З.Батбилэг: Цэвэр монгол киног дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц болгох юмсан

img

 “Zoljargal and Son” фильм студийн зураглаач, найруулагч З.Батбилэгтэй ярилцлаа. Түүнийг хүмүүс нэрт найруулагч Ч.Гомбын ач хүү, сэтгүүлч, найруулагч  Г.Золжаргалын хүү гэхээсээ “Тайгын дууч” баримтат киногоороо  “Нью-Йоркын олон улсын кино наадам”-аас “Top notch and excellent” буюу дээд зэрэглэлийн үнэлгээ авч, “Олон улсын шилдэг баримтат  кино” шагнал хүртсэн гэдгээр нь илүү таних биз ээ.  Тэрээр дөнгөж 30 хүрч яваа ч сүүлийн таван жилд  аавтайгаа хамтарч 30-аад  баримтат кино бүтээсэн, АНУ-ын Колорадогийн Теллюрайд хотноо болсон олон улсын кино наадам, Чикагод болсон дэлхийн хүүхдийн кино наадам,  Кыргыз улсад болдог Хүний эрхийн олон улсын кино наадам зэрэг олон уралдаан наадамд амжилттай оролцсон авъяаслаг залуу  уран бүтээлч  юм. -Өдрийн  мэнд хүргэе.  Ойрын үед зав муутай байгаа бололтой?  Ямар уран бүтээл дээр ажиллаж байна? Юуны өмнө намайг урьсан явдалд баярласнаа илэрхийлье. Ойрын үед зураг авалт ихтэй, зав муутай  л байна. Одоогоор Монгол улсад мэргэжлийн балетийн урлаг үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулан хийгдэж буй кинон дээр ажиллаж байна. -Та уг нь сэтгүүлч, зураглаач  мэргэжилтэй. Сүүлийн үед  давхар найруулагчаар ажиллаж байх шиг байна,  тийм үү?  Яг үндсэн мэргэжил маань сэтгүүлч, зураглаач. Сүүлийн үед найруулагч, зураглаачаар түлхүү ажиллаж байна. Гэхдээ баримтат кино маань өөрөө сэтгүүл зүйн бас нэгэн төрөл учраас мэргэжлийнхээ ажлыг хийж байгаа гэж боддог. - Ер нь яагаад энэ мэргэжлийг сонгох болов? Өмнө нь компьютерийн чиглэлийн мэргэжлээр сурна гэж боддог байсан. Ер нь бол өвөө маань намайг энэ мэргэжлийг сонгоход нөлөө үзүүлсэн. Илүү сонирхолтой санагдсан байх. -Аавтайгаа хамтарч  “Zoljargal and Son” студийг ажиллуулдаг. Студийнхээ талаар товчхон  танилцуулахгүй юу? Уг нь манай студийн нэр “Namuunzet”.  Зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. Ихэнх нь манай аавыншавь нар. Байгуулагдаад бараг зургаан жил болж байна. Харин  аав бид хоёр  хамтарч хийсэн уран бүтээлээ  “Zoljargal and Son” нэрээр гаргадаг юм. Энэ дашрамд  үргэлж хамтдаа  байж,  уран бүтээл туурвидаг зорилго нэгт студийнхээ хамт олонд  талархаж явдгаа хэлмээр байна. -Хамгийн сүүлд  “Тайгын дууч” баримтат  кино олон улсын кино наадамд  түрүүлсэн сайхан үйл явдал болсон. Энэ наадмын талаар товчхон танилцуулаач? “Тайгын дууч” баримтат кино маань өнгөрсөн оны 11-р сард АНУ-ын  Нью-Йорк хотод болсон 19 дэх удаагийн “Нью-Йоркын олон улсын кино наадам”-д оролцсон. Энэ наадмын эхний шалгаруулалтанд 30 гаруй орны уран бүтээлчдийн 500 гаруй кино өрсөлдсөнөөс дараагийн шатуудад шигшигдсээр 80-аад кино үлдсэн. Манай кино эхний шалгаруулалтанд “Top notch and excellent” буюу дээд зэрэглэлийн үнэлгээ авч эцсийн шалгаруулалтад нь үлдээд “Олон улсын шилдэг баримтат кино” гэдэг шагналыг хүртсэн.  Энэ киног зөвхөн аав бид хоёр хийгээгүй, студийнхэний маань хамтын уран  бүтээл. -“Каннын кино наадам”-ын үеэр очиж шагналаа гардаж авна гэж байсан. Юу болсон бэ? “Нью-Йоркын олон улсын кино наадам”  нь “Каннын кино наадам”-ын үеэр шагналаа гардуулдаг. Гэвч энэ удаад хоёр наадмыг зохион байгуулагчдын хооронд үл ойлголцсон байдал үүссэнээс болж түр хойшлогдсон. “Тайгын дууч” кино маань мөн Лос Анжелос дахь “Нью-Йоркийн кино наадмаас “Өв соёлын тухай шилдэг баримтат кино”-гоор шалгарсан. Энэ хоёр шагналаа ирэх есдүгээр сард Нью- Йоркоос очиж авах байх. -”Тайгын дууч”-ийг бүтээхдээ тун  хатуухан цаг агаарын нөхцөлд  зургаа авч байсан гэж дуулсан? Зураг авалтын хамгийн хэцүү хэсгүүд нь юу байв? Энэ киног ойролцоогоор 14 хоногийн дотор хийсэн.  Зураг авалтыг  идэр есийн хүйтний үеэр, Хөвсгөлийн Дархадын хотгорт хийсэн.  Мэдээж хүндрэлтэй юм олон байсан л даа. Тэр болгоныг тоочоод байх нь хэцүү.   Өдөртөө -40, шөнөдөө -50 градусын хүйтэнд 10 минут зураг авахад л камер царцчихна. . Тэгээд камераа гэсгээж байж  зургаа үргэлжлүүлдэг байсан. Хамгийн хэцүү хэсэг бол голын халианы зураг авалт байсан. Тэр үед камер хоёр минут орчим ажиллаад л царцаад унтарчихна. - Олон наадамд уран бүтээлээрээ оролцож байсан. Олон улсын кино наадмуудын талаарх мэдээллүүдийг хэрхэн олж авдаг вэ? Манай продакшны гадаад харилцааг Ганзориг гээд залуу хариуцдаг юм. Ихэнхдээ интернэтээр хайж, хаана юу болж байгааг мэдэж авдаг. Тэр бүгд рүү киноныхоо танилцуулгыг, киногоо явуулна, и-мэйлээр харьцана. -Аавтайгаа хамтарч хийсэн “Амарбатын нэг өдөр”  баримтат кино бол  яах аргагүй хүний сэтгэлийг хөндөж чадсан уран бүтээл.  Энэ киноны санаа анх яаж төрсөн бэ? Энэ чинь 2005 оны кино. Тухайн үед би дөнгөж сургуулиа төгсчихсөн, манай студи дөнгөж байгуулагдаад хамгийн анх хийгдэж байсан бүтээл. Техник технологи ч сайн байгаагүй. Тэгээд хүнээс нэг камер олоод зурганд явж байсан.  Нөгөө камер маань таван минут болоод л цэнэг нь дуусчихдаг. Одоо тэр киногоо үзэхэд, тэрийг нь тэгчихдэг байж дээ гэсэн зүйл харагддаг л юм. Санааг яаж олсон бэ гэвэл Амарбатыг өмнө нь таньдаг байсан юм. Манай аав Монголын “Тусламжийн тэргэнцэр сан” ТББ –ын тэргүүнээр ажилладаг. Өөрөө хүүхдэд  их  хайртай хүн . Энэ сан маань одоо ч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 3600 гаруй тэргэнцрийг өөрсдийн биеэр 21 аймгийн ихэнх сумдад тараасан.  Тухайн үед Америкийн “Хүмүүнлэгийн тэргэнцэр сан”, Монголын “Тусламжийн тэргэнцэр сан”-гаас Монголын тулгуур эрхтний бэрхшээтэй хүмүүст зориулж тэргэнцэр тараадаг байсан. Энэ сангийн ажлаар явж байгаад танилцсан. Тухайн үед Амарбат өөртөө  гарынхаа тусламжтайгаар явуулдаг тэргэнцэр хийчихсэн байсан. Яг тийм тэргэнцэр Америкт найман мянган доллар хавьцаа,   их  үнэтэй байдаг. Түүнийг  Амарбат  харж байгаагүй мөртлөө өөрөө хийчихсэн байхыг гадныхан  хараад тухайн үедээ их гайхаж байсан. Түүнээс санаа аваад тэргэнцэрийнх нь тухай нэвтрүүлэг бэлдье гэж аав бид хоёр очсон юм. Очиход  нөхцөл байдал арай өөр,  Амарбат өөрөө ая зохиогоод дуулдаг, баримал хийдэг, зохион бүтээдэг залуу байсан. Энэ нь түүний тухай баримтат кино хийх сэдэл болсон. -Батбилэгийн хувьд мөнгө гэж юу вэ? Мөнгө үү... Мөнгийг амьдралын гол үндэс, утга учир гэж ярьдаг хүмүүс байна л даа.  Миний хувьд арай өөр ойлголттой байдаг. Ер нь миний хөдөлмөрлөсний л шан юм уу даа. Залуу хүний хувьд мөнгийг хэт шүтэх нь сайн зүйл биш байх аа. -Ер нь баримтат киноноос илүү хөнгөн жанрын, инээдмийн кино хийвэл  илүү ашигтай биш үү? Яагаад заавал энэ төрлийг сонгох болов? Сүүлийн үед яалт ч үгүй инээдмийн төрлийн кинонууд ихээр гарч байгаа нь үнэн. Шалтгааныг нь тоочвол бас л олон зүйл байна. Ашгийн төлөө кино хийе гэхэд төсөв мөнгөний асуудал маш хүнд. Зарим нь байраа барьцаанд тавиад зээл аваад кино хийж байна. Мэдээж мөнгөө буцааж олохын тулд үзэгчдийг татах кино хийж байгаа байх. Нөгөө талаар манай нийгэмтэй холбоотой . Ерээд оны ихээр хүмүүсийн амьдрал хэцүү байх үед хошин шог их гардаг байсан. Хүмүүс хошин шогийг амьдралынхаа стресс бухимдлаас салахын тулд үздэг байсан байх. Магадгүй тэр нөлөө явсаар байгаад бидний амьдралын салшгүй нэг хэсэг болчихсон байж магад. Энэ бүхэнд зохицуулж найруулагч, уран бүтээлчид энэ төрлийн кино их хийж байгаа байх л даа. Миний хувьд манай өвөө баримтат киноны найруулагч, зохиолч Ч.Гомбо гэж хүн байсан. Тийм учраас өвөөгийнхөө уран бүтээл, ажлыг таслахгүй байх, цаашаа улам хөгжүүлье гэж бодсон. Баримтат кино өөрөө маш олон утга агуулж байдаг. Нэг талаараа улс орны түүхийг бичилцэж байгаа. Нөгөөтэйгүүр уран сайхны киноноос илүү нийгэм, хүмүүст хандсан, хүний дотоод сэтгэлийг илүү ухаж гаргадаг, сайн саар аль алиныг нь бусдад таниулдгаараа илүү ач холбогдолтой гэж боддог. -Сүүлийн үед найруулагч Б.Чингүүн  богино хэмжээний киноны төрлөөр нэлээдгүй  уран бүтээл гаргасан.  Кинонуудыг нь үзэж  амжсан уу? Чингүүн бид хоёр танилууд. Сүүлийн үед богино хэмжээний бэсрэг төрлийн кино бүтээж байгаа. Монголд энэ чиглэлийн киног таниулахад, үүсч хөгжихөд чухал хувь нэмэр оруулж байгаа хүмүүсийн нэг.  Миний хувьд “48 цаг” кино наадамд зориулж богино хэмжээний кино хийж үзсэн. Гэхдээ миний дурлаад хийж байгаа зүйл маань баримтат кино учраас энэ талаараа түлхүү ажиллах байх. -Та бол удам залгасан уран бүтээлч. Өвөө, аав хоёрынхоо ямар зан чанарыг  өөртөө шингээж авахсан гэж хичээдэг вэ? Манай хоёр өвөө хоёулаа “киноны хүн” байсан. Нагац ах маань бас киноны уран бүтээлч хүн байлаа. Ингээд бодохоор би кинон дунд өссөн гэж хэлж болно. Мэдээж өвөө, аав хоёроороо маш их бахархдаг, хийсэн бүтээснээс нь суралцахыг хичээдэг, хөдөлмөрч зан чанарыг маш их хүндэлдэг. Аав өглөө 7 цагаас шөнө 12 цаг хүртэл ажилладаг . Би харин аавыгаа арай л гүйцэхгүй байна. Манай аав чинь уурладаггүй, их тайван хүн шүү дээ. -Аавтайгаа хамт ажиллахад ямар байдаг вэ? Аавтайгаа хамт ажиллана гэдэг сайхан л даа. Олон зүйл суралцана, асууна, зөвлөгөө авна. Мэдээж загнуулна, санал зөрөлдөх зүйл ч гарна. Бид хоёр заримдаа өөр өөрсдийнхөөрөө их зүтгэнэ.  Аав надад “Хөшөөний дууль” гээд сонатаар кино хийх хүндхэн даалгавар өгчихсөн байгаа. Одоогоор уншиж судлаад, бас яг зориглоод “хүрч” чадахгүй л байна. - Бага насныхаа талаар дурсахгүй юу?  Би эмээ өвөөгийн хүүхэд. Өвөө, нагац ах хоёрыгоо дагаад Кино үйлдвэр дээр их очдог, плёнкны голоор тоглож өнждөг байлаа. Аавыг дагаж телевиз дээр очно, монтаж хийхийг харна, цонхны тавцан дээр хононо. Олон ч зүйл эвдэлсэн, задлаж үзсэн, аавыгаа ер нь олон юмны өрөнд оруулсан байх. Ер нь  их сониуч, дандаа “яагаад” гэж асуудаг хүүхэд байсан даа. -Аавыгаа камерны өрөнд оруулж байсан гэл үү?  Тийм. 450 долларын үнэтэй камер. Хүүхэлдэйн кино хийж байна гэж хүний камер зээлж аваад эвдэлчихсэн.  Тэр чинь 90-ээд оны дунд үед маш их мөнгө байсан. Тухайн үедээ 450 долларын үнээр бүтсэн 15 секундын баримлын шавран хүүхэлдэйн кино болсон юм даа.  /инээв/ -Багадаа Монголд эмчлэгдэхгүй өвчин тусч, Америкт  эмчлүүлсэн тухай сонсч байсан? Энэ талаар зарим нэг хүмүүсийн яриа, сэтгүүл сайтуудаар бичсэн шиг арай ч тийм хүнд байгаагүй. Гэхдээ тухайн үедээ эмчлүүлээгүй бол өнөөдрийн хувьд хэцүү байх байсан. Харин Америкийн сайн санаат эмч нартай уулзах гайхалтай учрал тохиож,  одоогийн өдий дайтай байх уу үгүй юу гэдгийг тухайн үед нь шийдэж чадсан. -Хэр сайн хүү вэ? Өөрийгөө энэ тал дээр хааяа голдог л юм. Гэхдээ сайн хүү, сайн ах байхыг их хичээдэг. -Сүүлийн таван жил 30-аад баримтат кино бүтээсэн гэж дуулсан. Өдөрт хэдэн цагийг энэ ажилдаа зарцуулж  байна? Янз бүр дээ. Ойролцоогоор өглөө 10 цагаас орой 10 цаг хүртэл ажиллана шүү. Манай студийн хувьд 150 гаруй кино  хийсэн байдаг. Үүнээс 90 орчим нь цэвэр уран бүтээлийн кино байгаа. Үүнээс 30 орчмыг нь хийсэн байх.  Сүүлийн үед эдгээр уран бүтээлүүдээ өвөөгийнхөө нэрээр “Ч.Гомбо” гэсэн  шторкоор эхлүүлж байгаа.. Үлдсэн хувь нь захиалгаар хийгдсэн кино байдаг. Энэ уран бүтээлүүдийг  зөвхөн аав бид хоёр биш студийн хамт олон маань хийсэн. -Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ? Интернет, фэйсбүүкээр их аялна. Зурагт үзнэ, нийтлэлүүд уншина, найзуудтайгаа хамт кино үзнэ. Зарим найзынхаа студи дээр очиж хийж буй уран бүтээлийг нь харна, санаа бодлоо солилцоно, ярьж сууна. Иймэрхүү байдлаар л өнгөрөөдөг дөө. Би Д.Жигжидийн нэрэмжит “Кино урлагийн дээд сургууль”-ийг төгссөн. Сургуулийнхаа багш нар, ангийн найзуудаараа маш их бахархаж явдаг. -Фэйсбүүкээ нилээн идэвхтэй хөтөлдөг юм байна лээ. Ер нь өдөрт  хичнээн цаг зарцуулж байна. Олон найзтай болж байна уу? Нарийн тоо хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ өдөрт гурван  цаг бол байгаа байх. -Найз бүсгүйтэй юу? Байхгүй. -Гэр бүлээ хэрхэн төлөвлөж байна? Энэ  асуудал сүүлийн үед нилээн хөндөгдөөд  байгаа.  /инээв/  Үнэндээ энэ тал дээр цаг зав гаргаж чадахгүй л байна. Хүмүүс  надаас “ чи юу бодож байна” гэж их асуудаг юм.  Одоохондоо би цэвэр уран бүтээлдээ анхаарлаа хандуулж байгаа учраас  ажилтай маань холбоотой байх л даа. Өглөө эрт гараад шөнө 12 гэж харьдаг, амралтын өдөр гэж байхгүй. Ингээд бодохоор  нөгөө хүндээ хэцүү байна байх гэж хааяа бодогддог юм. Гэхдээ болох ёстой зүйл аяндаа болох байлгүй дээ. -Залуу хүний хувьд хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаач.  Таны мөрөөдөл ? Би  “Karlovy Vary”-гийн олон улсын кино наадмаас  “Алтан луу”  шагналыг авчрах юмсан гэж их боддог юм. Энэ ямар учиртай гэхээр Оскарт нэр дэвшиж байсан найруулагч Д.Бямбасүрэнгийн “Ингэн  нулимс”-ын анхны хувилбарыг манай өвөө 1975 онд ”Их говийн айл”нэртэйгээр хийж байсан. Энэ киногоороо “Karlovy Vary”-гийн олон улсын кино наадмаас  “Хүрэл луу” шагнал авчирч байсан. Уг нь  “Алтан луу” авахаар сайн бүтээл байсан ч гэрийн эзэгтэй ингээ хөөслөж зураг авхуулахдаа  цоо шинэ торгон дээл өмсчихсөн нь  шүүгчдэд үнэмшилгүй санагдсан.  Сүүлийн үеийн кинонууд гадны кино наадмуудад  их орж байгаа л даа.  Гэхдээ олон улсад танигдсан нь маш ховор байна.  “Хадаг”, “Шар нохойн там”, “Ингэн  нулимс”, “Нохойн орон” гээд кинонууд дандаа Бельги, Германы уран бүтээл гэж явдаг. Тийм болохоор “Монгол  поп” гэж яриад байгаатай адил “цэвэр монгол”  киног дэлхийн  хаана ч хүлээн зөвшөөрөгдөхүйц болгох юмсан,  үүнд хүч нэмрээ оруулах юмсан гэж бодож явдаг.  Бас 35 мм-ийн хальсан  дээр кино хийх юмсан гэж хүсдэг. Энэ бараг бүх киночдын хүсэл байх. -Ажлын шугамаар олон газраар явсан байх? Сэтгэлд  үлдсэн хамгийн сайхан газар ?  Алтай ах, Ганхүү ах нар шиг  олон газраар яваагүй ээ. Найман оронд очиж  үзсэн.  Гэхдээ орон  бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, өвөрмөц байдаг. Миний хувьд Лос Анжелос киноны хот гэдэг утгаараа их таалагддаг юм. Бас багадаа очиж байсан болоод ч  тэр юм уу сэтгэлд нэг л дотно санагддаг. Нью-Йорк бас гайхалтай хот.  Киргизийн хувьд айхтар хөгжилтэй улс биш ч гэсэн “Ногоон хот” гэдгээрээ гоё санагдсан. Солонгос, Японууд маш хөдөлмөрч, цэвэр цэмцгэр хүмүүс. Өглөө таван цаг гэхэд бүх ажлаа эхэлчихдэг. Хааяа болдогсон бол тэр болгоныг нь Монголдоо авчраад тавьчихдаг бол сайхан аа гэж боддог шүү. Хотод маань шинэ бүтээн байгуулалт явагдаж байна. Гэвч долоо хоногийн дараа очоод харахад эвдлээд сүйтгэчихсэн байдаг. Тиймээс аливаа зүйлд өөриймсөг хандаж байгаасай гэж хүсдэг. -Ном хэр их уншдаг вэ? Хамгийн сүүлд ямар ном уншив? Оюутан байхдаа их уншдаг байсан. Одоо бол нэг номыг  их удаан , заримдаа 14, 20 хоног ч уншина. Орой ирээд уншиж байгаад л унтаад өгнө. Хамгийн сүүлд долоо хоногийн өмнө Дэн Брауны “Да Винчи код”-ыг электрон хувилбараар уншсан юм байна. -Бид  “Спиртээр биш, спортоор хичээллэцгээе” гэж залуустаа уриалдаг. Таны хувьд спорт сонирхдог уу? Би  хөлбөмбөг, сагсан бөмбөг их үздэг. Сүүлийн өдрүүдэд хөл бөмбөг үзээд нойргүй л яваад байна. Олон хоног нойргүй явахаар сүүлдээ бие дийлэхээ больж байна. /инээв/  Манай аав хөлбөмбөг сонирхдог, тоглодог.  Бага байхад оросын сувгуудаар хөлбөмбөг их үздэг байсан. Аавыг дагаж үзсээр байгаад дуртай болчихсон.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hi:
Bi ene khuug sanaj bna.1998 ond LA California -nii Santa monica-giin Beach deer minii khuutei tsug kite khoorgoj togloj bsan...anduursan bol uushlaarai! Bagiin ukhaalag khartstai khuu bsan, Amjilt khusei!
2012-09-13
ok:
udam damjsan nairuulagch khuudee amjilt khusie.uvuu khudulmurch aav ni khudulmurch khuu ni khudulmurch gej bodokhoor yamar saikhan yum be.
2012-09-13