
Монголчууд Чингисийн үед авлига авч байсан тухай баримт байдаг. Италийн жуулчин М.Поло “Тэд аар, саар жижиг юманд саад хийж, бэлэг сэлт нэхэх нь энгийн үзэгдэл” гэж бичжээ.
1918 онд монголын хязгаарын түшмэдүүд Богд хааны зөвшөөрөлгүйгээр манжуудаас цалин пүнлүү авч байсан гэдэг. “Хаанаас биш, манжуудаас гарз гарч байгаа нь санаа зовох зүйл биш” гэж тэд өөрсдийгөө зөвтгөж байсан аж. Социализмын үед иргэд ажлаа бүтээх гэж хэн нэгэнд ганц нэг шил архи өгнө. Түүнийгээ “шовгор” гэж нэрлэнэ. Хөрөнгөгүй нийгмийн авлигын хэмжээ нэг шил архи. Гэхдээ өнөөдөр хэн нэг нь 5000 төгрөгийн авлига авсан гэвэл, хошигнож байна гэж ойлгоно. Өнөөг хүртэл Баатарын гэх 100 сая төгрөгийн хэмжээтэй авлигын хэрэг л илэрсэн.
Энхбаярын гэх хэрэг шүүхээр явж байгаа боловч, шүүгдэгч, шүүх хоёрын хэн хүчтэй нь мэдэгдэхгүй болж байна. Эндээс авлига гэж юу вэ гэсэн асуулт гарна. Тэр яаж төрдөг. Яагаад хуулиас хүчтэй байдаг, хэнд халгаатай, хэнд ашигтай вэ гэсэн асуултын хариу монголд байдаггүй. Сингапурт энэ бүхний хариулт байдаг учраас иргэд авлигыг нийтээр жигшиж сурчээ. Монголчуудын авлигын тухай ойлголт маш ерөнхий. Хэн нэг нь ажлаа бүтээх гээд мөнгө өгөхийг авлига гэж ойлгож байна. Харин Сингапур, Англи, Герман зэрэг орнуудад авлигыг хуулийг устгагч эрх чөлөөг булаагч, ядуурал, өвчлөл, гэмт хэргийн голомт хэмээн ойлгоно.
Авлига хуулийг дэвссэнээр таны охиныг хэн дуртай нь эзэгнэж, хүүгий чинь хэн хүчтэй нь алчихаад, гудмаар инээмсэглэж явах орчин бүрдэнэ. Авлигачдын таашаал таны там болж хувирна. Гэхдээ монгол шиг боловсролын түвшин өндөр оронд, Африкийн орнууд шиг өдөр шөнөгүй хүчиндэж, хядаад байдаггүй. Гэхдээ л олон иргэн хөрөнгө мөнгөний өмнө хүчгүйдсэн тухай цөөнгүй мэдээ бий. Хамгийн сүүлийн жишээ бол согтуугаар өсвөр насны хүүхэд дайрч алсан жолооч дөрвөн жилийн ял авч байх жишээтэй. Хэн ч жолооч шүүгчид авлига өгсөнийг хараагүй. Гэхдээ нийтэд авлига авсан учраас шүүгч жолоочид хөнгөн ял өгсөн гэдэг хар төрнө. Авлига хуулиас хүчтэй гэсэн ойлголт түмэнд баталгаажна. Хэргийн учир авлигыг илрүүлэх хуулийн орчин сул. Харин шүүгчийн эрхээ эдлэх баталгаа хуулиар хангагдсан. Авлига өгсөн, авсандаа хангалттай ашиг өгнө.
Одоогийн мөрдөж байгаа хуулиар газар дээрээ баригдаагүй тас гүрийгээд хэвтээд байхад, аваагүй л мэт сэтгэгдэл нийтэд төрүүлнэ. Гэтэл авлигатай тэмцэж туршлагажсан орнуудад үйлдлээр биш, эцсийн үр дүнгээр хэрэг мөрдөнө. Жишээлбэл хэн нэгэн нөхөр давуу эрхээр зочид буудал хусчихаж. Давуу нөхөр улстөрч давуу эрх эдэлсэн нь л авлигын юм уу айлган сүрдүүлэлтийн хэрэг байж таарна. Бүр сэжигтэй нь өтийн чинээ ашиггүй байшинд зааны чинээ хөрөнгө оруулаад, нугалсан их ногоон олсон гэж бодъё. Энэ нь эсвэл буудлын менежер санаатайгаар дампуурсан. Эсвэл хөрөнгө оруулагч шидэт саваатай байсан болж таарна.
Буудлыг ашиггүй тохиолдолд дуудлагаар худалдаад гэр хорооллын цахилгаангүй айлуудад шугам татсан бол ямар ч авлигын тухай асуудал босохгүй. Энэ нь авлига нийгмийн хамгийн эмзэг хэсэгт хамгийн хүндээр тусдагийн жишээ. Тэр тусмаа эзэнгүй буюу төрийн мөнгө л авлигыг төрүүлдэгийг батална. Эндээс харвал авлига гэдэг нь хэдэн 100 мянган ногоон биш. Түүгээр ч зогсохгүй хэн цүнх барьсан шуналтан ч биш. Төрийн албыг ашиглаж байгуулсан бүхэл бүтэн цогц сүлжээ л болж таарч байна.
Хүрээ авилга устах уу
Аль ч улсын нийслэлээс л сайн муу эхэлдэг гэдэг. Тусгаар тогтнолын, ардын, ардчилсан хувьсгалууд, авлига, хар тамхины хэргийг бас л нийслэл тэргүүлж байна. Хачирхалтай нь нийслэлийн хэмжээнд илэрсэн томоохон авлигын хэрэг алга. Гэтэл саяхны барилгын ослын дараа нийслэлд авлигатай тэмцэх ямар ч боломж байхгүй нь харагдав. АИХ, УИХ-д даналздаг Э.Бат-Үүл баатар нийслэлийн цахилгааны байцаагчид дарлуулж сууна. Ямар ч хуульгүйгээр баригдсан барилгыг журамлах гэтэл УИХ, Засгийн газрын гишүүнээсээ эхлээд намын дээд, дунд шатны бүлгүүд эрх мэдлийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг жадлан эсэргүүцэж эхлэв. Сүүлийн таван жилд 125 иргэн барилгын ослоор амиа алдсан. Тэдний ихэнх нь зөвшөөрөлгүй барилга дээр гарсан хэрэг. Зөвшөөрөлгүй барилга барих нь сохор, дүлий хүн мэдрэхээр гэмт хэрэг. Хамгийн тодорхой хууль зөрчих үзэгдэл.
Шүүх, цагдаа шаардлагагүй. Засаг даргын захирамжаар л цэгцэлчих асуудал. Гэтэл нийслэлийн засаг, захиргааны бүтэц, МАН-ын зохион байгуулалттай эсэргүүцэл, ил далд хууль бус үйлдлийн хамсаатан болсон нийгмийн давхаргууд нэгдэж хуулийн хэрэгжилтийг эсэргүүцэх ажиллагаа явуулж байна. Дээд шатандаа шүүхийг эсэргүүцэх ил, далд ажиллагаа нэгдэж байгаа бол дунд шатандаа эдийн засгийн хэмжээгүй эрхээр хуульд ноёрхлоо тогтоох гэсэн бүлэглэлүүд идсэн уусан нь илчлэгдэхээс айж нойргүй хонож байна. Эдгээр бүлэглэлд хууль бусаар барьсан байшин нурах эсэх нь огт хамаагүй. Хууль хэрэгжээд эхэлбэл тэд байшинчдын хойноос дээлээ нөмөрнө.
Зарим хүн хувийн өмчид халдах тухай ярьж байна. 90 шахам хүний өмчийн тухай асуудал. Гэтэл гурван сая шахам монголчуудын 20 гаруй жил тэмцэж олсон хуульт төрийг энэ хэдэн хувийн өмчтөний хууль зөрчсөн үйлдлээр арилжих эрх хэнд ч байхгүй. Хэн ч хэн нэгнийг албадаж өлсгөлөн зарлуулдаггүй. Түүнтэй адил ямар ч бизнесмен сайн дураараа хууль бус хөрөнгө оруулалт хийдэггүй. Тэгэхээр хууль зөрчиж барилгад оруулсан хөрөнгийг хувийн өмч гэж үзэж таарахгүй. Хуульт төрийг сөрж, мөнгө угаах оролдлого гэвэл үнэнд нийцнэ. Цагтаа шүүх, хуулийг дээдлэх ёстой гэдэг байсан хууль өнөөдөр шүүхийг харлуулж, ухаан санаа самуурсан мэт балайрч явна. Тэр ч бас хууль, шүүхийг шүүх, эсэргүүцэх сүлжээтэй, хөрөнгөтэй болсон харагдаж байна.
Шударга хөдөлмөрөөр олсон мөнгө хэзээ ч хуулийн эсрэг явдаггүй гэнэ. Шударга бусаар хэр их мөнгө босгоно, тэр хэмжээгээр хуульт төр хүчин мөхөсдөнө. Өнөөгийн нийслэлийн төр гэдэг нь захын нэг цахилгаан тасалдаг байцаагчийн өмнө хүчин мөхөсдөж байна. Тэгэхээр нийслэлд хуримтлагдсан их хэмжээний мөнгө, тэр тусмаа хууль бусаар барилгад оруулсан хөрөнгийг хувийн өмч гэхэд хэцүү. Учир нь нэг нам, тус намын төрд шургалсан этгээдүүд хамгаалж байгаа. Дампуурсан банкин дахь иргэдийн хадгаламж, ХЗХ-ны хохирогчдын мөнгө, Бөмбөгөр худалдааны төвийн хохирогчдын хөрөнгийг нэг нам хамгаалж байгаагүй. Хохирогчид өөрсдөө гүйсээр өдий хүрсэн. Хууль бус барилгыг хувийн өмч хэмээн хамгаалах шалтаг гаргаж байгаа нь нийслэлд үүссэн хамгийн том хар мөнгө илрэхээс л айсан, хамгаалалтын хэрэгсэл юм. Барилгуудыг өчиггүй нураах ёстой. Ингэж чадвал хуульт төр баталгаажна. Эс бөгөөс хэн булчинтай нь, их хулгайлсан нь хүний нийгэмд дуулдаагүй хүчирхийллийг удахгүй монголд тогтооно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ