Нийслэлийн түүхээр эрдэмтэд илтгэл тавив
2012-02-09

“Нийслэл хүрээ”-ний 100 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээ “Нийслэл Хүрээ-100 жил” эрдэм шинжилгээний бага хурлаар үргэлжилж байна. Энэхүү түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Архивын ерөнхий газар хамтран “Нийслэл Хүрээ-100” жил эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. XX зуунд монголчуудын дэвшин хөгжсөн түүх нь нийслэлийн түүхтэй салшгүй холбоотой.  Нийслэл хотын түүхийг дотоод гадаадын эрдэмтэн судлаачид тал бүрээс нь судалсаар ирсэн ч ул үндэстэйгээр тодруулах, чухал баримт, дурдатгал дурсамж зэргийг судалгааны эргэлтэд оруулах  нь түүхэн үйл явдлын зангилаа асуудлыг тодруулан хэлэлцэх, үнэлэх боломжийг өргөжүүлэх юм.  XX зууны Монголын нийгэм, улс төр, оюун санааны амьдрал, соёлын түүх болон  нийслэл хотын түүхийн асуудлыг  хэлэлцэх, санал солилцох, эх сурвалж баримтыг эргэлтэнд оруулах зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан байна.  Хуралд 20 орчим эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Эрдэмтэд Нийслэл хүрээ хэмээх нэр өргөмжилсөн түүхт 100 жилийн ойн хүрээнд монголчуудын хот суурин байгуулж байсан өв соёл, нийслэл хотын түүхэн хувьсал хөгжил, өнөөгийн Улаанбаатарын өмнө тулгамдаж  буй асуудлуудад анхаарлаа хандуулж байв. “Нийслэл Хүрээ-100” жил эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрдэмтэн, судлаачдын  илтгэлүүдийн эмхтгэн ном болгон хэвлүүлэх аж. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин