"Роскосмос"-ын нягтлан бодогч амиа хорлож, захирлууд нь баривчлагджээ
2023-12-26

Оросын "Роскосмос" төрийн корпорацийн харьяа "Геофизика-космос" хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал Евгений Фомичев онц их хэмжээний мөнгө луйвардсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Энэ талаарх мэдээллийг ТАСС агентлаг дамжуулсан байна. 

 

Оросын төрийн корпораци болох "Роскосмос"-ын удирдлагатай холбоотой дуулиантай хэрэг сүүлийн хэдэн өдөр ар араасаа гарсан юм. Энэ корпорацийн харьяа "Геофизика-космос" хувьцаат нийгэмлэгийн захирал онц их хэмжээний луйварт буруутгагдан, түүнйг цагдан хорьж эхэлсэн бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол 10 хүртэлх жилийн хорих ял, нэг сая хүртэлх рублийн торгууль оноох аж. Үүнээс өмнө "Роскосмос" корпорацийн Ерөнхий нягтлан бодогч амиа хорлосон хэрэг гарч байлаа. Амиа хорлосон шалтгаан тодорхойгүй ч Оросын хараат бус хэвлэлүүд энэ үхлийг тус корпорацид болсон шалгалт, луйврын хэрэгтэй холбон тайлбарлаж байгаа юм.

 

"Геофизика-космос" нь төрөл бүрийн зориулалтын сансрын аппаратуудын оптик цахилгаан төхөөрөмж, навигацийн төхөөрөмж боловсруулан, үйлдвэрлэдэг Оросын тэргүүлэгч үйлдвэр юм. Оросын бараг бүхий л сансрын аппарат энэ үйлдвэрт үйлдвэрлэсэн аппараттай байдаг аж. Өмнө нь, 2022 онд энэ байгууллагад шалгалт орж, 704 ажилтны цалинг олгоогүй гэсэн зөрчил илрүүлж, хохирсон ажилтнуудын цалинг нөхөн төлж, буруутай этгээдүүдэд захиргааны шийтгэл оноож байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин