Сүүн аргамжаа

img

Залуу зохиолч Бандийн Болормаагийн "Аавын охиноос бурханд бичсэн захидал", "Эхийн хайр"  өгүүллэгийг манай сайт өмнөх амралтын өдрүүдээр нийтэлсэн билээ. Тэгвэл энэ удаа Б.Болормаагийн "Сүүн аргамжаа" богино өгүүллэгийг нийтэлж байна. Дашрамд дурдахад зохиолч өдгөө Шведийн Вант улсад загвар зохион бүтээгчээр суралцаж байгаа бөгөөд анхны ном нь "Намайг эзгүйд" нэртэйгээр 2008 онд гарч байв. Дээвэр шажигнуулан асгарах борооны дусал яндангийн нүхээр урсаж зуухны хоолой дээр зэвтэй ус болон тогтоно.Хувингаар цутгах мэт асгарч байснаа тог тогхийн ганц нэг дуслаж эхлэх нь хаврын тэнгэр олон аашаа гаргаж байгаа нь тэр. Бүр уйлахдаа хүртэл олон янз байх гэж... Ананд арайхийн өндийж гутлаа углан хавагнасан булчин нь багтаагүй тул цахилгааныг нь таталгүй далбагануулсаар  хулдаасан дээр чимээ ихтэй пад падхийх дусаалыг хаах гэж тогооны таг аван унинд хавчуулаад эргэж хэвтэв. Яг л аавыгаа хуулсан юм шиг дуурайсан бор хүүгийнхээ духан дээрх бурзайсан хөлсийг арчаад хажуугаар нь хэвтэв. Дуслаж байсан бороо ахин ширүүсэхтэй зэрэгцэн дурсамжын алтан хэлхээгээ бодол дотроосоо эрлээ. Тэр нэгэн хавар. Төгсөлтийн баяр дээр урт хормойтоо цэнхэр даашинз өмссөн Ананд мөдхөн бие биенээсээ холдох гэж байгаа ангийнханаасаа хоромхон ч сэтгэл салгаж  чадахгүй боловч битүүхэндээ Төгсөөгөө харуулдсаар байсан. Монгол загварын дээлийг ёстой л урлаг болгож өмссөн олон бүсгүй  сэтгүүлийн нүүрэнд хааяа гардаг загвар өмсөгч эсвэл аль нэгэн одоос дутахааргүй дэгжин харагдана. Удалгүй хөгжим эгшиглэж төгсөлтийн баяр сүр бараатай эхлэсэн. Төгсөгчид мэргэжлийн үнэмлэхээ гардаж, энгэртээ алтан соёмбо гялалзуулсан ромбоо зүүгээд дурсгалын зураг авахуулав. Харуулдаж байгаа харцанд гэрэл гийж Төгсөө нь тэвэр дүүрэн улаан сарнай барин Анандыг чиглэн яаран алхсаар ирээд хацар дээр нь үнсэж  "Яг зуу шүү" гээд инээж байсан. Амласан ёсоороо ерэн есөн сарнай тэвэрч зуу дахийг нь энгэртээ хатгажээ. Ананд энгэртээ улаан сарнай эв хавгүйхэн хатгасан шаргал хүрэмтэй цээжийг нь зөөлөн илээд "Баярлалаа чамдаа" гээд инээж байхдаа хамгийн жаргалтай байсан. Удалгүй Ананд нэг их сүр бараатай хурим хийгээгүй ч гэр бүлийнхээ хүрээнд даруухан  найр хийн нэг гэрт орсон. Тэгтлээ их санаж мөрөөдөж байсан хос нэг гэрт хоёулхнаа байна гэдэг үнэхээр л аз жаргал амталсан бал сар байсан. Сүүлчийн бороо залгуулан цас бударсан өдөр Ананд хүүгээ төрүүлж , эмнэлэгийн цонхоор аанай л шаргал хүрэм өмссөн Төгсөө баглаа цэцэг, цагаан тортой юм барьчихсан гараараа даллаж зогссон. Сараа гүйцээлгүй төрсөн гэхээргүй мантгар цагаан хүү нэг мөөмөө баралгүй унтаад өгнө. Нөгөө мээм нь чинэрэн өвдөж арга ядсандаа Төгсөөгөө "дундлаад өгөөч" гэж гуйна. Төгсөө "ээ яаж болдог юм бэ, болох юм уу даа" гэж хөхнөөсөө гараад удаагүй байгаа том хүү шиг ичингүйрэн бас итгэж ядсан байдалтай очиж эв хавгүйхэн  хөхөж эхэлнэ.  Сүүлдээ ч Төгсөө нь  эх хүний уураг сүүний амтанд орж цаанаа л нэг нялхамсуу бас сурамгай хөхдөг болсон. Ананд нөхөрөө эрхлүүлэн "Миний хоёр хүү, адилхан гэдэг нь " гээд ээлж ээлжээр үнсээд инээнэ. Нэг өдөр хажуу хашааны эмээ орж ирээд эхнэрийнхээ хөхийг хөхөж байсан Төгсөөг цочин харснаа. "Хүүе яаж байнаа, хөгшин оцгор чинь нялх хүүхдийн уураг залгилаад" гээд зэмлэж гарсан. Учирыг нь мэдсэн боловч эмээ " ээ дээ мэдэхгүй, эмэгтэй хүний сүүг амссан л бол тэр хүнтэй эх үрийн нандин холбоогоор үүрд холбогддог   гэдэг юм билээ, эхнэр нөхөр хоёр эх үр ийм холбоотой болох ч нэг л биш дээ" гээд гарч одсон. Үнэхээр л хот хөдөөгийн хооронд хүн зөөдөг Төгсөө нь цасан шуургатай  өглөө эртлэн гараад хэзээ ч эргэж ирэхээргүй одсон  тэр бараан өдөр Анандын зүүн хөх час часхийн эмзэглүүлж, нэг л хачин совин төрөөд байсан. Гадаа ширүүсч байсан бороо гэнэт намжин залгуулаад салхи босож Анандын бодлыг таслан хашаан дотор гялгар цаас сэрчигнэн хийсч эхлэв. Гэнэт гэрийнх нь ард хөлийн чимээ сонсогдов Лүг лүгхийсэн хүнд хөлийн чимээ аажуухан алхсаар гэрийн зүүн талаар эргэж Анандын орны тушаа ирээд хэсэг чимээгүй болсноо ахин лүг лүгхийлэг алхаж  үүд хавьцаа одов. "Энэ усан бороотойд хэн байдаг билээ, хаалгаа түгж лүү яалаа" гэж битүүхэн түгшиж эхлэхэд хэвлийд байгаа хүүхэд нь зад тийчлэх мэт хүчтэй хөдлөв. Гэвч нөгөө хөлийн чимээ хаалганаас өнгөрч гэрийг тойрон ахин зүүн талд ирлээ. Дахиад л үүднээс өнгөрч гэрийг тойров. Гурав тойрох шиг боллоо. Гэтэл хаалга сэвхийтэл онгойн хэн нэгэн ороод ирэв. Анандын зүр амаар гарчих шахан булиглана. Яндангийн нүхээр тусах бүдэг шаргал гэгээн дундуур царай нь  тодрон тодорсоор Анандын ор луу ойртов. "Бурхан минь яг дүрээрээ, ийм юм байх гэж, энэ зүүд үү " гэж Ананд хөшсөн уруулаараа арайхийн өөртөө шивнэж байлаа. Яг л хонхны баяр дээр нь очсон шиг ээ, бас хүүгээ төрөхөд  аяга халуун шөл хийчихээд очсон шигээ шаргал хүрэмтэйгээ. Цав цагаан шүдээ яралзуулан инээмсэглэсээр яг л дүрээрээ,  гагцхүү тас хар хөмсгөн доороо үргэлж гялалзаж байдаг нүднийх нь цог буурчээ. Гэнэт хүү нь янцаглан сэрж нүдээ нээснээ  "Аав аа , ааваа" гээд сарвагнан өндийхөд хөшиж орхисон Ананд сэхээ авч бушуухан унтраалга өөд гараа явуулав. Гэрэл цэлсхийн асахад шаргал хүрэмнийх нь оноотой хормой үзэгдээд гараад явчихлаа. Хамаг хар хөлс нь цувсан Ананд "аав, аав л байна шүү дээ, аав хааччихав аа" гээд орилох хүүгээ аргадан энгэртээ чанга тэвэрлээ. Борооны чимээ, салхины исгэрээ аль аль намжиж нам гүм ноёрхоход Ананд орныхоо толгойноос уясан бүснээс чангааж шазуураа зуун арайхийн өндийгөөд авдар дээрх Төгсөөгийн зурагны өмнө зул асаав. Одоо ч байгаа юм шиг, хараад сууж байгаа ч юм шиг дүрлийтэл инээсэн цэл залуухан хань нь... Хоёрхон сарын өмнө л гэрийнхээ хойморт инээгээд сууж байсан шүү дээ. Ананд мэддэг маань мэгзэмээ амандаа уншин зулын цөгцөнд тос нэмээд эргэтэл авдарны хөлийн хажууд жижигхэн зүйл гялтагнан харагдав. Арайхийж тонгойн сөгдөж суугаад автал хэзээ ч билээ дээ Төгсөөтэйгээ муудалцахдаа хуруунаасаа сугалаад шидчихсэн сүйн бөгж нь байв. Хичнээн хайгаад ч олж чадаагүй байсан нандин бөгжөө олсондоо олзуурхан хуруундаа хийтэл багтсангүй. Хүйтэн хулдаасан дээр жиндснээ мэдээд өндийх гэтэл хаалга тасхийн савагдаж зул унтрав. Дэлхийг сүлж асгарсан үүрийн цагаан гэгээнээр бүсгүй хүний "ээж ээ" гэж орилох дуу шинэхэн төрсөн хүүхдийн цангинатал уйлах эр хонгор дуугаар солигдов. Төгсөөгийн дандаа өмсдөг шаргал хүрэм баруун орны толгой дээр тохоотой байлаа, Энэ удаа тэр энгэртээ цагаан цэцэг хатгаад аминаасаа хайртай ханьдаа үр болон  эргэж иржээ. Сүүн аргамжаа үл тасарна. http://bolormaa99.blog.gogo.mn 2008 Улаанбаатар Бөхөг - 2011 Stockholm. Hogdalen.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ