
Өнгөрсөн ням гаригт Богд ууланд гараад ирлээ, мөн ч сайхан байнаа. Уулын голын хоржигноон, өнгөнөөсөө шарлаж эхэлсэн өвс ногоо, навчсаа гөвж буй модод, бяцхан хэрэм, хэрэмний дуртай самар гээд л. Ингэж байгалиа мэдрээд алхах шиг сайхан амралт алга. Бас нэг сайхан санагдсан зүйл нь манайхан ёстой мундаг спортлог болчихож. Амралт чөлөөт цагаа эрүүл мэнддээ ашиг тустайгаар өнгөрөөх гоё, гоё аргуудыг олчихож. Жишээ нь залуус найзуудтайгаа, хосоороо, бүр ганцаараа хүртэл уул хадаар их явдаг юм байна. Бүр зохион байгуулалтад орж явган аяллын клуб болж нэгдсэн алхагчид ч байх юм.
Нэгдүгээрт явган аяллын клубт нэгдэх их амархан юм байна. Миний явсан нь “Монгол хайкинг” гээд клуб л дээ. Ням гариг бүр 11.40 цагаас 120-ийн “Jetro” дэлгүүрийн өмнө цуглаад алхалтаа эхэлдэг юм билээ. Яг энэ цагт нь баахан үүргэвчтэй хүмүүс дээр ирээд л би та нартай хамт алхах гэсэн юм гэхэд сүлжээчид шиг эелдгээр угтана. Сүлжээчдээс ялгаатай нь мөнгө босгох талаар ярихгүй. Ерөөсөө л бид эрүүл мэндийнхээ төлөө нэгддэг гэнэ. Алхаад үз, эхний алхалтад юунд явчихваа гэж бодогдоно, дараагийнхаас ууланд дурлаж эхэлнэ гээд л сайхан тайлбарлаад өгчихнө.
Зайсангийн цагдаагийн хэлтсийнхнийг амраадаггүй Богдхан гээд амралтын газар байдаг даа. Тэр амралтын газрыг өгсөөд алхдаг юм байна. Ингээд алхахад хөгшин залуу, таягтай таяггүй, бүр хэдхэн сартай нялх хүүхдээ тэвэрсэн хүн ч таарлаа. Ер нь бидний нэрлэдгээр томчууд их алхдаг юм байна. Нефтийн компанийн босс хүртэл гэр бүлээрээ таатай нь аргагүй алхаж явна. Ингээд харахаар эрүүл мэндээ хадгалахыг хичээж байгаа хүн хэнээс ч илүү баян харагддаг юм байна. Бид 60-уулаа алхаж байхад нүдэн баримжаагаар 60-аар тогтохгүй олон хүн зөрсөн. Уулын гол дагаад дүүрэн хүн. Хүмүүсийн хоорондоо ярилцаж байхыг сонсоод байх нь ээ, ерөнхийдөө эрүүл амьдралын хэвшлийн яриа. Нас тогтсон хүмүүс голдуу одоо эрүүл мэндээ боддог цаг. 1990 оноос хойш талхны мөнгөний төлөө юун эрүүл мэнд, биеэ зовоож гүйцсэн гэхчлэн ярих юм.
Уулын сонирхлоор нэгддэг хэсэг байхад усны сонирхлоор нэгддэг нь ч байдаг юм байна. Уулынхныг бодвол усныхан арай “эротик”. Бусдад үзүүлж болохгүй биеийн хэсгүүдээ далдалчихаад л уулын голд орох нь орж, эрэг дээр хэвтэх нь хэвтэж байна. Гэхдээ хараад л өнгөрсөн болохоос яг яах гэж усанд булхаад байгааг нь лавтай мэдээгүй л дээ. Эрүүл мэндийн тал дээр л нэгдсэн хүмүүс байх.
“Сүхбаатарын талбай дээр гимнастиктай”
Уулын орой дээр тааваараа алхаад гарахад дундаа хоёр удаа амсхийгээд хоёр цаг л зарцуулдаг юм байна. Уулын тагт гэж ярьдаг даа, тэр хэсгийг явган аялагчид Сүхбаатарын талбай гээд нэрлэчихэж. Сүхбаатарын талбай дээр саатахдаа гимнастик хийнэ. Эхлээд монгол ёсолгоорхуу гараа дэлгэж зогсоод нарнаас энерги авах нь нэн таатай. Алга, хоёр нүдний хооронд халуу дүүгээд л. Аяллын ахлагчийн тайлбараар бол хоёр нүдний хооронд бэлгийн мэлмий бий. Яг тэр цэг болоод, хоёр алга халуу дүүгж байгааг мэдэрч байвал сайн гэсэн үг. Ингээд тогтсон гимнастикаа хийнэ дээ. Долоо хоногийн ажлын ядаргаа, хөдөлгөөний дутагдлаа арилгалаа шүү гэсэн итгэл үнэмшлийг энэ гимнастикийн дараа авдаг юм билээ.
Сүхбаатарын талбай дээр хүмүүс олноор саатах юм. Түүдэг асааж хоолоо болгож иднэ, нар ээвэл хэдэн цаг сайхан унтчихна. Бидний хажууханд гадаадын хэдэн аялагч ёстой тааваараа сууж байсан. Нэг нөхөр үүргэвчээ дэрлэчихсэн бүр хурхирч ч байх шиг.
Манай маршрут эндээсээ Богд уулын баруун оргил болох Баруун ширээ өөд гарах. Уулын орой дээгүүр явах нь өгсөхөөсөө хамаагүй амар. Угаасаа өгсөх нь, уруудах нь ч гэсэн тийм ч айхтар экстрем биш юм билээ. Яг дундаж аялагчдад зориулсан газраар, темпээр явж байгаа болохоор аахилж уухилаад сүйд болохгүй. Орчин үеийн хэллэгээр ёстой кайфтай явна. Хаашаа ч хамаагүй дэмий тэнэмээр хангай дэлхий минь ямар сайхан юм бэ.
Баруун ширээ оргил дээр бяцхан найр үүсгэдэг юм байна. Авчирсан хоолоо хольж сольж идэх найр. Миний юм минийх гээд урдаа тавьж байгаад идэхээс хамаагүй зугаатай. Ширээн дээрээ бүх хоолоо тавиад л, алив эндээс, одоо тэндээс гэхчлэн янз бүрийн хоолноос амтална. Ер нь энэ клуб өөрөө өөрсдөдөө аз жаргалыг бүтээж, тааламжтай явах их олон аргатай юмаа. Ядаж л бие биентэйгээ чин сэтгэлээсээ харилцах бичигдээгүй дүрэмтэй. Ууланд гарахын өмнө тойрч зогсоод тоогоо өгөхөөс эхлээд л энэ дүрэм хэрэгжинэ. Хүний нүд ихийг илэрхийлдэг юм, нүд нүдээ хараад инээж байгаад тоогоо өгөөрэй гэхчлэн. Бас доошоо уруудахдаа зогсдог онигооны мод гэж байдаг юм билээ. Онигоо ч ярина, шүлэг ч уншина. Дуулах хүсэлтэй бол дуулж ч болно.
Ширхэг чихрийн цаас, ганц ч тамхины ишгүй аялал
Энэ бүхнээс бүр хамгийн, хамгийн гэж тодотгомоор нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэл зүрхний асуудал. Хүмүүс явсаар байгаад тодорчихсон жимээр ганц чихрийн цаас, тамхины иш байхыг олж харсангүй. Аялагчид авч гарсан ундааны саваа аваад л бууна. Хүний хогийг хүртэл өөрийн юм шиг цүнхэлчихнэ. Хайкерууд уулын орой дээр тамхи татсан хүнийг 1000 төгрөгөөр торгох дүрэмтэй. Манай аяллаас лав таван тамхичин “дээшээ” матагдсан. Ер нь ингэж явахад айхтар үнэ өртөг ч орохгүй юм билээ. Гэртээ хоол цайгаа бэлдээд үүргэвчиндээ хийчихнэ. Цэвэр ус хүртэл авах шаардлагагүй. Уулын голын ус гэж сэнгэнэсэн сайхан ус хажууд бэлэн. Өвөл явахад бүр гоё гэсэн. Уг нь өвөл, цастайд, ууланд гэхээр сэтгэлд бол хөлдөж үхэх дайны юм бодогдож байгаа биз. Үгүй гэнэ, яг сайхан тааруулж хувцаслаад явбал бүр халууцдаг юм байх.
Өөрөө өөрсдөдөө аз жаргалыг бүтээх амархан байгаа биз дээ. Хэдэн зуун км зам, майхан сав, машин тэрэгтэй аяллын миний хувилбар. Тэгтлээ их хайсан тэр аз жаргалынхаа тэвэрт нь би өөрөө ямар их төөрөө вэ гэж дуу байдаг даа. Тэрэн шиг яаж амралтаа үр бүтээлтэй өнгөрөөе дөө гэж бодож байвал хажуунаасаа эрж хай, урд дүнхийх уул руугаа хараад, тэгээд гараад үз.
Гэхдээ энд ганц Богд уул руу гарах сайхан юм билээ гэж яриагүй шүү. Үүнийг амралтаа өнгөрөөх эрүүл жишээ болгож л онцолсон юм. Цаана чинь залуус ёстой аятайхан хувилбаруудыг гаргаж байна гэсэн. Шинэ ном үнэтэй, хуучин ном ховор болсон энэ үед номонд хорхойтой залуусын клуб гэж байна лээ. Сонирхлоороо нэгдсэн залуус хүн бага ордог хэд хэдэн газартай болчихсон, ганц кофе тавиад л бүхэл оройжин уншсан номоо ярих нь ярьж, солилцох нь солилцдог клуб. Кино сонирхогчдын клуб гэж бас бий. Ахмадууд хүртэл нэгдэж аялал зохиодог болчихоод байхад. Ахмадуудын аяллын клуб бараг аймаар гэж хэлж болохоор аяллын маршрут зохиодог юм билээ. Богд уулыг бүтэн тойроод ирлээ гээд бөөн баяр бахдал болсон хөгшидтэй таарч байсан юм байна.
Хайран газрыг яйран болгожээ
Нээрээ уулнаас уруудах тусам уур хүрлээ. Угаар үнэртээд л. Тэгээд уулын амын амралт руу ороод ирсэн бүр гутарлаа. Гэр гэхэд гэр биш, цагаан бүрээс нь салбайчихсан, гамшгийн хэдэн гэр хэлбэртэй оромж байна. Уг нь энэ амралтын эхний шийдэл нь их л гоё байж. Гэр тэрэг тэгээд тэрэгний үхэр хийсэн бололтой юм. Өнгө зүс нь алдаад, шавар шохой нь хуулраад аймшгийн кинон дээр гардаг амьтан шиг л болчихож. Бүрэнхийд бол жинхнээсээ аймаар. Нойлын ч уу, юуных нь мэдэхгүй өмхий үнэртэж байна гэж юүхэв. Газраар дүүрэн хог. Тийм сайхан байршилтай амралтыг өөд нь татаад гэр бүлийн амралт болговол уушгиа амраах гэсэн хүмүүс цувна даа.

Монгол хайкинг клубийнхэн

Угжтай аялагч

Л.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ