
Нийгэмд ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхаж, тэднийг бусдаас огт өөр хүн мэтээр ойлгох явдал өдгөө ч арилаагүй хэвээр. Гомо, лесби, трансжендэр гэх ойлголтыг хэн хүнгүй мэддэг болсон ч бодит амьдрал дээр хүлээн зөвшөөрдөг нь хэд байдаг билээ. Угтаа бол тэд харийнхан бус, бидэнтэй л адилхан хүн шүү дээ. Хэн нэгнийг хайрлах, хайрлуулах, баярлах, гуних гээд л хорвоогийн амьдралыг бусадтай л адилхан туулах хэдий ч бэлгийн чиг хандлагаараа гадуурхагдан, бие сэтгэлээрээ шаналж яваа олон хүн бий. Тэдний нэг болох гей залуугийн ярилцлагаас уншигчиддаа хүргэхээр шийдлээ. Илэн далангүй, энгийн нэгэн яриа өрнүүлсэн тэрбээр тодорхой шалтгааны улмаас нэр болон ажилладаг газрынхаа талаар нууцлахыг хүссэн юм. Н.Ганзориг (түүний сонгосон нэр) өдгөө 31 настай, хувийн байгуулагад ажилладаг нэгэн.
-Нэр, ажлаа нууцалж байгаагаас тань харахад нийгэмд нэлээд нуугдмал амьдардаг гэж үзэж болох уу?
-Тэгж болно оо. Хэд хэдэн хүчин зүйлээс болдог гэх үү дээ. Хамгийн түрүүнд ижил хүйстэн хүмүүсийн талаархи нийгэм дэх буруу, сөрөг ойлголт их нөлөөлж байна. Дараа нь гэр бүлийн асуудал тулгарна. Ер нь ихэнх гей залуу бэлгийн чиг хандлагаа нууж, бусдын нүднээс далдалж амьдардаг. Хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэн гээд л бүх зүйлээс нууна шүү дээ. Өөрийгөө хүлээн зөвшөөрөөд ил гарсан хүн их ховор.
-Анх гей гэдгээ хэдийд мэдсэн бэ?
-Бүр бага байхдаа мэддэг байсан. За, бараг нэгдүгээр ангид байхдаа мэдсэн гэвэл та бараг итгэхгүй л байх даа. Эхний үед дандаа л охидтой хамт тоглодог байсан. Эрэгтэй хүүхдүүдтэй бараг тоглохгүй шүү. Тэгээд шилжилтийн насанд хүрэхэд охидыг ер сонирхохгүй. Ангийн маань царайлаг хөвгүүд таалагдаад л...
-Ангийнхан чинь анзаараагүй юу. Биеэ авч яваа байдал ямархуу байсан бол?
-Бага байхад намайг “Охин шиг царайтай, энэ тэр” гээд л элдвээр хэлдэг байсан. Жаахан эмэгтэйлиг байсан байж магадгүй. Би хоёр ах, дөрвөн эгчтэй. Айлын бага хүүхэд л дээ. Миний хувьд, нэг их тийм эмэгтэйлиг зүйл бараг байхгүй.
-Багагүй хугацаанд нууцалсан энэ асуудлыг гэрийнхэн тань одоо хүртэл мэдээгүй юу?
-Ингээд нуугаад яваад байх үнэхээр тамтай юм билээ. “Муу нуухаар сайн илчил” гэдэг дээ. Тэгээд л эгчийнхээ хүүхэд болон хоёр эгчдээ хэлсэн. Үүнээс өмнө манайхан дандаа л “Авгай ав, хүүхэдтэй бол. Нас чинь яваад байна” гээд л шахаад байдаг байсан. Тиймээс би уйлж байгаад “Авгай хүүхэд нэхээд байгаа чинь үнэхээр хэцүү, дарамттай байна. Би хэзээ ч тэгж чадахгүй, хэцүү юм чинь яах юм бэ. Хэрвээ та нар намайг ойлгож чадахгүй бол би хаа нэг тийшээ яваад алга больё” гээд хэлчихсэн. Эгч нар маань аргадаад л “За, за. Хоёр эгч нь ойлгож байна. Битгий уйл, миний дүү” гээд л хамаг байдгаараа сандарч билээ.
-Гей болон трансжендэр хүмүүс хоорондоо их ялгаатай. Харин хүмүүс тэднийг нэг хүрээнд авч үздэг юм шиг ээ?
-Гей залуус гадаад төрхөө эмэгтэй болгоё гэж боддоггүй л дээ. Тэр нь арай өөр юм. Транжендэр хүмүүс хүйсээ өөрчлөхийг хүсдэг. Тэгэхээр хоорондоо маш их ялгаатай байгаа биз. Би бусад эрчүүдтэй адилхан эрэгтэй хүн. Харин бэлгийн хүсэл сонирхлын хувьд эрэгтэй хүн сонирхдогоороо л өөр. Гей хүмүүсийн ертөнц бусад гетеро хүний ертөнцийг бодвол арай өөр шүү. Магадгүй, цөөхүүлээ болохоор тэгдэг юм болов уу гэж боддог.
-Өнгөрсөн хугацаанд сексийн асуудлаа хэрхэн зохицуулдаг байсан бэ. Найз залуутай юу?
-Найз залуу байсан. Бид хоёр тусдаа байр хөлслөөд бараг нэг жил хамт амьдарсан шүү. Гэхдээ хамтын амьдралаа бусдаас их нууцалдаг байсан. Найз залуугийн маань ар гэрийнхэн ч энэ асуудлыг нь мэдэхгүй. Хэдийгээр бусдаас нуугдаж, айдас хүйдэстэй амьдарсан ч гэсэн хайртай хүнтэйгээ хамт байна гэдэг хамгийн их аз жаргалтай үе байсан. Даанч одоо салсан л даа, бид хоёр. Цаашид гадаад руу гарна гэж боддог. Миний бодлоор, монголын нийгэм үүнийг хүлээж авахад цаг хугацаа нэлээд шаардах байх. Тийм болохоор арай нээлттэй, биднийг хүлээн зөвшөөрсөн тийм газарт очиж амьдрах бодолтой байгаа.
-Ирээдүйн амьдралаа эр хүнтэй хамт байгаагаар төсөөлдөг байх?
-Тийм ээ, эмэгтэй хүн хэзээ ч төсөөлөгдөхгүй байна. Гэхдээ эр хүнтэй хамт амьдарна гээд заавал гэр бүлээ батлуулах шаардлагагүй. Хамгийн гол нь бэлгийн цөөнхийг ойлгодог, хүний эрхийг дээдэлдэг тийм л газарт очно доо. Уг нь би эх орондоо амьдармаар л байна. Гэвч надад өөр ямар ч сонголт байхгүй шүү дээ, энд. Бид бусадтай л адилхан амьдарч, амьсгалж байгаа хүмүүс. Тэгсэн хэрнээ дэлхий дээр огт байхгүй байгаа юм шиг л нам гүм, чив чимээгүй байсаар л байна даа.
-Үр удмаа үлдээх тал дээр боддог болов уу, ганц олдох амьдрал шүү дээ?
-Тийм л дээ. Би үр удмаа үлдээхгүй байлаа гээд манай удам тасрахгүй. Ах эгч нарын хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр би энэ талаар огт боддоггүй. Санхүүгийн мэргэжилтэй учраас амьдралаа хэнээс ч дутуугүй аваад явчих чадвартай. Хаана ч очсон өөрийгөө аваад явж чадна гэж боддог. Ер нь монголчууд их хөрвөх чадвар сайтай улс. Ямар ч нөхцөлд дасан зохицоод явж чаддаг шүү дээ.
-Албан ёсны судалгаагаар манайд хэчнээн гей залуус байдаг юм бол?
-Аливаа нэг улс орны нийт хүн амын хоёроос найман хувь нь бэлгийн цөөнх гэж нэрлээд байгаа тэр хүмүүс байдаг гэсэн судалгаа бий. Манайд ойролцоогоор таваас зургаан мянган гей болон бисексуаль эрэгтэйчүүд байх магадлалтай гэсэн байдаг.
-Энд тэнд уулзалт хийгээд явахад хүмүүс хэр хүлээж авч байна. Та нарын үйл ажиллагааг дэмждэг газар олон бий юу?
-Би тэр үйл ажиллагаануудад нь байнга оролцоод байдаггүй л дээ. Зүгээр л эдгээр хүмүүсийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын тухай сонсч байдаг. Ямархуу зүйл хийж байна, энэ тэр гээд л... Ажиглаад байхад гадны байгууллагууд л бага сага дэмжлэг үзүүлдгээс биш дотоодынхон бол бараг үгүй юм шиг байна лээ.
-ХДХВ-ийн халдвар ч юм уу ямар нэгэн өвчин тусвал яах вэ. Энэ бүхнээс айдаггүй хэрэг үү?
-Энэ талын мэдлэг мэдээлэлтэй, өөрийгөө сайн хамгаалж байгаа тохиолдолд нэг их тэгж айгаад хэрэггүй байх. Өвчин авна гэдэг тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалах зүйл гэж бодож байна.
-Та эмэгтэй хүнийг нэг ч удаа эр хүний нүдээр харж байгаагүй юу?
-Тийм үе бараг байхгүй дээ. Харин гоё ганган бүсгүйчүүдийг хараад “Ямар сайхан бүсгүй вэ” гэж бахархана уу гэхээс биш өөрөөр харна гэж байхгүй л дээ.
-Гэхдээ гей залуусын дунд биеэ үнэлдэг хүн цөөнгүй байдаг гэж сонссон. Үүнээс болдог юм болов уу?
-Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Харин гей биш мөртлөө мөнгөний төлөө биеэ үнэлдэг хөвгүүд байдаг гэж сонссон. Магадгүй, үүнээс болоод хүмүүс биднийг буруугаар ойлгодог байж мэднэ. Гей залуусын дунд тэгж биеэ үнэлээд явах хүн бараг харагддаггүй шүү дээ.
-Нээрээ охидын зүгээс сэтгэлээ илчилж байсан тохиолдол бий юу, танд?
-Бий. Одоо хэр нь ийм асуудал тохиолддог.
-Түрүүнд эх орондоо амьдрах юмсан гэж байсан. Гэхдээ ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх хууль гараасай гэж боддог биз дээ?
-Заавал хууль гэхгүй ээ. Зүгээр л бид нарыг буруутгахгүй, үзэн ядахгүй, ялгаварлан гадуурхахгүй байхад л болно.
-Олны танил хүмүүсийн дунд гей хүн олон байдаг гэсэн. Тэдэнтэй уулзаж байсан уу?
-Уулзалгүй яахав. Гэхдээ тэд нэр хүнд, бусад асуудлаасаа болоод ил гарах дургүй. Их нуугдмал байдаг шүү дээ. Бас гей мөртлөө гэр бүлтэй залуу олон бий. Зарим нь гей, зарим нь бисексуаль гэх үү дээ. Гей залуусын хувьд бол, эхнэр авах нь зүгээр л нэг халхавч. Бэлгийн чиг хандлагаа өмнө нь мэдэхгүй явж байгаад их хожуу мэдэрсэн хүн олон.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ