Н.Батцэрэг: Мега төслүүд суперэтносыг төрүүлнэ

-УИХ ирэх жилийн төсөв, мөнгөний бодлого хэлэлцэж эхэллээ. Таны бодлоор шинэчлэлийн Засгийн газар хир шинэчлэл дагуулахаар төсөв өргөн барьсан бэ. Ер нь ирэх жилийн эдийн засгийн байдлаа яаж харж байна. Хямрал нүүрлэж байгаа талаар дээр доргүй ярьж эхэллээ?
-Ер нь хөнжлийнхөө хирээр хөлөө жийсэн л төсөв өргөн барьсан гэж хэлж болно. Шинэчлэлийн гэдэг талаас нь харвал өнгөрсөн жилүүдийн үрэлгэн төсвийн инерци хадгалагдсан, төсвийн хууль бичигдсэн формат ч хуучинсаг тал байгаа. Мөн орлого талд үр дүн нь тодорхой бус байдалтай байгаа, хэлэлцээрээр шийдэгдэх асуудлыг урьдчилан төлөвлөсөн л харагдсан. Гэхдээ юманд их бодитой хандвал өөрөөр байх аргагүй байсан болов уу. Засгийн газар, сангийн яам үндсэндээ 50 хоногийн дотор хоёр төсөв өргөн барилаа шүү дээ. Хямралын хувьд бол 2008 оны сонгуулийн дараа АНУ-аас эхэлсэн санхүүгийн хямрал дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж байсан үед тухайн үеийн УИХ 1,5 их наяд төгрөгийн санхүүжилт баталж төрийн албан хаагчдын орон сууцны зээлийн хөтөлбөр гэх мэт бүтээн байгуулалт эхлүүлж байсан байдаг. Тэр үеийн хямрал манай улсад тийм ч их хүчтэй нөлөө үзүүлээгүй. Гол шалтгаан нь дэлхийг хямралаас чирж гаргасан БНХАУ манай хөрш байгаатай холбоотой. Энэ удаагийн Евро зоны өрийн дарамтаас үүссэн хямрал бол харин Хятадын эдийн засгийн өсөлтийг сааруулж байна. Үүгээрээ манайд илүү хүчтэй нөлөөлөлтэй байх магадлалтай байна.
-Ийм үед эдийн засгийнхаа хөгжил төлөвлөлтөд яаж хандах ёстой гэж та үзэж байна вэ?
-Миний бодлоор эдийн засаг маань яаж хөгжихийг бүс нутаг, тив, дэлхийн эдийн засгийн түвшинд харж төлөвлөх хэрэгтэй. Энэ үүднээс дунд, урт хугацааны маш ойлгомжтой, тодорхой дэс дараалалтай стратеги хөтөлбөр гаргах хэрэгтэй юм. Ер нь бол зах зээлийн эдийн засгийн үед бүхнийг эрэлт нийлүүлэлт, “Далд гар” зохицуулчихдаг гэсэн хэтэрхий гэнэн ойлголтоосоо салж өнгөрсөн 20 жилдээ дүн шинжилгээ хийх хэрэгтэй байгаа. Монгол орныхоо байрлал, онцлог зэргийг зөв тооцож давуу байдлаа ашиглаж сурах хэрэгтэй байна. Мөн бодлого гаргадаг, хэрэгжүүлдэг төрийн институцуудынхаа чадамжийг эрс дээшлүүлэх ёстой. Ер нь бол хямрал гэж өөрсдийгөө хямраалгүй эдийн засгийнхаа хөгжлийн ойлголт, хандлагаа өөрчлөх нь зүйтэй юм.
-Шинэчлэлийн Засгийн газарт хөгжил төлөвлөлтийн тийм чадамж, шинэ хандлага байна гэж та харж байна уу?
-Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулсан нь хөгжилдөө алсын хараа суулгах гэж л байгуулсан. Би хувьдаа тийм итгэл үнэмшилтэй л энэ шийдвэрийг гаргахад оролцсон. Бас нэг онцолж хэлмээр зүйл бол саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндэсний олон нийтийн телевизийн ярилцлаганд орж байх үедээ төмөр зам, аж үйлдвэрийн паркийн цогцолбор, шинэ цахилгаан станц гэх мэт том бүтээн байгуулалтуудыг эхлүүлэхээ мэдэгдсэн. “Монголчууд бид дөрөв, таван тэрбум долларын өртөгтэй мега төслүүдийг хэрэгжүүлэх цаг үед ирлээ” гэж хэлнэ билээ. Үнэхээр энэ бол маш том ажил. Бүр түүхэн шийдвэр гэж хэлмээр байна.
Мега төсөл гэж урьд нь ярьж байгаагүй содон сонсогдож байна. Тодруулбал?
-Манай намынхан хэдэн жилийн өмнөөс хөгжилдөө алсын хараа суулгах, үндэсний эдийн засгаа босгохын тулд асуудалдаа иж бүрэн төлөвлөлттэй хандах хэрэгтэй байгаа тухай байнга ярьдаг л байсан. Мегапроект бол үндэсний эдийн засгийг босгож ирэх үүнийгээ дагаад нийгмийг хөгжлийн шинэ эрэмбэнд аваачих, чухамдаа түүхэн ач холбогдолтой юм. Мега гэж 1 тэрбум доллараас давсан санхүүжилт шаардсан төслүүдийг хэлдэг. Ийм төслүүд улс төр, геополитикийн зөв тооцоо олон улсын үр ашигтай түншлэлийн үр дүнд л хэрэгжиж чадна. Энэ утгаараа биднээс олон шинэ зүйлүүдийг шаардана, бид олон шинэ зүйлүүдийг өөртөө бий болгоно. Үр дүнд нь ардчилал бэхжиж үндэсний эрх ашиг хангагдана. Ажилгүйдэл, ядуурал гэсэн олон жилээр шийдэж чадахгүй байгаа шаналгаатай асуудлуудыг бүрэн шийдэх бололцоотой болно. Жинхэнэ утгаараа үндэстний шинэ цагийн хөрөнгөтнүүд төрнө. Техникийн, стандартын, төлөвлөлтийг ягштал баримтлах гэх мэтчилэн бидэнд дутагдаад байдаг шинэ соёл, ухамсар төлөвшинө. Тэгээд бүхэлд нь авч үзвэл “Бид бүтээж чадна, хийж чадна, өрсөлдөж чадна” гэсэн амбицтай, итгэлтэй бусдын гар харах биш өөрсдөө цогцлоох тэмүүлэлтэй үндэстэн болно. Монголчууд жинхэнэ супер этносын төвшинд очно гэсэн үг. Энэ талаар дараа дэлгэрэнгүй ярилцлага өгье.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ