"Хүнд өвчтэй ялтнаа шилжүүлэн авах санал тавьсан"

img

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Улсын Ерөнхий Прокурорын урилгаар манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын прокурорыг  өнөөдөр хүлээн авч  уулзан санал солилцсон байна. Энэ талаар О.Баасанхүү гишүүнээс тодрууллаа.

-БНХАУ-ын прокуроруудтай ялтан шилжүүлэх талаар ярилцсан  гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Энэ сарын 17-нд манай улсад УЕП-ын урилгаар Бээжин хотын хоёрдугаар прокурорууд хүрэлцэн  ирж зарим тоног төхөөрөмжийг тус газарт өгсөн бөгөөд уг тоног төхөөрөмжийн асуудлаар нийслэл, дүүргийн ерөнхий прокурорын төлөөлөлд 5 хоногийн сургалт зохион байгуулсан юм. Бээжин хотын хоёрдугаар прокурор гэдэг нь авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэгт анхаарч ажилладаг. БНХАУ-ын авлигатай тэмцэх газрын захирал, Бээжин хотын прокурор бүхий 6 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчидтэй ярилцлаа.

Уулзалтын зорилго нь энгийн найрсаг, нөхөрсөг байсан, ямар нэгэн асуудал шийдвэрлэх хэмжээнд байгаагүй. Гэхдээ миний бие ГХЯ-наас гадаадад ял эдлэж байгаа монгол иргэдийн талаар мэдээлэл авч, судлаж үзэж байсан. Хүний нутагт ял эдлэж байгаа иргэдийн дотроос эдгэшгүй хүнд өвчтэй хүн байсан учраас хувь хүнийхээ зүгээс үүнд анхаарч туслаж болох арга замыг хайсан гэх үү дээ. Тиймээс нэгэнт манай улсад айлчилж байгаа төлөөлөгчидтэй энэ сэдвээр санал солилцон, ямар байр суурьтай байдаг талаар цухас ярилцсан. Энэ хүмүүс шийдвэр гаргах түвшний хүмүүс биш ч гэсэн, энэ асуудлыг анхааръя, судлая, бодъя гэсэн хариу өгсөн. Хуулиар бол уг ГХЯ-аар дамжуулан тухайн улсын Гадаад Хэргийн яаманд хандаж шийдээд явдаг олон улсын гэрээ хэлэлцээр бий. БНХАУ-тай манай улс энэ сэдвээр сүүлийн жилүүдэд яригдаж эхэлсэн болохоос биш, бусад орнуудыг бодвол эрх зүйн хамтын ажиллагаа сул. Ял эдлэж байгаа иргэдийн бараг 90 хувь БНХАУ-д байдаг. Бидний зүгээс нэлээн сайн сурталчилгаа иргэддээ хийх шаардлагатай болох нь ажиглагдсан. Ялангуяа Малайз руу явж, аялж байгаа иргэддээ анхааруулга сайн өгөх хэрэгтэй. Манай иргэд өөрсдөө хар тамхи хэрэглэдэггүй хэрнээ бусдын золионд орж хууран мэхлэгдэн янз бүрийн гэмт хэргийн гар хөл болчихоод байдаг. Ихэвчлэн хар тамхи зөөвөрлөсөн гэсэн ял эдлэж байна. Би хэдийгээр энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй ч шийдвэр гаргах хүмүүст нь хүргээсэй гэсэн үүднээс уг уулзалтыг зохион байгуулсан. Та бүхэн ч гэсэн хэвлэл мэдээллээр сурталчилж анхааруулга өгөөсэй гэж хүсэх юм.

-Танд өгсөн мэдээллээр үүнд ГХЯ энэ асуудалд ямархуу анхааралд тавьдаг гэж байна?

 -Боломжийн хэрээрээ тусалдаг гэсэн. Өнөөдрийн байдлаар гадаадад амьдарч байгаа иргэддээ манай улс маш бага мөнгө төсөвлөдөг.  Зөвхөн гэмт хэрэг гэдэгтэй холбож байгаа юм биш. Тэнд нас барсан иргэний өмгөөлөл, тээвэр унаа, чандарлах гээд зардлыг ГХЯ бүрэн хариуцаж чаддаггүй. Бид ГХЯ-д хандан, гадаадад байгаа иргэд рүү хандсан төсвөө оруулбал байнгын хороогоор хэлэлцүүлэх талаар саналаа  хэлсэн. Гоё сайхан байшин барих нэг өөр хэрэг. Харин хүн рүү, тэдний эрүүл мэнд сайн сайхан руу чиглэсэн ажил хамгийн чухал. Энэ утгаараа ОХУ, БНСУ, БНХАУ гээд ер нь аль ч улсад байгаа иргэд рүүгээ чиглэсэн анхаарал, гадаад бодлогоо хүчирхэгжүүлмээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Gadaadiinhan ooriinhoo gadnii orond amdarch baigaa., yanz byriin asuudald oroozoldsonhymyysee ih anhaardag, zarim ni ch oorsdiin buruugaas bus busdiin aldaanaas bolj herget oroh tohioldol olon l baigaa shdee...sayhan ter nastai hymyys yalaa zarim neg ni uhee bizdee...hymyysiinhee toloo sanaa tavidag baih ni chiuhal, yun toloo elchin, konsul gej baidag um.
2012-09-23
solongo:
Baasanhuu gishuun UIH iin gishuun bolson ni sain hereg yuma huuli zui omgoollin salbart shinechlel hiigeesee gej husch bainaa...
2012-09-21