “аюулгүй байдлыг хангахад нэн чухал”, мөн гэмт хэрэг буурахад нөлөөтэй хэмээн мэдэгджээ. 


“Цэнгэлдэх хүрээлэн дээр шийтгэл гүйцэтгэж байсан гэж бүгд л биднийг буруутгаж байлаа. Гэвч бид барууны ертөнцийнхний хууль, шийтгэлийгхэзээ ч эсэргүүцэн ам нээж байгаагүй. Манай хууль ямар байхыг хэн ч зааж чадахгүй. Бид исламыг дагаж, Кораны дагуу хуулиа батална” хэмээн Мулла Тураби мэдэгджээ. 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Z:
Medrel mini Kabul ruugaa tonil
2021-09-29
зочин:
энэ чинь харин манайд хэрэгтэй байна
2021-09-29
Z:
Medrel mini Kabul ruugaa tonil
ZOCHIN:
DELHII TALIBANIIG HEZEE CH ZUVSHUURUH ESGUI TALIBUUD BOL ZUGEER L ZERLEGUUD....
2021-09-29