
Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар АН-ын дарга Н.Алтанхуягийг томиллоо. УИХ түүнийг энэ суудалд 72,4 хувийн саналаар баталсан юм. Тэр өмнөх Засгийн газарт тэргүүн шадар сайдаар ажиллаж байгаад жил хүрэхгүй хугацааны өмнө албаа өгөхөд орон тоог нь мөн цомхтгосон. Өдгөө нэг шат ахиж, гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдсон нь бараг халуун суудал дээрээ эргэж ирлээ гэсэн үг.
Дороо 11 яамтай ажиллаж байсан Н.Алтанхуягт яамд нь цөөдөөд байгаа юм болов уу лав л хоёр яамны ажил үүргийг салгаж, дөрөв болгох яриа гарсан. ЭБЭХЯ-ыг хариуцсан салбараар нь хоёр хувааж, иргэдээ ажилтай, орлоготой болгохын тулд Хөдөлмөрийн яамыг дангаар байгуулна гэсэн. Олимпоор амьсгалсан энэ өдрүүдэд Соёл урлаг, спортын яамтай болоход байг гэх газаргүй хэмээн үзэв. Мөн 80-аад хүний орон тоотой Үндэсний хөгжил шинэтгэлийн хороог яамны дайтай болгоно гэдгээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэллээ. Гэхдээ тэрээр Ерөнхий сайд болоогүй байхдаа ч хамтарсан засгийг бүрдүүлэх гол намын даргын хувьд ажлын хариуцлагыг сайжруулах үүднээс бүтцийн хувьд яамдын тоог нэмж болно, харин орон тоог хэвээр хадгална гэсэн байр сууриа илэрхийлж байсан.
Харин сөрөг хүчин МАН-ынхан шинэ Засгийн газар 20-иод яамтай, 30-аад сайдтай болно гэсэн бор шувуу нисгэж байгаа. МАХН 2000 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараахан албан тушаалын бялууг пологттол нь хуваахын тулд яамдыг нэмж, бүр дэд сайдын суудал бий болгон ихэвчлэн сонгуулийн спонсорууддаа хандивлаж байсан. Эндээс л хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын эх зах мэдэгдэхээ больсон. Энэ нь 1999 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулан, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэж төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг гажуудуулсантай шууд холбоотой. Тэр цагаас эрхэм гишүүд сайд болох цусгүй тулаанд мордож, сайдын суудал хагас тэрбум төгрөгөөр үнэлэгдэх болжээ. Францын их сэтгэгч Ш.Л.Монтескье 260 жилийн тэртээ “Хууль тогтоох хийгээд гүйцэтгэх засаглалыг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөөний тухай ярих ч хэрэггүй. Нэгэнт эрх чөлөөгүй нөхцөлд хараат бус шударга шүүх оршихгүй” гэсэн нь нэг талаар өнөө цагийн өнгийг тодорхойлж байна.
Эрх мэдлийн тэнцвэртэй, хяналттай хуваарилалт алдагдан олигархиуд хөлжсөн, авлига цэцэглэсэн өмнөх жилүүдийн эрээн барааныг гүйцэтгэх засаглалын өнгөнөөс зайлуулж чадвал Ерөнхий сайд үнэхээр гоё харагдана. Сонгуулиар тойрогт унасан хүн Засгийн газарт орно гэж санасны гарз хэмээн Ерөнхийлөгчийн сануулсан үг үүнд бас аятайхан шалтаг болно. Албан тушаал эхийн сүүнээс амттай гэдгийг мэдэрсэн олон хүний гарын алга загатнаж байна. Эвслийн нэрээр, ИЗНН-ын нүүрээр сайдын сандал зайдагнах гэсэн хүмүүс хаалга үүд онголзуулах нь лавтай. Таны томилгоо доошлох тутам улам хувийн эрх ашиг, бүлэглэлийн ашиг сонирхолд суурилсан санал хүсэлт давамгайлах болно гэдгийг юу эс андахав. Өнөөдөр жижиг бялуу хүртсэн нэгэн хожим том булуу хурааж мэдэх юм шүү.
Дархан-Уулд өвдөг шороодсон М.Энхсайхан, Архангайд бүдэрсэн Н.Удвал гээд “Шударга ёс”-ны нэрээр Засгийн газрын хаалга татвал зарчмын хувьд ариун явдал мөн үү гэх мэт олон алхмыг олон түмэн харж байна. Үйлдвэрчний С.Ганбаатар ажил олгогч эздийн Х.Ганбаатартайгаа нийлээд хөдөлмөрчин ардын эрх ашиг нэрээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах санал хэмээн бариад гүйж явна. Тэгвэл энэ хоёр нөхөр өмнөх Засгийн газраас зарласан хөдөлмөр эрхлэлийг дэмжих жилийг далимдуулан гурван талт ширээний ард сууж байгаад Т.Гандигаар дэмжүүлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан тус бүр 600 сая төгрөгийн зээлээрээ хичнээн хүнийг ажилтай болгов. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрөөс авсан 600 айлын байраа С.Ганбаатар барьсан уу? Ид ажлын дундуур их ажлын дүр эсгэсэн энэ мэт хүмүүсээс амыг нь асууж, тарыг нь таньж байгаад засгийн ажилд хутгалдуул. Цаадахь чинь барьцаа ахиулж байгаа юм. Хэн байгаад хэний хүчинд хэн болсныг нь хэнээр ч хэлүүлэлтгүй хэн ч мэдэх юм чинь.
Танай засаг хэр удах бол гэж Ц.Нямдорж танаас асуусан. Хэр удах нь холын ардууд биш, ойрын хамтрагчдаас чинь шууд шалтгаална.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ