
Алт сандайлсан гуйлгачин монголчууд ерээд оны дунд үеэс алтыг нь ухаж аваад авдрыг нь харлуулж хаядаг болсон. Авлига нэхсэн улстөрчдийн балгаар Оюу толгой үүцээ задалж амжаагүй л байна. Уг нь энэ онд анхны хүдрийн баяжмалаа экспортолж байх учиртай Оюу толгойн зэсийн далд уурхайн 1300 метр гүний нэгдүгээр ам нэгэнт бэлэн болж, ил уурхайн хөрс хуулалт эхэлжээ. Уурхайн амнаас хүдрийн агуулах хүртэл 2700 метр урт конвейрийн систем тавьж, баяжмалын фабрик үүдээ нээх гэж байна. Цахилгаан станцын барилга ч хэдийнэ сүндэрлэж, эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дуусах шатандаа оржээ.
Харамсалтай нь үе үеийн эрхэм түшээдийн чихэнд ус ч хийсэн сэгсэрч, алт ч хийсэн сэгсэрсээр байна. Тэд Оюу толгойн экспортын үйл ажиллагааг хоёронтоо хойшлуулж дөнгөсөн. Одоо ч 21 эрхмийн 42 чих алт цутгачихсан юм шиг дүлий дүмбэ оргиж явна. Яагаад гэвэл өмнөх УИХ-ын өнгөнд Оюу толгойн гэрээг баталж, цөөхөн хүн хэмжээлшгүй их мөнгө халаасалсан гэх атаархал ард түмний төлөө гэж халагладаг авлигач улстөрчдийн хор шарыг буцалгаж байдаг. Одоогоор Оюу толгойн ордоос хэн ч юу ч аваагүй байна. Харин дахин төлөвлөсөн ёсоор шинэ он гарангуут хүдэр экспортолж эхэлбэл Монгол Улсын сан хөмрөгт татвараар мөнгө орж, хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх цаг хугацаа нэг хоногоор ч атугай наашилна. Оюу толгойн ашиглалтын ажиллагаа шуударвал мөнөөх улстөрчдийн амны бай болсон манай талын 34 хувийг ахиулах талаар ёстой бодитоор ярьж болох юм. Одоо бол алаагүй баавгайн арьсыг хувааж авахаар эх оронч дүр эсгэж байна. Үүнийг нэг үеэ бодвол бараг үнс болсон нүүрсний хар тавилан гэрчилнэ. Цагтаа Тавантолгойн гэрээг таван жилээр ухрааж, одоо ч гацаасаар байгаа улстөрчид улсад байя гэхэд хувьдаа юу хожсон юм бэ, таминь.
Өнөөдөр Оюу толгойн ордоос ганц хүрз хүдэр гадагшаа гараагүй ч тэндхийн 3000 гаруй монгол ажилчин амьжиргаагаа өлхөн залгуулж, хамгийн гол нь толгойдоо багагүй юм хийж байна. Хэдхэн хоногийн өмнө болсон “Уурхайн хаалт ба байгаль орчны нөхөн сэргээлт” сэдэвт бага хурлын үеэр өмнийн говьд хөл тавьсан миний бие үүнийг нүдээр үзэв. Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын урамтай эхлэлийн тухай цухас өгүүлэх минь авлигачдын араншингаар гар хүндрүүлж гэх шалтаггүй шалтгаан болж магадгүй ч аяганы амсар ч зуугаагүй гэдгээ өчье.
Дэлхийн чихийг дэлдийлгэсэн “Оюу толгой” төслийн хувь заяа дэнсэлж буй Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрийн байгаль цаг уур, ургамалжилт өвөрмөц онцлогтой учраас биологийн нөхөн сэргээлтийн ажил нь хээр, хангайн бүсээс ялгаатай. Энд нөхөн сэргээлтийн туршилт судалгааны ажил 2004 оноос эхэлжээ. Ингэхдээ юуны өмнө “Оюу толгой” ХХК-ийн Байгаль орчны хэлтэс газар хөндөх аливаа үйл ажиллагааг зөвшөөрлийн дагуу эхлүүлж, хяналтад байлган барилгын ажил, олборлолтын явцад эвдрэх газрын шимт хөрсийг тусад нь хуулан хадгалж байна. Үүнийг ирээдүйд хийх нөхөн сэргээлтийн ажилд ашиглах юм. Цаашид төслийн газар нутагт ургамлын аймаг, ургамалжилтын суурь судалгаа, хяналт шинжилгээг тогтмол хийж, Ханбогд сумын хэмжээнд нийт 37 талбайд ургамалжилт, бэлчээрийн эрүүл мэндийн хяналт шинжилгээний цэгүүд байгуулжээ. Говийн бүсэд дасан зохицсон нутгийн ургамлыг нөхөн сэргээлтэд ашиглахдаа цөл, цөлөрхөг хээрийн бүсэд газрын гадарга ба ургамлын бүрхэвч, түүнд түшиглэсэн экосистемийг унаган төрхөнд оруулах бодлого баримтлан ажиллаж байна. Байгаль орчны хэлтсийн зөвлөх Ж.Оюунсувд, тус компанийн хувьд уурхайг барьж байгуулах явцдаа байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг хамтад нь төлөвлөн гүйцэтгэж байна гэсэн юм.
Ханбогд суманд нутгийн унаган ургамлын зүйлүүдийн цуглуулгаар 2011 онд таван га газарт мод үржүүлгийн газар байгуулан тарьц суулгац бэлтгэж, ховор ургамлыг тарималжуулж эхэлжээ. Нутгийн 21 ажилчин 640 ам. метр талбай бүхий нийлмэл оройт хүлэмж, дуслын усалгааны систем бүхий эх ургамлын талбайд хоёрдугаар сараас 11 дүгээр сар дуустал 20 мянган хайлаас, буйлс үрслүүлж, 10 мянга гаруй загийг үрээр тарьж байна. Мөн 43 мянган бортогонд суулгац бэлтгэжээ. Орон нутгийн иргэдийг мэргэжлийн байгууллагын удирдлагаар зохистой цаг хугацаанд нь сайн чанарын үр түүлгэж худалдан авах замаар нөхөн сэргээлтэд хэрэглэх үрийн нөөцтэй болж байна.
Ховор, нэн ховор ургамлыг тарималжуулж нөхөн хамгаална. Оюу толгойн уурхай барьж байгуулах талбайд нийт 21 зүйлийн ховор, нэн ховор ургамал ургаж байгааг тогтоосон бөгөөд жил бүр тооллого судалгааг шинэчлэн хийж, ургалтын нөхцөл байдал, нөлөөлөлд өртөх байдлыг хянадаг байна. Ховор ургамлыг тарималжуулах, уурхайн үйл ажиллагаанд өртөхөөргүй өөр газарт тариалах буюу нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажил эхэлжээ. Байгаль орчинд ээлтэй технологи хэрэглэх, орон нутгийн иргэдэд өгөөжтэй байх хариуцлагатай уул уурхайн үндсэн зарчмыг баримталдаг “Оюу толгой” ХХК “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн нөхөн сэргээлт, түүний үр дүнд ажиглалт хийх ажилд нутгийн иргэдийг бүлэг байгуулах замаар идэвхтэй татан оролцуулдаг ажээ.
Ургамлын судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтанцэцэг говь цөлийн бүс нутагт биологийн нөхөн сэргээлт хийх онцлогийн талаар өгүүлэхдээ, Монгол орны өмнөд хэсгийн цөл, цөлөрхөг хээрийн бүс ан амьтад, ургамлын төрөл зүйлээр баялаг юм. Энэ нутаг үлдвэр, ховор ургамлын арвин баялагтай бөгөөд уур амьсгалын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон өвөрмөц онцогтой. Төслийн зүгээс ирээдүйн нөхөн сэргээлтэд бэлтгэж, орчны суурь судалгааны ажлуудыг нарийвчлан хийж байна. Эдгээрт үндэслэн хүрээлэн буй байгаль орчноо унаган төрхөөр нь сэргээж, өвлүүлэн үлдээхийн тулд зөвхөн нутгийн унаган ургамлыг ашиглах, тэдгээрийн үрийн нөөцийг бүрдүүлж эхэллээ. Үрийн нормыг тогтоохдоо зонхилогч, нөмөрлөгч болон хачирлагч ургамлын зүйлийн зохистой харьцааг тухайн газар бүрт нь тусгайлан төлөвлөж хэрэгжүүлдэг. Ер нь говь цөлийн бүс нутагт хийх нөхөн сэргээлтийн ажил нь уул уурхайн компани, орон нутгийн иргэд, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааны бүтээл байдаг гэсэн юм.
Өмнийн говийн бүс нутагт хэрэгжиж буй “Оюу толгой” төсөл нь эцсийн дүндээ тухайн бүс нутгийн биологийн олон янз байдалд эерэг нөлөө үзүүлэхэд чиглэж байна хэмээн биологийн олон янз байдлын судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн С.Дорждэрэм ярьж байна. Тус компани “Рио Тинто” группийн биологийн янз байдлын талаар баримтлах стратегид нийцүүлэн өмнийн говийн бүсийн биологийн олон янз байдалд эерэг нөлөөлөл ахиу үзүүлэх зорилго дэвшүүлжээ. Үүний дагуу биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллөөс зайлсхийх, түүнийг бууруулах, нөхөн сэргээх арга замаар бууруулах шатлалтай арга хэмжээ авч байна. Нөхөн сэргээх арга хэмжээнүүд нь төслийн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газар нутагт аюулгүй, тогтвортой газрын төрх, тогтцыг бий болгох, ургамалжуулах, амьдрах орчныг дахин сэргээх ажил юм. Гэхдээ тухайн амьдрах орчныг эвдрэлд өртөхөөс өмнөх бүхий л нөхцлийг бүрдүүлэхэд чиглэдэг ажээ.
“Оюу толгой” ХХК-ийн Байгаль орчны хяналт шинжилгээ, газрын асуудал хариуцсан ахлах ажилтан Л.Цэцэгсүрэн техникийн нөхөн сэргээлтийн төлөвлөлт ба хэрэгжилтийн талаар өгүүлэхдээ, манай компани үйл ажиллагааныхаа бүхий л үе шатанд газрын эвдрэлийг хамгийн бага хэмжээнд хязгаарладаг гэв. Хамгийн гол нь хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийг Монгол Улсын холбогдох хууль, стандартын шаардлагуудын дагуу хийж гүйцэтгэдэг бөгөөд явцын болон уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнүүдийг боловсруулан хэрэгжүүлж байна. Эдгээрийг газар хөндөх зөвшөөрлийн дотоод журмаар баталгаажуулдаг.
Нөхөн сэргээлтийн ажлын үндсэн зорилгуудын нэг нь хөндөгдсөн талбайг хүн, амьтан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болгоход чиглэж, техникийн нөхөн сэргээлтийг зөв зохистой гүйцэтгэхэд анхаардаг. Иймээс гэрээт компаниуд аливаа барилга, газар шорооны ажил явуулсан талбайдаа техникийн нөхөн сэргээлтийг стандарт шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, “Оюу толгой” компанид хүлээлгэж өгөх тухай газар хөндөх зөвшөөрлийн дотоод журамд заажээ. Байгаль орчны хэлтсээс гэрээт компанийн техникийн нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлд байнгын хяналт тавьж, зөвлөгөө өгч хамтран ажилладаг байна.
Түүнчлэн хөндөгдсөн газрыг байгалийн унаган төрхөнд нь буцааж оруулах буюу тухайн газрыг хөндөхөөс өмнөх үеийн ургамлан бүрхэвч, биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг дахин бий болгохын тулд өнгөн хөрсний менежментийн төлөвлөгөө боловсруулан хариуцлагатайгаар хэрэгжүүлдэг. Ийнхүү “Оюу толгой” компани нягт уялдаатай, цогц бодлого, төлөвлөлтийн дагуу үйл ажиллагаандаа өртсөн газрын нөхөн сэргээлтийг амжилттай гүйцэтгэж байна.
Ер нь Оюу толгойн байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын хариуцлагатай эхлэл нь олон хүний толгойд ихийг бодогдуулж байна. Газрын баялгийг зарж мөнгө олоод дараа нь нөхөн сэргээнэ гэсэн хойш тавьсан сэтгэлгээтэй монголчуудын хувьд энэ туршлага нь олзуурхууштай. Бүтээн байгуулалтдаа 5,2 тэрбум ам. доллар нэгэнт зарцуулж, Монголын хэсэг улстөрчийн балгаар экспортын үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байгаа “Оюу толгой” компани говийн байгаль орчныг аль болох унаган төрхөөр нь байлгахын төлөө анхнаасаа гар татсангүй. Гагцхүү “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр” гэсэн хуучны үг энэ цагийн улстөрчдийн толгойд хэзээ орох юм бол доо.
Х.Ариунбаатар


















СЭТГЭГДЭЛ БИЧИХ