Төсвийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Өмнөх өдрийн хуралдаанаар гишүүд асуулт асууж хариулт авсан бөгөөд энэ өдрийн хуралдаанаар саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Төсвийг хийхдээ шинэ агуулгаар хардаг болмоор байна. Хүн төвтэй юмуу, мөнгө төвтэй юмуу, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалж чадаж байна уу үгүй юу. Олигархиуд, зах зээлийн монополийг дэмждэг төсөв болчихсон уу, үгүй юу гэдгийг хардаг болмоор байна. Залуу гэр бүлийг дэмжих үү, шударга ёс руу чиглэсэн үү гэдгийг тодорхой хармаар байна. Төсөв нэлээн өөдрөг маягаар хийгдэж байна. Гэхдээ хүн төвтэй, үнэт зүйл рүү чиглэсэн төсөв гэж хэлж чадахгүй байна. Далд эдийн засагтай хэрхэн тэмцэх нь харагдахгүй байна хэмээлээ.
Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Шинэчлэл нэрээр хуулиас гадуур зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Энэ төсөв анхааруулштай сайн талууд байна. Гэхдээ ард иргэд, хүндээ хандсан төсөв болж чадаагүй гэдгийг хэлмээр байна. Зарим арга хэмжээнээс ухрах хандлагатай болжээ. Эмч, багш нарын цалин, хөнгөлөлт арга хэмжээг хасах байдалтай байна хэмээн шүүмжилсэн.
УИХ-ын гишүүн М.Зоригт, Дөрвөн жилд бид дөрвөн удаа төсөв батална. Үүнээс гадна энэ дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн тав дахь төсвийг баталдаг болох хэрэгтэй гэсэн санааг би дэмжиж байгаа. Тав дахь төсөв рүү гишүүд илүү анхаарлаа хандуулмаар байна гэж хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Жилд 65.000 эх амарждаг гэсэн тоо байдаг. Хүүхдийг дэмжих бодлогын үрээр амаржих эхийн тоо 75.000 болж өсч магадгүй. Гэтэл шинэ иргэдээ хүлээн авахад зориулсан зардал төсөвлөдөггүй. Түүнийг төсөвтөө суулгаж өгөөч гэж хүсч байна гэлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Хадгаламжийн хүүгийн орлогыг татвараас чөлөөлөх тухай хуулийг эргэж хармаар байна. Бүх зүйлийг ам.доллартай уядагаа болимоор байна. Төгрөгийн хадгаламжийг түлхүү дэмжмээр байгаа юм. 100 сая төгрөгтэй тэнцэх төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авдаг. Харин иргэд төгрөгөөр биш, ам.доллараар мөнгөө хадгалуулах сонирхолтой байдаг. Дээрх хуульд өөрчлөлт оруулан 100 мянган доллар биш 30.000 ам.доллартай тэнцэх хадгаламжийн хүүгээс татвар авдаг болгон өөрчилбөл иргэд төгрөгөөр хадгаламж эзэмших сонирхолтой болно гэж бодож байна гэж хэлсэн.
УИХ-ын гишүүн М.Батчимэг, Хятадын эдийн засаг хүндэрч байна. 2013 онд санхүү, эдийн засгийн хямрал болно гэдгийг Хятадын удирдлага ч хүлээн зөвшөөрч байгаа. Ажилгүйдэл, нийгмийн тогтворгүй байдлаас харахад эдийн засгийн өсөлт нь 6 хувьд хүрвэл эдийн засаг сүйрнэ гэж эрдэмтэд хэлж байгаа. Европын эдийн засаг, АНУ-ын эдийн засаг сэргэхгүй бол Хятадын эдийн засаг мөддөө босч ирэхгүй. Улстөрийн нөхцөл байдал ч хүндэрч мэдэхээр байна. Үүнийг төсөв хийж байгаа хүмүүс анхаарч тооцож үзэж байгаа байх. Бид хямралд бэлдэж, зах зээлээ тэлэх бодлого барих ёстой. Гуравдагч зах зээлд гарахын тулд хөрш орнуудтайгаа яриа хэлэлцээг эхлүүлэх нь зүйтэй. Сүүлийн үед гишүүдээс бэлэн мөнгө тараахыг шаардах нь ихэслээ. Энэ үйлдэл ард түмний амьдралыг өөд нь татах биш, улам унагаана. Ард түмнээ өмчтэй, ажлын байртай болгох, өөрсдөө амьдралаа аваад явж чаддаг болгох нь зүйтэй. Мөнгө тараахгүй байх бодлогоо барьж явах хэрэгтэй гэж байлаа.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Энэ удаагийн төсвийг шинэчлэлийн гэж хэлэх зүйл бага байна. Бодлогоо зангидаж чадаагүй төсөв болжээ гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Энхболд, Төсөв боловсруулахдаа их хариуцлагагүй ханджээ. Төсвийн төслийг буцаах үндэслэлтэй гэсэн санал хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, 2013 оны дэлхийн эдийн засгийн хямралыг тооцсон байгаа. 2013 онд сул мөнгө байж болохгүй, хавтгайрсан мөнгө тараах зүйл бүр ч байж таарахгүй. Бүсээ чангалан бүгд хөдөлмөрлөх ёстой. Шинэчлэлийн олон үйл ажиллагааг энэ Засгийн газар хийж байгаа. Уул уурхай, газрын тосны салбарт олон зүйл хийх гээд ажиллаж байна. Үйлдвэрлэлийг дэмжих чиглэл рүү явж, хөрөнгө оруулалтад анхаарч байна. Их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэж байна. Засгийн газар зоригтой ажиллах ёстой. ЖДҮ-ийг дэмжих хөнгөлөлтийн асуудлыг хэвээр үлдээх Гишүүдийн хөрөнгө оруулалтын тэрбум төгрөгийг зогсоож байгаа. Төсөвт эргэж харах зүйл байгааг ч хүлээн зөвшөөрч байна хэмээсэн. Гишүүд ийнхүү саналаа хэлж дуусан Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Үүний дараа “Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Уг тогтоолын төсөлд УИХ-д өргөн мэдүүлэгдсэн боловч Улсын Их Хурлын 5 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж амжаагүй зарим хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах тухай тусгасан бөгөөд уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн юм.
Зургаа дахь удаагийн сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ ажиллаж эхэлснээс хойшхи хугацаанд өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд өргөн мэдүүлэгдсэн төслүүдээс шинэ Засгийн газар 33 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг татан аваад байгаа аж.
Тус Байнгын хороо өргөн мэдүүлэгдээд шийдвэрлэгдээгүй байгаа нийт 34 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн заримынх нь хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын саналыг авах шаардлагатай гэж үзжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хорооны дарга Ш.Түвдэндорж танилцуулсны дараа гишүүд асуулт асууж эхэлсэн. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, хуулийн төсөл санаачилсан гишүүнээс санал авалгүйгээр буцаах тухай шийдэж болохгүй. Гэр бүлийн хариуцлагыг чангатган, хүүхдийн эрхийг хангахаар Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслийг буцаан татмааргүй байна. Төрийн албаныб тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль байгаа. Гадаадад сайн боловсрол эзэмшсэн залуучууд төрийн албан хаших боломжгүй байдаг. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулан мэдлэг боловсролтой залуусыг төрдөө ажиллуулах зохицуулалтыг хийх учиртай юм. Эдгээр хуулийн төслийг яагаад буцаах болсон юм бэ хэмээн лавласан.
Тус байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийн тайлбарласнаар Гэр бүлийн хууль болон Төрийн албаны тухай хуулийн хувьд хууль санаачилсан гишүүдийн олонхийнх нь УИХ-ын гишүүн байх бүрэн эрхийн хугацаа дууссан учир төсөл санаачлагчдад буцааж байгаа ажээ. Хэд хэдэн гишүүн хэлэлцэх шаардлагатай хуулийн төслийг буцааж байгаад шүүмжлэлтэй хандсан бөгөөд эцэст нь Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж энэхүү асуудлыг байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцээд оруулж ирэх горимын санал гаргасныг гишүүдийн олонхи дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ