
Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар алдыг нь аваад дэлмэн дээр нь аудитын шалгалт орох вий гэхээс үхтлээ айж сууна. Арга ч үгүй биз. Хан Хэнтий нутагт засаг ноёноор хоёронтоо тодрохдоо биеэ болоод гэрээ засахын дээдээр засч чадсан хүн. Өндөрхааны төв, өргөн Хэрлэнгийн хөвөөнд өвөл, зуны хоёр давхар хаустай төрөөс төрсөн хөдөөгийн тэрбумтныг зүүн гурван аймгаас эрээд олохгүй. Дотор ухаан зарж, хужаа аргаар илт баяжсан Ч.Эрдэнэбаатар аймгийн Санхүүгийн хэлтсийн даргыг хамгийн түрүүнд албан тушаалаас нь мулталж байгаад төсвийн мөнгөөр гараа угаадаг. Түүний тушаалаар ажлаасаа долоон удаа халагдсан Г.Ганбат шүүхийн шийдвэрээр буцаан томилогдохдоо сохорсон биш завшив гэгчээр 14 сая төгрөгийн нөхөн олговор авсан. Завсарт нь Засаг даргын хууль бус шийдвэрийн золиосонд татвар төлөгчдийн мөнгөнөөс 14 сая сох дутахшив. Энэ бол Ч.Эрдэнэбаатарын өврөөс гараагүй болохоор чихрийн цаас л гэсэн үг.
Тэр 2008 оны сонгуулийн дараа Засаг дарга болонгуутаа татвар, нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт, биеийн тамир, спорт, газрын харилцаа, хүнс, хөдөө аж ахуй, нийтлэг үйлчилгээ, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага болон бүр Ядуурлыг бууруулах хөтөлбөр, Тогтвортой амьжиргаа төслийн гээд 20 гаруй даргыг анги намаар нь ялгаварлан халж, СХЗГ-ын дарга эгчдээ тулаад зогссон. Төрийн албан хаагчийн халаа сэлгээний харгайгаар хүн бүрт гэнэт халагдсаны тав зургаан сая төгрөгийн тэтгэмж улсаас олгоод Ч.Эрдэнэбаатар дарга хүслээ гүйцэлдүүлээд зүв зүгээр өнгөрдөг нь аль 2000 оноос улбаатай.


Ер нь түүнд төрийн албыг хувийнхтай хутгаж улстөрждөг, хорхой идсэн араандаа зуудаг хоёр муухай зан бий гэдэг. Аймгийн Засаг дарга байсан АН-ын нэгэнд гаргасан улс төрийн хонзонгоо зүү орох зайгүй арилжаа наймааны анд “Мөнх шувуут” компанийн эзэнд гаргаж, бизнесийн үйл ажиллагааг нь бүрмөсөн хавчин шахжээ. Тэр нь АН-ын даргын өнгөнд “Алтан гадас” хүртэж, дэлгүүрийг нь худалдаж авсан юм билээ, зайлуул. Орон нутгийн сонгуульд хоёр удаа Ч.Эрдэнэбаатартай ана мана үзэлцсэн Ж.Баянцагааны бизнес бас хумигдаж, малчдын хороо, тавдугаар багийнхан нийтийн тээврийн автобусгүй явгарсан. Мөн дөрөвдүгээр сургуулийн захирал залуу хуучин даргынхаа сонгуулийн сурталчилгаанд явсан хэргээр “муу урвагч” гэж адлуулан суудлаасаа гулсчээ. Түүнээс гадна 18 сургууль, цэцэрлэгийн захирал халагдсан. Ажлаасаа хусуулсан хүн зэргэлдээ Дорноговь, Сүхбаатар аймгийн шүүхээр л заргаа авахгүй бол нутагтаа саналтгүй. Ч.Эрдэнэбаатарын нөгөө нэг гэм нь дотуур тамиртай, лав л Хэнтийнхнийг нар өөд харуулахгүй далд бодолтой явдаг хэмээн ил шулуун хэлчихдэг заримаас эхлээд ад шоо үзэгддэг. Ямар сайндаа л улс орон зах зээлд шилжиж, өмч хөрөнгө задгайрсан ерээд оноос одоогийн “Цэнтрейд”, “Өгөөж”, “Солонго” зэрэг компанийн эзэд таван гэр бүл амь нэгтэйгээр аймгийн төвийн өнгөтэй өөдтэй барилга, худалдаа, үйлчилгээний газруудыг сүүлдээ албан тушаалаараа далайлган хувьчилж авчээ. Иргэн Ч.Эрдэнэбаатар “Алаг барс” компанийнхаа дэлгүүр, зоогийн газар, зочид буудлын барилгуудыг Өндөрхааны хуучин байшингуудыг нурааж, туйпуугаар нь хужаа аргаар барьжээ. Бусдын бүтээн байгуулсныг үгүйсгэдэг, ямар ч үнээр хамаагүй нураадаг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын барилгын оройг авч хаяж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг усан огилуур зэргийг хааж боосноор илэрч олны ам муутай л байна. Чингис хааны хөшөөг хүртэл хорих ангийн үүдэнд зөөжээ. Их Монгол Улсын 800 жилийн ойгоор С.Жаргал даргын үед босгосон сүрлэг цогцолборууд таалагддаггүй бололтой урд хөршийн төлөөлөгчдийг урьж залаад шинэ бүтээн байгуулалт ярьж явна.

Ч.Эрдэнэбаатар Хэнтий аймгийг дундаа нэг завсартайгаар найман жил удирдаж байгаа. Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт 96 хувьтай гэж байгаа ч өнгөрөгч дөрвөн жилд ганц км бетонон замаас өөр тоймтой юм алга. Дулааны цахилгаан станцын 350 сая төгрөгөөр гудамжиндаа гэрэл тавиулаад энэ оны төсөвт суусан 600 саяыг буцаагаад татуулчихав. Гутлын үйлдвэрийн хагас тэрбумын өртөгтэй томоохон амбаар хуучин САА-н гараашийн хашаанд эзэнгүй байна. Хөтөлбөрт багтсан “Хан Хэнтий” чуулгын барилга, цемент, тоосго, цаас, мах боловсруулах үйлдвэрийн сураг таг чиг. Нэг тэрбум төгрөг зарцуулсан гэх усан спортын цогцолборын барилга нурж унах шахав. 2009 оны улсын төсөвт тусгагдсан 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай сүүний үйлдвэрийн барилга хуучин хүнсний комбинатын бөөрөнд наалдаад замхарчээ. Тоног төхөөрөмжийнх нь зардал гурван жил дараалан батлагдсан ч одоо хэр ажилласангүй. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээл 50 сая гэх мэтчилэн нийт 700-900 сая төгрөгийн хөрөнгийн захиалагчийн баримт бичигт ЗДТГ-ын дарга А.Гантөмөр гарын үсэг зурсан байх юм. Мөн ерөнхий боловсролын бүх сургуульд 9-11 жилийн сургалттайгаас хамааран 6,5-9,0 сая төгрөгийн нийт 1,2 тэрбумын техник хэрэгсэл олгох гэрээний ажлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга О.Энхтунгалаг гардан гүйцэтгэсэн гэж байна. Сургуулиудын саналыг эс харгалзсан техник хэрэгслийг түүний нөхрийн “Цэнтрейд” ХХК, “Солонго” төв нийлүүлсэн ажээ. “Солонго”-ынхон аймгийн ЗДТГ-ын тавилга, эд хогшлыг А.Гантөмөр даргатай хамт явж, Хятадаас авчирсан байна. Ер нь төсвийн хөрөнгөөр худалдан авах, гүйцэтгэх ажил үйлчилгээнүүдийг дээрх компаниуд тендертэй, тендергүй авдаг нь гэм биш зан, гэнэт биш хууч болж. Засаг ноёны хуурай ах Ч.Улаан Сангийн сайдаар тавигдсан нь аудитын шалгалтыг аятайхан аргалах боломж хэмээн бодож байж магадгүй ч…

Нээлттэй тендер зарлах ёстой нэг км бетонон автозамын ажлыг Онцгой байдлын албаныхан дүйцүүлэх цэргийн алба хаах журмаар Засаг даргын шууд дэмжлэгтэйгээр гүйцэтгүүлсэн байна. Гэхдээ НХХЯ-наас ажилчдын цалин хөлсөнд 30 сая төгрөг гаргуулжээ. Улсын комисс хүлээж аваагүй уг замын тухай
Засаг ноёны зальдсан зам
Замын жолоочийг тамласан зам
Эрдэнэбаатар даргын идсэн зам
Энхэл донхолтой муухай зам гэсэн дуу хүртэл гарсан нь чанар чансааг нь аяндаа хэлээд өгнө. Зам иддэг Засаг дарга амтанд нь орсон ч юм уу, аймгийн захиргааны өмнөх автозамыг хүртэл бөглөж байгаад том талбайгаа боржин хавтангаар нэлд нь өнгөлж байна. Жил болгон дүүргийнхээ зам талбайн хавтанг сольдог МАН-ын засаг ноёдын туршлагаас судалж, аймагтаа анх удаа хэрэгжүүлж эхэлжээ. Эндээс орон нутгийн байтугай УИХ-ын сонгуулийн мөнгө унагадаг гэж байгаа.
Өндөрхаан хотын ерөнхий төлөвлөгөөг 2004 онд Засаг дарга байхдаа Засгийн газрын тогтоолоор батлуулахдаа арай гоомойдсон бололтой. Дөрвөн жилийн дараа хувьдаа хоёр давхар хаус, намдаа хэдэн давхар байр бариулахаа тооцоолсонгүй. Гэхдээ сантехникийн шугамыг засаг ноёны зангаргаар төвөггүй татуулсан ч Өндөрхааны инженерийн шугам сүлжээг “Алаг барс”-д ойртуулснаар засвар, шинэчлэлийн ажлыг сунжруулж, Улаанбаатарын “Боорчи” ХХК одоо хүртэл дуусгаагүй байна. Харин Хэрлэн голын хөвөөн дэх зуны өргөөндөө цахилгааны шугам татуулжээ. Яг улаан зам дээр нь байдаг Хэрлэн сумын тавдугаар хорооны хэдэн муусайн ногоочид олон жил хүсэлт тавиад, “Алт маргад” ХХК хэдэн жил хөөцөлдөөд бүтээгүй энэ ажлыг тэрээр улсаас 75 сая төгрөг гарган ганцхан хавар бүтээж амжсан. Харамсалтай нь зуугаад ногоочдын байр харанхуй, мөнөөх компанийнхан түшмэлийн гарыг 10 гаруй саяар хүндрүүлээд ч зардлаа гүйцэд олж аваагүй сурагтай. Харин Засаг даргын хаялага орлогчид нь хүртдэг юмсанж. Орлогч дарга А.Намсрай “Тулга констракшн” компаниар амины хоёр давхар байшин бариулж, оронд нь 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын тендерийн ажлын гүйцэтгэгчээр тодруулжээ. Гэвч даахгүй мөртлөө булуу хураасны харгайгаар тендерээ буцаасны дараа дахиад Галшар сумын сургуулийн барилгын гүйцэтгэгчээр тавьсан байна.

Уг нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль хэдийнэ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байгаа ч Хэнтийн толгой дарга нарт төдийлөн үйлчилсэнгүй. Аймгийн төвийн Хэрлэн сумын Засаг дарга Б.Должин хуучин Чандаганы САА буюу Өлзийт багийн нутагт 10 мянган га газрыг солонгосчуудад дөрвөн гар дамжуулан худалдаад бөөн зарга босдогийн даваан дээр багийн Засаг дарга Д.Ганцэцэгтэй хамжин түр гал унтраагаад байна. Гэхдээ л АТГ-ын чихэнд аль хэдийнэ хүрчээ. Хэдэн жилийн өмнө Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн 10 сая төгрөгийн зээлийг Өлзийтийнхнөөс бултуулж, Бэрх тосгонд 20 саяыг хээвнэг өгчихөөд байсан Б.Должин дарга хэдийдээ ч багийн даргатайгаа хамтрагч болсныг учир мэдэх хүмүүс гайхаж байна. Бодвол нийтийн албанд ашиг сонирхлын зөрчлөөрөө холбогдоно гэдэг энэ биз. Аймгийн Засаг даргын гарын хүмүүс болохоор өмнө нь Ч.Эрдэнэбаатар Хэнтийн газар нутгийн 45 хувьд нь ашигт малтмалын 450 гаруй лиценз олгож, төвийн 10 жилийн сургуулийн хашаан дотор хүртэл газар өгчихөөд байсанд болдог юм байна гэж тэд ойлгосон бололтой. Анх мань эр Засаг дарга болоод зүүн бүсийн бөөний худалдааны төв байгуулах мөнгийг үгүй хийчихсэн гэдэг юм билээ. Түүний эсрэг аливаа асуудлаар санал өгдөггүй аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Хятадын Хайнань аралд амардаг.

Төрийн албан дээр амьдрал ахуйгаа шууд өөд нь татдаг туршлагыг буруутгах ч хэцүү, зөвтгөх бүр ч хэцүү. Дөрвөн жилийн өмнө ажилгүй явсан Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Б.Цэрэнчимэд гэнэт хөлжиж, сумандаа бараг мянган малтай болжээ. Урьд нь иргэний бүртгэлийн байгууллагад ажиллаж байхдаа гадаад паспорт хуурамчаар гаргаж байсан учраас төрийн албанд төдийлөн тэнцэхээргүй дүн тавиулж байсан боловч одоо шат шатны Засаг дарга нартайгаа гар нийлэн ажиллаж байна. 2006 онд 14 сая төгрөгийн өртгөөр баригдсан халуун усны барилгыг ашиглалгүй байсаар өдгөө ЖДҮДС-гаас нэмж хөрөнгө гарган хувь хүнд газартай нь шилжүүлжээ. Байгаль орчин, аялал жуулчлал, нийгмийн хамгаалал, халамж, газрын харилцаа, хот байгуулалт, санхүүгийн байгууллагын шинэ залуу ажилтнууд засаг ноёныхоо гараар өсч өндийж байна. Тэр жил Бэрх тосгоныг тэр чигээр нь хөлдөөсөн залуу захирагч Ц.Лхагвасүрэн аймгийн ИТХ-ыг даргалж, аминдаа хэрээс хэтэрсэн бүтээн байгуулалтын ажил амжуулжээ. Туслахынхаа хамт албаныхаа арын өрөөнд тухалж байдаг нэгэн.

Өмнө нь аймгийн иргэдийн Хурлын дэргэд байгуулагдан, төсвөөс санхүүжиж, “Дэлхийн зөн” байгууллагаас техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн “Хэнтий” телевизийг “Хан Хэнтийн ирээдүй” залуучуудын байгууллага худалдаж авсан нэртэй ч нууц ноёнтон нь аймгийн Засаг дарга гэдэг нь олон нийтэд олон нэвтрүүлгээр танигджээ. Төрийн өмчийн оролцоотой ТВ-ийг тэрээр нэг л мэдэхэд гартаа оруулчихаж. Иргэдийн санал хүсэлтийг ил тод дамжуулаад байдаггүй болохоор Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт дээр гэдийсэн авлигачид бөхийж, бөхийсөн ард гэдийтэл сэтгэлээ онгойлгосон гэдэг. АН-ын дарга Н.Алтанхуягийг ард түмнээ сонсож явахад аймгийн Засаг даргын нэр хүндийг унагалаа хэмээх ялд унасан хүмүүс ч бий.

Гэхдээ л Ч.Эрдэнэбаатарыг аймгийн Засаг даргын муу нэр дуулах үндсийг анх эрхэм гишүүн У.Хүрэлсүх, Д.Арвин хоёр тавьсан нигууртай. 2000 оны намар орой тэр хоёр “Алаг барс” дэлгүүрийн эзэн Ч.Эрдэнэбаатартай аминчлан уулзаж, МАХН-ын Удирдах зөвлөлийн нэрээр Хэнтий аймгийн Засаг дарга болгож, хариуд нь үг дуугүй үйлчлэхээс гадна УИХ-ын сонгуульд хэзээ ч нэр дэвшихгүй гэсэн ам өчгийг нь авчээ. Ингэснээр Хэнтийд явуулын хэн нэгэн саадгүй нэр дэвшиж, аймгийн даргын зангаргаар өрсөлдөх аюулыг зайлуулсан байна. Энэ хуйвалдаанаас шууд ба шууд бусаар хожсон нь ердөө тэр гурав. Хар амиа хичээсэн хар хайрцагны эл бодлого Хэнтийд 12 жил дараалан явагдсан. Харин одоо Ч.Эрдэнэбаатар даргын цээжинд бас нэгэн хар хайрцагны дотор бодол бий.
Б.Нямсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ