
“Өдөр бүр өндөг хэрэглэцгээе” гэсэн эрхэм уриатай 15 жилийн түүхтэй “НВЦ” компанийг хэрэглэгчид хэдийнэ таньдаг болсон. 150 гаруй ажилтантай, жилдээ улсын төсөвт 2.5 тэрбум төгрөгийг татвар төлдөг, 15 жилийн арвин баялаг туршлагатай, нийгмийн хариуцлагаа ухамсарласан монголын тэргүүлэгч аж ахуйн нэгжийн нэг юм. Өөх тос илчлэг ихтэй, өндөр үнэтэй хонь, үхрийн махнаас монголчууд татгалзах болж, уургийн агууламж өндөр тахианы мах, махан бүтээгдэхүүн, өндгийг хүнсэндээ ихээр хэрэглэх болсон. Эрдэмтдийн судалснаар хамгийн хямд мөртлөө хамгийн их энерги өгдөг бүтээгдэхүүн нь өндөг аж. Тэр утгаараа НҮБ-аас “Хүн бүр өдөрт нэг өндөг идэж байя” гэсэн уриалга гаргасан байдаг. Тодруулбал, дөрвөн ширхэг өндөг нэг кг махтай тэнцүү энерги өгдөг юм байна. Тэр утгаараа хамгийн хямдхан энергийн эх үүсвэр нь өндөг болж чаддаг ажээ. Энэхүү “шидэт энергийн эх үүсвэр”-ээр монголчуудын хэрэглээг 100 хувь хангаж, цаашдаа гадаадад экспортлох зорилго тавин ажиллаж буй “НВЦ” компанийн “Мон Эгг” шувууны аж ахуйн шав тавих ёслол Төв аймгийн Баянчандмань суманд өнгөрсөн баасан гарагт болж өнгөрлөө.

Манай сурвалжлах хэсэг тус компанийн Баянчандмань суман дахь өндөглөгчийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцахын сацуу, шав тавих ёслол, бямба гарагт болсон өндөгний баярт оролцон хоёр өдрийг тус компанийн хамт олонтой цуг өнгөрүүлэх завшаан тохиолдсон юм. “НВЦ” компани өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар 2003 онд “Мон Эгг” аж ахуйг зориулалтын бус байранд явуулж эхэлж байсан ч өдгөө 100.000 толгой өндөглөгч тахиатай, жилд дунджаар 30 гаруй сая өндөг үйлдвэрлэн салбартаа тэргүүлэгч болсон амжилттай ажиллаж байгаа юм. Гэхдээ энэ нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа өндөг, тахианы махны хэрэглээг бүрэн хангаж хүрэлцэхгүй учраас европ стандартын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй, өндөглөгчийн аж ахуй, дэгдээхэй бойжуулах аж ахуй, тэжээлийн үйлдвэр, нядалгааны цех, сангас боловсруулах үйлдвэр бүхий Монгол Улсад анхны иж бүрэн цогц шувууны аж ахуйг зургаан жилийн хугацаанд барихаар төсөл боловсруулан ажиллаж эхэлжээ. Тоног төхөөрөмжүүд нь дэлхийд салбартаа тэргүүлэгч компианууд болох шувууны аж ахуйн төхөөрөмжийг Германы Биг Дойманн, Барилгыг нь Францын Си Лайн, тэжээлийн үйлдвэрийг Францын Столз, өндөг хадгалах, ялгах үйлдвэрийг нь Голландын Моба тус тус хариуцан нийлүүлж буйг өндөг хэрэглэгч иргэн миний бие үзэж сонирхоод тус компанид талархаж байлаа.

Бид өглөө бүр өндөг хэрэглэж, долоо хоногт хоёр удаа тахианы махан бүтээгдэхүүн хэрэглэхдээ хаанаас оруулж ирсэн, хаана үйлдвэрлэсэн, өндөг нь хугацаа нь дуусч, муудсан эсэхийг нь мэдэхгүй байх тохиолдол олон байсан. Харин энэ бүхэн одоо түүх болон үлдэж бид монголдоо үйлдвэрлэсэн эрүүл, аюулгүй өндөг, тахианы махан бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх хугацаа хамгийн багадаа нэг жилийн дараа биелэх боломжтой болох нь ээ. Хүн амын хүнсний хангамж, эрүүл аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлэх, Баянчандмань суманд 200 ажлын байр бий болгох ач холбогдол бүхий тус аж ахуйн нээлтэд “НВЦ” компанийн ТУЗ-ын дарга Б.Цэрэндаваа, захирал Ц.Баатарбилэг, “Мон Эгг” компанийн захирал Ц.Мөнхбаатар, Төв аймгийн Засаг даргын орлогч П.Цэрэн, Баянчандмань сумын Засаг дарга Б.Баярнэмэх, Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Батмөнх, нийлүүлэгч компанийн төлөөллүүд болох Си Лайн компанийн Фрэд, Биг Дойчманн компанийн Брайн, Дэлхийн өндөгний холбооны Ерөнхийлөгч Фрэнк Пэйс нарын зочид, төлөөлөгчид оролцлоо. Баянчандмань сумын иргэд азаа үзэж, 3.5 метрийн өргөнтэй том тогоонд чанасан монголын мастер тогооч нарын гарын өндөгний омлетээр дайлуулж, морин хуур, уртын дууны аялгуутай нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм. Тэд нэг өдрийн өндөгнийхөө хэрэглээг бүрэн хангаж, бас аз нь алгандаа багтсан аавын хүү, ээжийн охид 500-200 мянган төгрөг халаасалж, айл гэрийн эзэгтэй нар бүтэн жилийн өндөгний хэрэглээгээ даалгах сугалаанд хожлоо.

Мөн ажлын байр нэмэгдүүлж, амьдралынх нь боломжийг өргөсгөж буй “НВЦ” компанийн хамт олонд талархлын үг харамгүй хэлж байна лээ. Баянчандмань сумын хувьд хотын төвд ойрхон, төвийн бүсэд байрлалтай ч ажилгүй иргэдийн тоо буурахгүй байгааг сумын Засаг дарга учирлаж байсан юм. 2003 онд үйлдвэрлэл явуулж эхэлснээс хойш 40 гаруй сумын иргэдийг ажлын байраар хангаж, сумын өрхийн орлогод нөлөөлж байсан бол одоо 200 гаруй иргэнийг ажлын байраар хангаж, сум, аймагт төлөх татварын хэмжээ нь тэрбумаар тоологдох нөхцөл бүрдсэн нь бидэнд том аз завшаан болж байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Бүтээгдэхүүний өртөгийг 20-25 хувиар бууруулах, дотооддоо үйлдвэрлэж байгаа өндөгний хэмжээ 5-6 дахин өсөх, байгаль орчин, экологид хор нөлөөгүй жишиг үйлдвэр болох зэрэг олон давуу тал, ач холбогдолтой “Мон Эгг” шувууны аж ахуйн талаар хэн юуг санаж, сэдэж, ямар үнэлэлт дүгнэлт өгч байгааг сонирхлоо.
-“НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэг:

-1998 оноос сайн чанарын өндөгний импортоор манай компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо хүртэл импортолж байгаа. Шувууны аж ахуйд 2006 оноос хөл тавьсан. Анх 20 мянган өндөглөгчтэй ажлаа эхэлж байсан. Дэлхий дахинд хүнсний хангамж чухлаар тавигдах болсон өнөө үед хүнсний хэрэгцээ тэр тусмаа өндөг хэмээх гайхамшигт хүнсний хэрэглээ хурдацтай өсч байна. Манай Улсад ч хэдхэн жилийн дотор өндөгний хэрэглээ гурав дахин өссөн. Тиймээс энэ салбарт томоохон үйлдвэрлэл байгуулах боломжийг нээж өгч байгаа юм. Салбартаа тэргүүлэгч болж, дотоодын хэрэглээг 100 хувь хангана. Мөн улсын татварт төлөх татвар нэмэгдэж, сумын амьжиргаа сайжирч, ажлын байр нэмэгдэнэ. Нөгөө талаас бидний энэ салбарт 15 жил ажиллаж, хуримтлуулсан ажлын туршлага, баг хамт олны итгэл үнэмшил шувууны аж ахуйг байгуулах бүрэн боломж бололцоо байгааг нотлон харуулж, урам зориг өгсөн юм. Одоогоо төслийн баримт бичиг боловсруулах, барилгын зургийн ажил бүрэн дууссан. Нийлүүлэгч нарыг эцсийн байдлаар сонгон шалгаруулж дууссан бөгөөд дэд бүтцийн ажлыг хийж эхлээд байна.
Хөрөнгө оруулагч нарыг аравдугаар сард багтаан сонгохоор ажиллаж байна. Уг төслийн нийт хөрөнгө оруулалт нь 24.5 сая ам.доллар буюу 34 орчим тэрбум төгрөг байна. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи хэрэглэснээр Монгол Улсын шувууны аж ахуйн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, хөгжил дэвшлийг авч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн төвшиний нийлүүлэгч сонгох болсон шалтгаан нь гэвэл хамгийн гол нь эрүүл, аюулгүй стандартыг бүрдүүлж, байгаль орчинд хор нөлөөгүйгээр үйл ажиллагааг явуулахыг зорьсон. Газар тариалангийн бүсүүдэд химийн бус цэвэр экологийн бордоог манай аж ахуй сангасаар үйлдвэрлэх болно. Түүнчлэн дэлхийн төвшинд нийцсэн жишиг үйлдвэр байгуулах учраас чадвартай мэргэжилтэн, шувууны технологийн инженер АНУ-аас урьж ирүүлнэ. Ингэснээр боловсон хүчнээ бэлтгэх, шувууны аж ахуйн чиглэл бүрт маш сайн боловсон хүчин сургаж авна. Ямар ч бүтээн байгуулалт ганцхан зүйлийн оролцоотойгоор хэзээ ч бий болдоггүй. Өөрөөр хэлбэл сайн зөвлөх компани, сайн хөрөнгө оруулагч, чанартай нийлүүлэгч, төр засгийн дэмжлэг, орон нутгийн иргэдийн оролцоо, эдгээрийн зохион байгуулалт, чадварлаг баг нийлсэнээр томоохон бүтээн байгуулалт босдог билээ. Та бүхний дэмжлэг хамгаас илүү хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
-Дэлхийн өндөгний холбооны Ерөнхийлөгч Фрэнк Пэйс:

-Монголд дахиад ирсэндээ баяртай байна. Намайг урьсан “НВЦ” компанийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Монголд өндөгний хэрэглээ өсч байгааг сонссон. Өнөөдрийн энэхүү томоохон үйлдвэрийн шав тавьж байгаа ёслолыг хараад сэтгэл хангалуун байна. Б.Цэрэндаваа болон тэдний гэр бүлд энэ их ажлыг гүйцэтгэсэнд нь талархал илэрхийлье. Монголын бүх хэрэглэгчид шинэхэн өндөг хэрэглэх боломжтой болно гэдэгт итгэлтэй байна. Өөрсдөө өндөг үйлдвэрлэж байгаа болохоор монголын хэрэглэгчид хамгийн бага үнээр өндөг хэрэглэх болно. Хамгийн сайн тоног төхөөрөмж хэрэглэх учраас маш сайн чанартай өндөг хэрэглэнэ. Өндөг өөртөө маш их тэжээл, уураг агуулдаг учраас өндгийг сайн хэрэглээрэй. Монгол Улс өндөгний комиссын бүрэн эрхэт гишүүн болсонд нь баяр хүргэе. Энэ жил манай өндөгний комиссын шагналыг Монгол Улс хүртэнэ байх гэж итгэж байна. Амжилт хүсье.
-Германы “Биг Дойчманн” компанийн захирал Брайн Макоули:

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Германд болон энд байгаа өөрийн хамтран зүтгэгчдийн нэрийн өмнөөс хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдох энэхүү аж ахуйн шав тавих ёслолд баяр хүргэмээр байна. Компанийн удирдлага, ажилчид, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, орон нутгийн дэмжлэгтэйгээр энэхүү төсөл амжилттай болох нь дамжиггүй. Өндөгний хэрэглээ улам өсч байгаа энэ цагт шувууны аж ахуй ашиглалтад орсноор монголын ард түмний хэрэглээг бүрэн хангана гэдэгт итгэл дүүрэн байна. Шинэ аж ахуйд хэрэглэж байгаа тоног төхөөрөмж нь хамгийн орчин үеийн, байгальд ээлтэй, өндөгний гаралт ихтэй тоног төхөөрөмж юм. Энэ тоног төхөөрөмжийг дэлхий нийтээр хэрэглэж байгаа. Өдөрт 150 сая өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай.
-Төв аймгийн Засаг даргын орлогч П.Цэрэн:

-Хүн ардаа эрүүл хүнсээр хангах үйлсэд шинжлэх ухаан техникийн ололт, дэвшлийг ашигласан үйлдвэр, аж ахуйн шав тавьж байгаад баяртай байна. Би хоёр талын ач холбогдолтой гэж ойлгож байна. Нэгдүгээрт, орон нутагт ажлын байр бий болгоно. Иргэдийн аж амьдралыг дээшлүүлж байгаа давуу талтай. Түүнээс гадна монгол хүн болон монголд зочилж байгаа дэлхийн хүн амыг эрүүл, эрдэс шимтэй хүнсний бүтээгдэхүүнээр хангаж байгаа нь ач холбогдолтой юм. Хүн амд хамгийн чухал зүйл бол эрүүл хүнс юм шүү дээ. Эх орондоо үйлдвэрлэгдсэн, дэвшилтэт технологи бүхий эрүүл хүнсийг тун удахгүй хэрэглэж эхлэх гэж байгаад баяртай байна. Орон нутгийн зүгээс бүх талаар дэмжиж, тусална. Цаашдаа хамтарч ажиллана.
-Баянчандмань сумын ИТХ-ын дарга Ш.Батмөнх:
-2002 оноос хойш шувууны аж ахуй маань засвар үйлчилгээ хийж эхэлсэн. Хуучин үхрийн фермийн зориулалтын бус байранд хоёр, гурван жил завсар хийж шувууны аж ахуйн ажлаа эхэлж байсан. Одоогоор 100.000 мянган өндөглөгч тахиатай. Нийслэлийн өндөгний хэрэглээг хангадаг. Орон нутагт хямдралтай үнээр үйлчилгээ явуулдаг. Манай сум 4000 орчим хүн амтай. 1000 орчим түр оршин суугчтай. Манай сумын өнгөрсөн оны газар зохион байгуулалтад энэ байгууллага санал тавьсан. Олон талаас нь ярьж байж газар олгосон. Хоёр, гурван жилийн дараа маш сайн үр дүнд хүрнэ гэж тооцоолсон. Энэ үйлдвэр баригдсанаар шувууны сангасыг бордоонд ашиглана. Манай сумын 200 иргэний ажлын байр бий болж, амьдралын баталгаа нэмэгдэх учраас бид сэтгэл хангалуун байгаа. Одоо үйл ажиллагаагаа явуулж буй жижиг үйлдвэрт нь 40 иргэн ажиллаж байна. Тэд алсдаа мэргэжилтэй боловсон хүчин болох нөхцөл бүрдэж байна. Мэргэжилтэй ажилтан сургаж байгаад талархаж байна хэмээн их бүтээн байгуулалтын талаар санаж бодсоноо хуваалцлаа.
Монголчууд өндөгний баярыг хоёр дахь жилдээ тэмдэглэв
....Дээр хэлсэнчлэн “НВЦ” компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, олон үйл ажилагааг зохион байгуулдаг билээ. ШУТИС, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, Хүнсний технологийн дээд сургуультай нягт хамтран ажиллаж, залуусыг ажлын байраар хангах болсон. Харин монголын нийт хэрэглэгчдэд хандсан нэг томоохон ажил нь Дэлхийн өндөгний баярыг монголд тэмдэглэж эхэлсэн явдал. Тус компанийн хамт олны хичээл зүтгэлээр өндөгний баярыг Монголчууд хоёрдахь жилдээ маш өндөр зохион байгуулалт, үр дүнтэй тэмдэглэж байгаа. Энэ өдрийг дэлхий дахинд өргөн дэлгэр тэмдэглэдэг юм билээ. Өнгөрөгч бямба гарагт болсон Өндөгний баярын өдрөөр хэрэглэгчдэд барьсан нэг том бэлэг бол 3.5 метр, 450 кг жинтэй аварга том тогоонд мастер тогооч нар гарынхаа омлетыг хийж, мөн шарсан өндөгөөр ирсэн үзэгчдийг дайлсан явдал байлаа. Мөн амталгаат худалдаа, хөгжөөнт тоглоом, азтан шалгаруулах зэрэг олон үйл ажиллагааг явуулсан юм. Хамгийн шилдэг азтан, худалдан авагч АНУ-аар “НВЦ” компанийн зардлаар аялах эрхийг бичгийг гардан авсан юм. Төгс чанартай, брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэгч болох хэтийн зорилгоо биелүүлж нэгдмэл нэг зорилго, хүсэл зориг бүхий мэргэшсэн баг хамт олонтой өнгөрүүлсэн амралтын хоёр өдөрт өндөг, тахианы махан бүтээгдэхүүний эрүүл аюулгүй хэрэглээний талаар хангалттай мэдлэг хуримтлуулж чадлаа. Түүнчлэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан, үйлчлүүлэгчээ хүндэтгэх сэтгэлгээтэй, санал санаачлагатай ажиллаж буй хамт олны ажлын ур чадварт “онц дүн тавьж”, өдөр бүр өндөг хэрэглэхэд “айх аюулгүй болжээ” гэсэн итгэл олж авсан.












СЭТГЭГДЭЛ БИЧИХ