
Хичээлийн шинэ жил эхэлж, төрийн байгууллагуудын ажил 8.00 цагаас эхлэх болсны улмаас өнөөдөр өглөө замын хөдөлгөөний ачаалал харьцангуй их байлаа. Гэхдээ 1, 6 гэсэн тоогоор төгссөн дугаартай автомашинуудыг хөдөлгөөнд орохыг хориглож, албан газар, сургууль, худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг зөрүүтэй тогтоосон нь нэг талаар оновчтой болжээ. Харин нийтийн тээврийн автобус, троллейбусанд зорчигчид их байна.
Хотын төвийн нийтийн эзэмшлийн автомашины зогсоол гэж бараг байхаа больсон. Ойролцоох газрууд нь өмчилж, гинжилж түгжээд байдаг явдал арилаагүй байна. Ер нь нийслэлд алга дарам газрыг ч болов заавал хашаалж байж санаа нь амардаг аминчхан сэтгэлгээ амь бөхтэй оршсоор байгаа юм. Үүний наад захын нотолгоо нь автомашины зогсоол. Спортын төв ордон, МОНЦАМЭ агентлагийн өмнө талын зогсоол зэрэг цөөнгүй байгууллага нэг дор байдаг газруудын талбайг төлбөртэй болгосон ч төдийлөн ашиглаж чадахгүй байна. Яарсан иргэдэд хөшүүн хойрго үйлчилдэг, орох гарах хаалганы хажууд мөнгө төлөхөөс зайлсхийсэн жолооч нар машинаа хөндлөн гулд тавьснаас хөдөлгөөнийг саатуулдаг.
Автомашины төлбөртэй зогсоолын нэг цагийн үнэ 200 төгрөг байсан боловч өнгөрсөн оны 11 дүгээр сараас Драмын театр, Хангарьд ордон, Спортын төв ордны өмнөх талбайг засч тохижуулсны зардлыг шингээгээд 1000 төгрөг болгожээ. Иймээс иргэд тэнд машинаа богино хугацаанд тавихаас зайлсхийж, ойр орчны байгууллагын үүдэнд тавьж төвөг учруулдаг. Ер нь иймэрхүү эмх замбараагүй байдал нь хот тохижилтын ажилчдад хүндрэлтэй байдаг ажээ. 250 мянган автомашинтай нийслэлд төлбөртэй зогсоол гуравхан байдаг нь хачирхалтай.
Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэл замыг өргөтгөн засах ажил хийж хийж байна. Гэтэл зарим газарт байсан автомашины түр зогсоолыг байхгүй болгож, битүү хашлагатай болгосон нь нийтийн тээврийн автобус, троллейбус нэгдүгээр эгнээнээгээр саадгүй явахад бэрхшээлтэй болох нь. Энэ мэт үйлчилгээний шинжтэй зарим зүйлийг байх ёстой газарт нь хэвээр үлдээхгүй бол үүнээс ч илүү уршиг дагуулж болох юм.
Автомашины зогсоол нь явган зорчигчдын хөдөлгөөнд ихээхэн нөлөөлдөг. Зогсоолын талбай багадсанаас явган хүний зам дээр машинаа тавих, гарц таглаж зогсох зэрэг хандлага хаа сайгүй гардаг. Энэ нь автын цагдаа нарын анхаарлыг төдийлөн татаад байдаггүй учраас энэ талаар журам сахиулж, нийтийн эрх ашгийн үүднээс зохицуулдаг эзэнгүй байна.
Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний ачааллыг зохицуулах хоёр сарын аяны хүрээнд зогсоолын асуудлыг ч анхаарлын гадна орхимооргүй байна. Явган зорчигчдын эрх ашиг автомашины сүрд дарагдах учиргүй. Зарим газар дахь байшин барилгуудын өргөтгөл замд тулсан учраас явган хүмүүс автомашины замын хашлага дээгүүр явахаас аргагүйд хүрч байгаа нь ч нууц биш. Тухайлбал, Боловсролын их сургуулийн зүүн талын гудамжны замыг нэрлэж болно.
С.Аня
СЭТГЭГДЭЛ БИЧИХ