
Хатан Туул Монголын түүхэнд мөнхөрсөн томоохон гол мөрний нэг. Улаанбаатар хотын урд талыг хөвөөлөн зүүнээс баруунаа урсдаг. Шинэ мянганы эхэнд эрэг хөвөөний байшин барилгуудаа дааж ядан, элдвийн хог новшинд бузарлагдаж, тунгалаг урсгал нь туждаа булингартжээ.
Хатан ижийгээ амирлуулах сайхан яриа арав гаруй жилийн нүүр үзэж байна. Энэ хооронд хотын дарга Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр гээд гурвантаа солигджээ.
2005 онд Улаанбаатар хотноо “Сөүлийн өдрүүд” болох үеэр Сөүл хотын дарга буюу одоогийн БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Пак тэргүүтэй төлөөлөгчид ирж, Чөнгэчен голыг сэргээн тохижуулсан ажлын талаар сурталчилж байлаа.
Үүнийг өлгөн авч экс мэр Ц.Батбаяр нарын албаныхан Солонгосын Хан мөрний цогц төлөвлөгөө болон Чөнгэчөн голыг сэргээн тохижуулсан бодит жишээтэй газар дээр нь танилцсан юм.
Ингээд 2007 оны сүүлчээр БНСУ-ын “Чунгсук инженеринг” компанитай хамтарч, “Туул, Сэлбэ голын хөгжлийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр албан ёсоор үзэглэж, урьдчилсан судалгаанд зориулан 2008 онд “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-д 800 сая, нийслэлийн төсөвт 200 сая төгрөг нэмж баталж байлаа.
Геодези, инженер-геологи, байгаль орчны судалгааны чиглэлээр гурван компани тендерт шалгарсан. Дараа нь “Чунгсук инженеринг”-ийн ерөнхийлөгч Жен Хы Ён ирж, Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхан энэ төсөл ихэд өндрөө авав.
Өндөр авахаас ч аргагүй. Их хот Туул, Сэлбэ хоёр голын сав газарт орших агаад хүн ам эрс өсч, унд болон ахуйн усны хэрэгцээ ихээр нэмэгдэв. Голын татамд барилга байгууламж олноор баригдаж, голдрилд нь хагшаас буюу элс, шороо, чулуу хуримтлагдан, ахуйн болоод барилгын хог хаягдалд дарагджээ. Үерийн далангууд нь ч үнэхээр хуучирч муудсан байна.
Иймээс Туул голын Гачууртаас Сонсголонгийн гүүр хүртэл 39 км голдрилыг засах, хоёр талаар нь үерийн далан барих, усны түвшин тогтоогч босго тавих, хөвөөгөөр нь парк байгуулах, эргийн дагуу зам, гүүр барих зэрэг ажил хийхээр төлөвлөсөн юм.
Сэлбэ голд боргио үүсгэгч босго тавих, хагшаас хуримтлуулах байгууламж барих, ландшафт байгуулахаар болсон.
Нийт 640 тэрбум төгрөг буюу 540 сая ам. долларын төсөвтэй төслийн хувь заяа мод бут огтлох, бохир усаа юүлдэг ашиглалтын үйл ажиллагааг хязгаарлах, хог хаях, машин угаах, мал бэлчээх, барилга байгууламж барихыг хориглохоос ихээхэн хамаарах учиртай ч бахь байдгаараа өдий хүрэв.
Техник, эдийн засгийн үнэлгээгээр эхний хоёр жилд боловсруулсан ажлын зураг төсөл зөвхөн цаасан дээр хагас дутуу үлдэж, зургаан жилд багтаан барих барилгын ажил үндсэндээ эхэлсэнгүй.
Төслийг Монголын талаас хариуцсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон тухайн үеийн Байгаль орчны яам хэдэнтээ зүсээ хувиргажээ. Их хотын цэвэр усны гол эх үүсвэр 193 гүний худаг эзэнгүй шахам хаягдаж, Туул голын урсгал зарим жилд тасарч байна.
Харин голын эхний ойг сүйтгэсний улмаас газрын гадарга дээгүүрх урсацын хэмжээ нэмэгдэж, үерийн долгион хүрэх хугацаа богиносч, харин өндрийн түвшин дээшилсэн нь голын голдрилд хагшаас хуримтлагдсанаас ёроол нь өндөрссөнтэй холбоотой.
Сүүлийн жилүүдэд үерээс өрсч сэргийлэх ажлаас төвөгшөөж, үерт авахуулсан хэдэн айлд гэр олгосноор санаа амардаг болсон доо.
Төсвийг сувайруулж, төслийг саамшруулсан их хотын хуучин удирдлагуудын балгаар Туулын урсгал туждаа булингартай байна.
С.Аня
СЭТГЭГДЭЛ БИЧИХ