Эрхи нь гацахгүй бол эрхий минь торохгүй

img

Монгол хүүхдүүд Японы соробан сампинд гаршиж байна. Саяхан Бүх Японы соробангийн холбооны тэргүүн Морита Эцүо тэргүүтэй төлөөлөгчид Монголын соробан сампингийн холбооны урилгаар манайд айлчиллаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Яманака скүүлийн захирал Яманака Коожи, Яманака Кэйко, Сайтама мужийн соробан сампингийн багш Намики Саяако, Ибараки мужийн Соробангийн холбооны ажилтан Аоки Кэйжи нар ирсэн юм. Тэд Монгол дахь соробан сампингийн сургалтын байдалтай танилцаж, Монгол Улсад суугаа элчин сайд Шимизү Такэнори, НИТХ-ын дарга Д.Баттулга нартай уулзлаа. Ноён Д.Баттулга монгол хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэх соробан сампингийн сургалтад тусламж дэмжлэг үзүүлж байгаа Морита гуайд талархаад Улаанбаатар хотын захиргаанаас тал бүрээр дэмжихээ илэрхийлэв. Ирэх 11 дүгээр сард соробан сампингийн улсын уламжлалт олимпиад болно. Өнгөрсөн жил нийслэлийн бага, дунд сургуулийн сурагчдын дунд тус олимпиадын хоёр дахь удаагаа зохиогдсон билээ. Монголын соробан сампингийн холбоо 2009 онд байгуулагдсан бөгөөд Японы ижил төстэй байгууллагуудтай холбоотой ажилладаг. 2010 оны есдүгээр сард Тайваньд төвтэй Олон улсын соробан, математикийн холбоонд элсчээ. Монголчууд бидний сампин гэж нэрлэдэг төмөр утсан голоор нь бөөрөнхий эрх гүйлгэн тоо боддог дээр үеийн “тооны машиныг” хятадаар суаньпан, англиар абакас (abacus), японоор соробан, оросоор счёты (шёты) гэж нэрлэдэг ажээ. Япон хүн аливаа жижиг сажиг нарийн мэдрэмж шаардсан ажилд тун дадмаг байдгийг дэлхий дахин мэднэ. Японы уламжлалт соёл болох соробан сампингаар тоо бодох, савх барьж цагаан будааг ширхэг ширхгээр нь түүж идэх нь мэдээж чамлахааргүй чадвар шаардана. Ер нь япончууд өөрсдөө ч анзаарахгүй шахам хурууныхаа үзүүрээр маш их дасгал байнга хийдэг байна. Харин соробан сампингийн хувьд тархины сэтгэн бодох үйл ажиллагаа чухал. Монгол хүүхдүүд соробан сампинг ёстой эцэг өвгөдийнхөө “Эрхи нь гацахгүй бол эрхий минь торохгүй” гэсэн лугаа сурч байгаа нь япончуудын сэтгэлийг ч хөдөлгөж байна. Японы соробангийн сургуулиудын холбооны дэд тэргүүн Яманака Монголд ирэхдээ, танай хүүхдүүд соробангаар ийм чадварлаг бодно гэж төсөөлсөнгүй. Тэд тун сэргэлэн юм, удахгүй олон улсын олимпиадад ч амжилттай оролцох нь дамжиггүй. Намайг маш ихээр баярлуулсан зүйл бол сороабангийн сургалтын үндэс маш зөв тавигдаж байна гэжээ. Соробанаар дөрвөн аргын тоонд суралцахад хамаагүй дөхөмтэй ажээ. Эрт дээрээс Японд боловсролыг “ёми каки соробан” (унших, бичих, соробан) гэж ярьцгаадаг байсан бөгөөд хүн юуны өмнө олж авах ёстой суурь боловсролын нэгийг тооны ухаан гэж үздэг байж. Үнэхээр ч олон зууны туршид япончуудын тоо бодох ухаан, тооцоолох мэдрэмжийн үндэс болсоор ирсэн соробаны Японы боловсрол, аж үйлдвэрийн хөгжилд оруулсан хувь нэмэр их юм байна. Тухайн орны эдийн засгийн чадал чансааг хэмжих шалгуур нь эхний ээлжинд ард түмнийх нь боловсролын төвшин бөгөөд тоо бодох чадвар ихээхэн жин дарах үзүүлэлт болдог аж. Япончууд цээжээр бодохдоо бусдаас илүү, хүүхдүүд нь олон улсын математикийн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлдэг зэрэг нь яах аргагүй бага наснаасаа соробанаар хичээллэж ирсний үр дүн гэдэг. Хэдийгээр орчин үед соробанаар хичээллэх нь багасч байгаа ч япончуудын 50-иас дээш настнууд хэр баргийн тоог цээжээр хурдан бодож чаддаг нь тэдний хувьд онцгой зүйл биш гэнэ. Тиймээс сүүлийн үед дунд сургуулиудын сургалтын хөтөлбөрт хүний оюун ухааны үйл ажиллагааны үндэс болсон цээжлэх, анхаарал төвлөрүүлэх, уужуу тайван сэтгэх, ажлаа зөв төлөвлөх, шийдвэрийг цагт нь гаргах зэрэг чадварыг эзэмшихэд соробаны хичээл онцгой ач холбогдолтойг үнэлж, аажим аажмаар сэргээн оруулж эхэлжээ. Соробанаар зөв, тууштай хичээллэсэн хүүхэд нэмэх, хасах, хуваах, үржүүлэх үйлдлийг богино хугацаанд цээжээр бодож чаддаг болохоос гадна анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлэх чадвар эзэмшдэг байна. Түүнчлэн аливаа ажлыг тэвчээртэй, төлөвлөгөөтэй, цэгцтэй хийж сурдаг онцлогтой. Соробаны хичээлийн үед хүүхдүүд хуруугаараа сампингийн эрхийг хөдөлгөж, нүдээрээ харж нягтлан, тоогоо ухаан санаандаа ургуулан бодно. Түүнчлэн эрхний хөдөлгөөнөөс үүсэх дуу чимээ нь хичээлийг амьд сонирхолтой болгодог гэнэлээ . Үүнээс үзэхэд соробанаар тоо бодно гэдэг нь гар, нүд, чихээ нэгэн зэрэг ажиллуулж, оюун ухаандаа хариуг нь эрсэн бодлогоо төсөөлөн бодох үйл явц юм. Соробаны эрхийг нааш цааш гүйлгэн бодох нь ил, ойлгомжтой харагдах учраас ихээхэн сонирхолтой хичээл болдог байна. Хүний уураг тархи баруун, зүүн гэж хуваагдан үйл ажиллагаагаараа ялгардаг учраас зүүн нь ярих, бичих, сэтгэн бодох, шийдвэр гаргах онолын сэтгэлгээний үүрэг гүйцэтгэдэг бол баруун тархи нь хийсвэр орон зайг мэдрэх, төсөөлөх, тооцоолох, орон зайд аливаа зүйлийг бүтээх зэрэг мэдрэмжийн чадварыг биежүүлдэг. Харин соробаны сургалт нь хоёр тархины үйл ажиллагаанд зэрэг хамаардаг. Соробаныг сайн эзэмшсэн хүмүүсийн туршлагаас харахад уураг тархи их л уян хатан мэдрэмжтэй болдог байна. Соробанаар тоо бодож чаддаг хүний хийсвэрлэх, төсөөлөн бодох чадвар эрс дээшилдэг байна. Энэ нь уураг тархи байгаль, нийгмийн зэрэг аль ч шинжлэх ухаанаар хичээллэсэн хүлээж авахад бэлэн байна гэсэн үг. Нийгмийн амьдрал ахуй автоматчилагдахын хэрээр чадваргүй хүүхдүүд өсч өндийж, бэлэнчлэх сэтгэлгээнд дарлуулж байгаа ч соробанаар хичээллэвэл энэ байдал тодорхой хэмжээгээр багасна гэж үзэж байна. Гэтэл тооны машины товчлуурыг дарах төдийд л хариу нь гараад ирдэг. Ингэснээрээ тоо бодох чадвар, тооцоолох мэдрэмжийг байнга сулруулдаг байна. Японд тооны хичээлдээ тааруухан хүүхэд соробан сураад сайн тоочин болж гэсэн яриа нэлээд сонсогддогийн учир нь соробанаар тоо бодох үндсэн зарчим нь их энгийн байдаг учраас хүүхдэд ихэд ойлгомжтой байдаг бололтой. Тиймээс ч япончууд соробанаар хичээллэсэн 7-8 настай хүүхэд олон оронтой тоог үржүүлж хуваан хариуг нь хэдхэн секундын дотор гаргаж байгааг хараад нэг их гайхдаггүй гэдэг. -Яваандаа монгол хүүхдүүд соробаны бүх дүрэм, арга техникийг эзэмшин өндөр түвшинд хүрэх үед олимпиадыг хэд хэдэн үе шаттай явуулах бодолтой байна. Манайд одоохондоо 9-15 насны хүүхдэд соробаныг заах нь зохимжтой гэж үзэж байгаа. Харин Японд бүр багаас нь буюу 4-5 наснаас нь ч заах нь элбэг хэмээн Монголын Соробан сампингийн холбооны тэргүүн, Япон судлаач Д.Төмөрбаатар хэлж байна. Ер нь сампин Азид түлхүү хөгжсөн бололтой. Соробаныг анх хятад сампингийн зохион байгуулалт, тооцоолох холбоос аргыг улам боловсронгуй болгон сайжруулснаар япончууд бий болгожээ. Хятад суаньпан буюу сампин бол эгнээнийхээ нэг талд хоёр, нөгөө талдаа таван эрхтэй,17-23 эгнээ буюу төдий хэмжээний тооны орноос бүрдсэн байдаг бол япончууд энэ зохион байгуулалтыг улам боловсронгуй болгож, нэг эгнээнд нь нэг эрх, нөгөө талд нь дөрвөн эрхтэй болгон өөрчилжээ. 500 орчим жилийн түүхийн явцад Японы соробан нь тооцоолон бодох, цээжээр бодох чадварыг суулгах, тооны мэдрэмжийг сайжруулах гэх мэтээр хүний оюун ухааны хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэх тооцоолон бодох соёл болтлоо хөгжиж иржээ. Ялангуяа 50-иас дээш насныхан соробан сампингаар хичээллэвэл ой ухаан муудахаас сэргийлдэг сайн талтай. Энэ сампингийн овор хэмжээ нь бага, эрх нь жижигхэн учраас аль насныхан хэрэглэхэд хялбархан байдаг. Иймээс түүний жижигхэн эрхнүүдийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөн тоо бодох нь уураг тархины эд эсийн үйл ажиллагаа сулдах, ой ухаан доройтохоос сэргийлдэг давуу талтай. Соробаныг сурч байгаа хүүхдүүдийн чадварт тааруулан орных нь буюу эгнээнийх нь тоог тогтоодог бөгөөд дээд тал нь 27 болон түүнээс дээш оронтой тоо бүхий оронтой соробан дээр боддог байна. Япон хэлэнд бас эрхээр тоолох гэсэн утгатай шюзан гэдэг хэллэгийг албан ёсны баримт бичиг, судалгааны ажилд одоо ч гэсэн хэрэглэх нь бий. Жишээ нь, Японы Соробаны холбоог Нихон соробан рэммэй гэхгүй Нихон шюзан рэммэй гэж нэрлэдэг байна. Харин соробан нь ерөнхий нэр болжээ. Эртний Грект нийтийн тооллоос өмнөх IV зууны үеэс тавиур дүүргэсэн элсэн дээр тоо бичиж боддог байснаа сүүлдээ, хавтан дээр чулуу зэрэгцүүлэн тавьж ашигладаг болсноос энэхүү абакас буюу тоо бодох хавтан, хөлөг гэсэн нэр үүссэн байна. Харин Хятадын суаньпангийн хувьд хэдийгээр нийтийн тооллын 190 оны орчимд хэрэглэж байсан гэсэн мэдээ түүхийн сурвалжид тэмдэглэгдсэн ч Хятадад суаньпаныг XII зууны үед нийтээр мэдэх болжээ. Оросын счёты нь XV – XVI зууны үед үүсч, тоолох, тооцоо бодох гэсэн утгатай орос хэлний үйл үгээс үүссэн нэр үг юм. Эдгээр тоо бодох хэрэгслүүд буюу үндэстэн бүрийн сампин нь овор хэмжээ, эрхний тоо зэргээрээ харилцан адилгүй, өөр өөрийн онцлогтой. Харин сүүлийн үед дэлхийн олон оронд Японы соробаныг мэддэг болж, хамгийн оновчтой зохион бүтээгдсэн, хүний оюун ухааныг хөгжүүлэн задлагч, багаасаа сурахад тохиромжтой гэдгийг баталсан байна. Японд соробаны сургалтын ач холбогдлыг шинээр үнэлж эхэлсэн төдийгүй Монголын өсвөр үеийнхний дунд эрчимтэй хөгжиж байна. Х.Ариунбаатар  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ider:
Hotiin uildverchnii evleliin holboonii bairnii 4n davhart 404, 405 tootod. Ooroor: 11 dugeer surguilas hoishoo bombogor oroh zamd bii.
2012-08-29
ene samping haana zaadag yum boloo?
2012-08-28
Ider:
Hotiin uildverchnii evleliin holboonii bairnii 4n davhart 404, 405 tootod. Ooroor: 11 dugeer surguilas hoishoo bombogor oroh zamd bii.