Шинэ засаг
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сэлэнгэ аймгаар тэнэж явна. Социализмын үед АНУ-ын Ерөнхийлөгч Р.Рейганыг Ойрхи дорнодоор айлчлал хийхэд ЗХУ болон БНМАУ-ын мэдээллийн хэрэгслээр “АНУ-ын Ерөнхийлөгч, сүүлчийн гангстер Р.Рейган барууны ертөнцөөр доншуучилж явна” хэмээн долоо хоног муулсан гэдэг. Удалгүй ОХУ-ын улс төрийн тоймч А.Познер. АНУ-ын сэтгүүлч Р.Донахью нар “Гүүр” хэмээх телевизийн шууд нэвтрүүлгийг Москва Вашингтоны хооронд хэд хэдэн удаа явуулжээ. Хэдхэн сарын дараа ЗХУ-ын анхны болон сүүлчийн Ерөнхийлөгч М.Горбачев АНУ-ын ерөнхийлөгч Р.Рейган нар Исландын Рейкьявик хотноо цөмийн зэвсэг хорогдуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан. Энэ мэдээнд барууныхан итгэх гэж хэдэн сар болсон гэнэ. Учир нь барууныхан яс махнаасаа коммунистуудтай байлдах тухай л ойлголттой. Гэтэл зэвсэг хураах тухай гэрээнд гарын үсэг зурсан нь зүүд мэт санагдсан аж. Түүнтэй адил Н.Алтанхуягийн Сэлэнгэд хийсэн айлчлал олон нийтийн гайхлыг төрүүлж байна. Тэрээр ҮХАА-н Төрийн нарийн бичгийн даргад гурилын үнэ нэмэх тухай бодохыг хатуу хориглов. Дээр нь мэргэжлийн хяналтын хадны мангааг ангайж хэвтэж байгаад ажил эхлэхээр “ухаан ордгоо” зогсоохыг шаардав. Мэдээж Ерөнхий сайд эдгээр түшмэдүүдэд муу биш байх.
Муу ч байсан түүнийгээ олон нийтэд дэлгэх сонирхол байхгүй. Харин шинэчлэлийн Засгийн газарт ямар түшмэд, ямар хариуцлага хүлээж ажиллахыг “мэргэн” царайлдаг төрийн түшээдэд сануулсан хэрэг болов уу. Ерөнхий сайдын үгэнд хамгийн их баярласан хүмүүс гэвэл зөгийчид ба ногоочид. Ерөнхий сайдын хэлснээр ойрын хугацаанд ямар ч бэрхшээл тохиолдсон Засгийн газар иргэдээ монгол хүнсний ногоо, зөгийн балаар ард түмнээ хангана хэмээсэн. Ард түмэн төрөөс бэлэн талх нэхдэг. Ерөнхий сайд ч Засгийн газраа тэр зарчимд нийцүүлэх нь түшмэдүүдэд өгсөн зүхлээс үнэртэнэ. Зөвхөн Ерөнхий сайд биш бусад сайдууд ч өөрсдийн бодлогоо зарлаж эхэлсэн. ҮХАА-н сайд Х.Баттулга ногоочид, тариачдад талбайг хувьчилж өгөх тухай зарласан нь хятад ногоо удахгүй сураггүй болохыг батална. Ганц энэ үгээр л монголчуудын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал найдвартай баталгаажна. Байгаль орчны сайд С.Оюун байгальд хөнөөлтэй бол ямар ч ашигтай үйлдвэрийг дэлбэлж, шатаахаа мэдэгдсэн. Энэ нь монголчуудын сүүлийн арван жилийн мөрөөдөл. Боловсролын сайд Л.Гантөмөр сурлагагүй хүүхдийг дипломоор хангахыг хориглож, гудамжны хүүхдийг цэцэрлэгээр хангахаа зарласан. МоАХ-аас гаралтай С.Эрдэнэ сайд сонгуульд санал өгдөггүй хүүхдүүдэд сар бүр 20 мянган төгрөг өгнө. Мянган төгрөгөөс их мөнгө барьж үзээгүй бяцхан хүүхдүүд энэ их мөнгөөр бизнесмен болох сууриа тавина. Тэд төр барьж баяждаггүй, төмөр, мод харшуулж, сайхан амьдаргийг мэдэрнэ. Дээрх бодлогууд нь шинэ зүйл биш. Гэхдээ МАН зуун жил мөрөөдөөд хэрэгжүүлж чадаагүй зүйл. Өмнөхөөс ялгаатай нь шинэ Засгийн газар санаашрах биш. Хэрэгжүүлэх аргаа зарлаж байгаа нь итгэл төрүүлнэ. Монголчууд Засгийн газраасаа зуун жил амлалт, матрын нулимс л харсаар байгаад дасчихаж. Харин энэ удаа бодлого сонсоод итгэж ядаж байгаа бололтой.
Монгол үйлдвэрлэл
Түшмэдүүд гадаад худалдаа алдагдалтай байгаа тухай олон жил дүнхүүрч байгаа. Дотооддоо үйлдвэргүй улсын гадаад худалдаа ашигтай байх үндэс байхгүй. Гадаад худалдааны хамгийн том алдагдал техник, тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүний үнэ. Монголчууд түүхий эдээ хятадуудад дэлхийн зах зээлийн үнээс хямд өгдөг. Төмөр, нүүрсний ордууд хятадуудын гарт орсон. Монголоос гарч байгаа ихэнх түүхий эдийн үнийг хятадууд тогтоож байна. Хятад хямарч монгол сүйрэх тухай ухуулга хүчтэй явагдаж байна. Оюу толгой ашиглалтад орохын өмнө Хятад хямраад, хэн нэг нь гэрээг хянах гээд... Монгол дахь ганц барууны хөрөнгө оруулалтыг шахаад байгаа мэт харагдана. Энэ нь хэнд ашигтай вэ. Фрийдланд ордоо хятадуудад зарахыг оролдсон. Хята¬дууд татгалзсан хариу өгсөн гэдэг. Үнэмшихэд бэрх. Хятад яаж ч хямарсан нүүрсний хэрэглээ буурах үндэс байхгүй. Тэр тусмаа манайхаас үнэгүй шахам авдаг нүүрсээ бууруулна гэдэг худлаа. Үнэн хэрэгтээ том загас барих гээд жижиг загасаа хаяж байна гэвэл үнэнд ойртоно. 500 сая ядуучуудтай Хятад улс хэдэн арван тэрбум ам.долларыг дэлхийн өнцөг булан бүрт улс төр, эдийн засгийн зорилгоор цацаж байна. Монголчууд ганц гялтайх гадны хөрөнгө оруулагчаа хөөгөөд гаргачихвал, хятадуудаас өөр хэн ч Оюу толгойг шиншлэхгүй. Сонирхолтой нь эх орончид дураараа төмөр зам тавьчихаад төмрийн хүдрийн үнийг унагаад байгаа хятадуудыг хараа¬гүй мэт аашилж байна. Хэрэв ОХУ руу төмөр замаа татчихсан бол өнөөдөр хэзээ, хаана хямрал болох нь монголчуудад хамаагүй байсан. Харамсалтай нь монголчуудын ганц саалийн үнээ болж байгаа Оюу толгой хэний, ямар гараар зохицуулж байгаа нь мэдэгдэхгүй өдөр ирэх тутам хятад руу туугдаж байгаа мэт харагдана. Төр иргэдийнхээ гар, хөлийг баглаж, хүлээгүй бол монголчууд шиг хөдөлмөрч, баялагтай улс энэ дэлхийд байхгүй гэдэг. Эрдэнэтийн шороог худалдаж авч үйлдвэр байгуулах гээд Алтанхуяг гэдэг залуу дөрвөн жил түшмэдүүдэд доромжлуулж явна. “Хэт” гэдэг компани нефтийн үйлдвэр байгуулах гэж таван жил хэдэн сайд нарын нүүрийг үзлээ. Батсүх гэдэг залуу нүүрснээс түлш гаргах гээд энэ насныхаа талыг барж байна. Хувийн авиа компаниуд тийзний үнийг бууруулах гэж төрөөс гурван жил гуйж байна. Энэ бүхэнд сохор, дүлий мэт хандаж байгаа эх орончид дэлхийн жишигт нийцсэн ганц хөрөнгө оруулалтыг хялайж, ард түмний нэрээр ямар нэгэн юм зуух гээд байгаа мэт хардлага төрүүлж байна. Өвөг дээдсээс өвлүүлсэн буян монголчуудыг сэгэн дээр овоорсон тас шиг, хоёр толгой дээр хэмлэлцүүлэх учиргүй. 50 сая малынхаа түүхий эдийг боловсруулж чадвал хэдэн толгойгоос ч илүү ашиг олж болохыг захын нэг оюутан тооцоод гаргаж байна. Хэдхэн том үйлдвэр байгуулаад, түүхий эдээ боловсруулаад Зүүн өмнөд Азид гаргачихвал нам, хөдөлгөөн байгуулж эрхэм гишүүн хоч зүүснээс илүү ашиг олох боломжтой. Монголын эдийн засаг аль ч өнцгөөс харсан хятадуудад ашигтай тогтолцоонд шилжсэн. Харин оросуудын хувьд таатай биш байгаа нь нууц биш. Монголд ирсэн анхны дипломат мэрэгжилтэй Элчин сайд В.Самойленко өмнөх сайдуудаас ялгаатай нь манай хэрэгт оролцдоггүй. Энэ бол таатай нөхцөл. Таван толгойг хамгийн үр дүнтэй ашиглахын тулд зайлшгүй оросуудтай хамтрах шаардлагатай. ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад элссэн гадаад худалдааны алдагдлыг бууруулна. Гэхдээ алдагдал 2016 он хүртэл өндөр хэвээр үргэлжлэнэ. Хөгжиж байгаа аль ч оронд тохиолддог энгийн үзэгдэл. ОХУ-ын төмөр зам, махны зах зээл л монголд нээгдэхэд бид хангалттай ашиг олно. Харамсалтай нь монгол үйлдвэрлэл гэдэг нь баялагаа ухаад, хятадуудад хямдхан худалддаг технологи болж хувирсан. Эцэст нь монголчууд улаанаар эргэсэн усгүй цөлтэй л хоцроно. Гадны нэгэн сэтгүүлчийн яриагаар бол монгол шиг цөөн хүн амтай, уудам газар нутагтай оронд жижиг үйлдвэрлэл ашиг олохгүй. 100 жилийн өмнө бол энэ монголчуудын амьжиргааны сонгодог загвар байсан. Өнөөгийн даяаршсан эдийн засагт бол хөгжлийн хамгийн чөдөр тушаа нь амиа аргацаасан мануфактур үйлдвэрлэл аж. Судалгаагаар монголд байгуулсан томоохон үйлдвэрийн ажилчдын цалин дунджаар 1500 ам.доллар байх боломжтой. Төр ийм үйлдвэрүүдийг байгуулаад иргэддээ хувь-цаагаар хувьчилж болно. Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл, түүхий эдийн боловс¬руулалтыг ч ийм хэлбэрээр зохион байгуулж болно. Залуус үйлдвэрт ажиллаж, цалингаа хүртэнэ. Монголчууд үйлдвэрээс хувь хүртэнэ. Хоёр жил ажилласан залуус байрны мөнгө, гадаадад суралцах зардлаа босгоно. Хэдэн жилийн өмнө “Ройтер” агентлагийн Бээжин дэхь сурвалжлагч монгол үйлдвэрлэлийн загварыг ингэж тодорхойлж байсан юм.
Үнэгүй бяслаг
ОХУ-ын төмөр замын ван В.Кириенко нэг удаа “Үнэгүй бяслаг хавханд байдаг” гэж сургамж айлдсан. Зах зээлийн эдийн засгийн зарчим мөн боловч тухайн үедээ улс төрийн утгаар хэлсэн байдаг. Монголчууд дэлхийн зах зээлд нэгдэх сонирхолтой байгаа бол энэ зарчмыг хүлээн зөвшөөрөхөөс өөр гарц байхгүй. Төр эхний ээлжинд, иргэдийн хүний аюулгүй байдалд нөлөөлөхгүй аливаа бизнесийг хуулиар хамгаалах үүрэгтэй. Сингапурын эдийн засгийн 70 хувь нь энэ зарчимаар тэжээгдэж байна. Тус улсын иргэд бизнесийн эрх чөлөө, орлогын хэмжээгээр дэлхийд тэргүүлнэ. Бизнесийг хамгаална гэдэг ойлголтод бараа, үйлчилгээнийг үнийг чөлөөтэй байлгах үүргийг төр хүлээнэ. Хэн нэгэн залхуу этгээд нөгөө нэгнийхээ бараа, үйлчилгээг үнэ тогтоож авах оролдлогыг төр таслан зогсоох эрхийг төр эдэлнэ. Энэ бүхнийг бизнесийн таатай орчин гэж нэрлэнэ. Дэлхий өнөөдөр монголчуудыг зах зээлийн эдийн засагт шилжсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь дарга, сэтгүүлч хоёр чөлөөт үнийг хориглосоор ирсэн. Энэ хэрээрээ гадаадын жолооч нар сарынхаа цалингаар монголд бизнес хийх боломж бүрдсэн. Тэр хэрээрээ монгол үйлдвэрлэл бий болдоггүй. Хүний юмыг үнэгүй авдаг коммунист зарчим монголд үргэлжилж байгаа нь өнөөг хүртэл зүү хийх чадваргүй монголчууд л эх орондоо үлдэхэд хүргэсэн. Үнэ өсөх хэцүү. Тэр тусмаа орлого багатай иргэдэд хүнд тусна. Гэхдээ зах зээлийн эдийн засаг нь үйлдвэрлэл тэлэх хөшүүрэг болсон чөлөөт үнийг хориглохыг зөвшөөрдөггүй. Дэлхий хямарч байхад Герман, Сингапурын эдийн засаг өсөлттэй байна. Энэ нь үнийг төр биш чөлөөт өрсөлдөөнөр зохицуулсаны үр дүн гэнэ. Мах, байрны үнэ өндөр байгаа тухай өдөр, шөнөгүй гомдоллож байна. Үнийг зөвшөөрөхгүй бол өөрөө хонь хариулах, байшин барьж суухаас өөр зам байхгүй. 50 сая малыг хараад хүн бүр үнэгүй мах идэх ёстой юм гэнэ. Талаар нэг тарсан 50 сая малын махны үнэ хэзээ ч буурахгүй. Тархай бутархай тарьсан ногооны үнэ ч буурахгүй. 50 мянган малтай дөрөвхөн аж ахуйн нэгж байгуулагдвал маргааш нь махны үнэ шалдаа бууна. Худалдан авах чадварыг нэмэгдүүлэх ганцхан арга л байдаг. Үйлдвэрлэлийн өрсөлдөөнийг бизнесийн орчинг сайжруулах. Энэ нь бараа, үйлчилгээний үнийг бууруулах цорын ганц эрүүл арга. Бусад бүх арга, хэрэгсэл коммунист зарчимд тооцогддог. Нөгөө талдаа иргэдэд ашиг олох боломжийг нэмэгдүүлэх боломж олгох. Ингэснээр иргэд өөрсдийг болон хүний хөдөлмөрийг үнэлж сурна. Энэ нөхцөл өнөөдөр монголд алга. Шинэчлэгчид хэрэв энэ эрхийг ард түмэндээ бэлэглэвэл монголчууд социализмаас ангижрана. Тэгж чадвал монголчууд дэлхийд мянган жилийн өмнөх Чингэсээр овоглохгүй. Төрсөн эцэг, эхийнхээ нэрээр дэлхийд танигдаж чадна.
Х.Баттөгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ