
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 7-9-нд болох Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны (АТЕС) дээд хэмжээний уулзалтад оролцохоор Владивосток хотод ирэв. Уузалтад дэлхийн томоохон 500 бизнесмен уригдсан бөгөөд АТЕС нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэлхийн томоохон форум юм. Тус байгууллагад оролцогч улсуудын нийт хүн ам 2,5 тэрбумаас давж байна. Энэ байгууллагад ОХУ, АНУ-аас гадна Австрали, Бруней, Вьетнам, Гонконг, Индонез, Канад, Хятад, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Папуа-Шинэ Гвиней, Перу, Сингапур, Тайвань, Филиппин, Чили, БНСУ, Япон багтдаг.
Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АТЕС) нь бүс нутгийн худалдааны салбарт хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтыг хөнгөвчилж, либералчлах зорилготой тус бүс нутгийн эдийн засгийн форум юм. Эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлтийг хангаж, Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг бэхжүүлэх зорилготой. Оролцогч орнуудад дэлхийн хүн амын 40 орчим хувь нь аж төрдөг бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний барагцаалбал 54, дэлхийн худалдааны 44 хувь ногдож байна.
АТЕС-ийн орнуудын газрын зураг
АТЭС-ийн түүхээс
Тус байгууллага 1989 онд Канберра хотод Австрали, Шинэ Зеландын ерөнхий сайд нарын санаачлагаар байгуулагджээ. АТЭС нь зохион байгуулалтын ямарваа хатуу бүтэц юм уу хүнд суртлын нүсэр аппаратгүй, чөлөөтэй зөвлөлдөх форумын хэлбэрээр байгуулагдсан. Сингапурт байрладаг АТЭС-ийн нарийн бичгийн дарга нарын газарт оролцогч орнуудыг төлөөлсөн 23 дипломатч, түүнчлэн орон нутгийн хөлсний 20 ажилтан ажилладаг. Уг нь сайд нарын хэмжээний жил тутмын Зөвлөгөөн нь АТЭС-ийн дээд байгууллага байсан юм. АТЭС-ийн орнуудын удирдагчдын уламжлалт уулзалт нь 1993 оноос тус байгууллагын зохион байгуулалтын үйл ажиллагааны гол хэлбэр болж байна.
Нэг жилийн хугацаанд форумын явуулсан үйл ажиллагааны ерөнхий дүнг гаргаж, цаашдын үйл ажиллагааны хэтийн төлвийг тодорхойлдог тунхаглалыг уулзалтаас гаргадаг юм. Гадаад хэргийн болон эдийн засгийн яамдын сайд нарын чуулган нэлээд тогтмол болдог.
АТЭС-ийн ажлын гол байгууллагууд нь: Ажил хэргийн зөвлөлдөх зөвлөл, шинжээчдийн гурван хороо (худалдаа, хөрөнгө оруулалтын хороо, эдийн засгийн хороо, захиргаа-төсвийн хороо) болон эдийн засгийн янз бүрийн салбарын асуудал эрхэлсэн ажлын 11 бүлэгтэй.
1998 онд шинэ гурван гишүүн Орос, Вьетнам, Перу улсыг АТЭС-т элсүүлсний зэрэгцээ Форумын гишүүдийн бүрэлдэхүүнийг цаашид өргөжүүлэхийг 10 жил түр азнахаар шийдвэрлэсэн юм. Энэтхэг, Монгол Улс АТЭС-т элсэх өргөдлөө өгсөн байна.
АТЭС-ийн зорилго
2020 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутагт нээлттэй, чөлөөт худалдааны систем, хөрөнгө оруулалтын либерал горимыг бий болгохыг 1994 онд стратегийн зорилгоо болгон зарлажээ. Хамгийн хөгжингүй орнууд 2010 он гэхэд либералчлалыг хэрэгжүүүлэх ёстой байв. Орон тус бүр үйл ажиллагааны төлөвлөгөөнийхөө үндсэн дээр шинэ горим нэвтрүүлэх хугацаа болон өөрийн статусыг бие даан тодорхойлдог.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ