Экс гишүүдийн эрүүгийн хэргийг шалгая
Авлигатай тэмцэх газарт шалгуулж байсан экс гишүүдийн хэргийг эргэн сануулья. Учир нь доорх гишүүдийн хэргийг шалгах явцад прокурорын байгууллагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч өнгөрөгч УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос татгалзсан шийдвэр гаргаж байв. Харин өдгөө Л.Гүндалай нарын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгах биз ээ.
Л.Гүндалай гэм буруугийн эсрэг маргаагүй
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдуулан АТГ-аас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурав, 263 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулж байсан билээ. Тус хэргийг Улсын Ерөнхий Прокурорын газар өнгөрөгч 2010 оны гуравдугаар сард 4/5, 2/14 тоот тогтоолоор түтгэлзүүлсэн тухай мэдээлэл тухайн үедээ цацагдаж байсан юм. Гэвч тэрбээр Улсын Ерөнхий прокурорт хандан “Гэм буруугийн талаар маргахгүй, өршөөлийн хуульд хамруулж өгнө үү “ гэсэн хүсэлт тавьсан байсан. Энэхүү хүсэлтийн дагуу Авилгатай тэмцэх газарт Улсын Ерөнхий прокуророос өнгөрөгч 2010 оны зургадугаар сарын 16-ны өдөр албан тоот хүргүүлж хэргийг сэргээн шалгаж өөрийх нь хүсэлтээр албан тушаалын хэргийг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан юм. Түүний холбогдсон хэргийг нэхэн сануулбал Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа MRI аппарат нийлүүлэх тендерт өөрийн ахын “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татагдаж шалгуулсан. Түүнчлэн Тайванийн Тайпэй хотоос Монгол Улсад тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр хэрэгт ч шалгуулж байв. Харин төрийн өмчийг завшсан буюу Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан үйлдлийг нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дуустал түдгэлзүүлсэн юм.
Х.Наранхүү өршөөгдөх үү
УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм.
Түүний гэм буруутай нь хяналтын шатанд тогтоогдсон боловч тухайн үед УИХ-ын бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байсан тул хэрэг нь замхарсан.
Сэжигтнээр татагдан шалгуулж буй Х.Наранхүү төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар 2000-2007 онд ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалаа урвуулж ашиглан, их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан хэрэгт татагдсан юм.
Түүнчлэн тус үйлдвэрт олон компанийн шахааны бараа, бүтээгдэхүүнийг авсан хэрэгт холбогдоод буй. Түүнтэй хамт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа хамтран оролцсон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.
Ш.Сайхансамбуу авлига өгснөө албан ёсоор дуулгаж байв
Нэгэн хэсэг сонин хэвлэлээр шуугиан тарьсан экс гишүүн Ш.Сайхансамбууд холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон юм. Албаны эх сурвалжийн өгч буй мэдээллээр “УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу бусдад авлига өгсөн нь нотлогдоогүй учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон” гэх тайлбар хийсэн билээ.
Түүнд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269.2 дахь хэсэгт зааснаар “ Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулан хээл хахууль өгөхийг завдсан” гэсэн үндэслэлээр хэрэгт татан шалгасан юм. Тэрбээр нэгэн өдөр тутмын сонинд “Авлига өгсөн улстөрчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байна” гэх утга бүхий ярилцлагыг өгсөн нь АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад хүргэсэн юм. Өмнө нь эрхэм гишүүн Ш.Сайхансамбуу энэ тухай ярихдаа “Төрийн өндөр алба хашиж буй хүмүүс ийм төрлийн гэмт хэрэг үйлддэг. Тийм болохоор л би өөрийгөө авлигачдын дунд сууж байна гэж ярьсан. Түүнээс биш авлига өгч, авсан юм байхгүй” гэж мэлзсэн. Юутай ч сонин хэвлэлд ярилцлага өгөхдөө авлига өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн экс гишүүний үйлдлийг хуулийн байгууллагынхан нотлож чадаагүй.
Д.Дондог эрүүгийн цагдаагийнхантай нийлж газар наймаалсан уу
Экс гишүүн Д.Дондогийн газрын наймаатай холбоотой хэргийг АТГ бус Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байснаа сураг тасарсан. Зарим учир мэдэх хүмүүсийн хэлэхээр экс гишүүний холбогдсон залилангийн болон газрын наймааны хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын хоёр ч офицер холбогдон хамтдаа шалгуулж байгаа гэх мэдээлэл бий. Түүнийг сонгуулийн сурталчилгаа хийх гэж танил болон намын нөхдөөсөө 2.6 сая ам.доллар залилан авч улмаар уг өрөө төлөхийн тулд газрын наймаа хууль бусаар эрхэлсэн гэж зарим хүмүүс үзэж байгаа.
Уг хэргийг шалгаж эхлэснээс хойш УЕПГ-аас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг хуучин УИХ-ын даргад гурван удаа явуулсан боловч Хууль зүйн байнгын хорооноос түтгэлзүүлэх саналыг хүлээн аваагүй. Ингэснээр сэжигтэн Д.Дондогын хэрэг сонгуультай хамт мартагдсан юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ